© Ардчилсан нам. 2011-2021
2020/11/24 / Үйл явдал

Ардчилсан намын бүлэг цахимаар хуралдав


УИХ дахь Ардчилсан намын бүлэг короновируст халдвар тархаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан  ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгууллаа.

Өнөөдрийн /2020.11.23/ хуралдаанаар

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл,

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон

-Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дээрх хуулийн төслүүдийг дэмжихэд санал нэгдэв.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл хууль зүйн техникийн болон утга найруулгын алдаа ихтэй, бусад хууль тогтоомжуудтай уялдуулах шаардлагатай, хоорондоо зөрчилтэй байна. Иймд эдгээр зөрчлийг засч сайжруулаад хэлэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн цар тахал эрчимтэй тархаж буй өнөө үед дэлхийн зах зээлд цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн нийлүүлэлт саарч үнэ өссөн. Үүнтэй холбоотой улс орнууд хилээ хаах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих зэрэг арга хэмжээ авч байна. Манай улс ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, өвөл хаврыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөл үүслээ. Тиймээс дээрх төрлийн барааг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжиж байна.

Дээрх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээс гадна эмнэлгийн зориулалтын нэг удаагийн бээлий, амны хаалт, цар тахлаас хамгаалах хэрэгслийг ч нэмж оруулах ёстой гэж гишүүд үзэв. Учир нь нэг удаагийн бээлийний нөөц улсын хэмжээнд дууссан, ялангуяа хөдөө орон нутагт олдоц муу, үнэ өссөн зэргийг анхаарч хамгаалах хэрэгслийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ.