Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа
    2018 оны 03 сарын 13 нд
    82852c760841da20985bc1182c8fa5b0.jpg

    Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтөөр Үндэсний бодлогын зөвлөлийг Үндэсний бодлогын хороо /цаашид ҮБХ/ болгон өргөтгөн 410 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Жил бүр ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгт эргэлт /ротаци/ явуулах журамтай. 2018 оны ротцацид 76 тойргийн 123 мандатад 143 хүн өрсөлдөхөөр болж, АН-ын дотоод сонгуулийн сурталчилгааны /цаашид сонгууль гэх/ ажил эхэллээ. Өнөөдөр АН-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авав.

    Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд АН-ын дарга С.Эрдэнэ оролцож: “Ардчилсан намын дотоод сонгуулийн ажил албан ёсоор эхэлж байна. Бид дотоод асуудлаа нээлттэй, ил тодоор шийдвэрлэнэ. Ардчилсан намын ямар ч гишүүн ҮБХ-ны гишүүн болох боломжтой. АН-ын гишүүдийн олонхийн саналыг авсан хүн ҮБХ-ны гишүүнээр сонгогдох болно. АН-ын дотоод сонгуультай холбогдуулж багагүй шуугиж байна. Нэр хүндтэй хэн нэг нь, том улс төрч ротацид өртчихлөө. С.Эрдэнэ өөрийн хүнээ ҮБХ-д оруулах гэж байна гэх мэтээр үлгэр домог ярьж байна. Яриа дэгдээж буй хүмүүст хандаж оргүй үгээ зогсоохыг хүсч байна. Нэр дэвшигч Та бүхний сурталчилгаа нээгдэж байна. Булхай битгий хийгээрэй. Шударга өрсөлдөөрэй” гэж хэллээ.

    ҮБХ-ны 236 гишүүн нь нийслэлээс сонгогддог. Эдгээрээс 92 гишүүн эргэлтэд орсон бөгөөд 87 хүн АН-ын ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж. Энэ арга хэмжээнд Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга сонгуульд оролцож буй гишүүдэд хандаж үг хэлэв. Тэрээр “Та бүхэн ротацид жил бүр орох магадлалтай. АН-ын гишүүн Та, намын үйл хэрэгт идэвхигүй оролцвол эргэлтэд орсоор л байх болно. Нийслэлийн АН нь нийслэл, дүүргийн намын хорооны гишүүдийн оролцоо, үйл ажиллагааг дүгнэж байгаа. Ротаци нь гишүүдийг намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах хөшүүрэг болж байгааг ойлгуулах хэрэгтэй” хэмээв.

    Одоогоор Баян-Өлгий аймагт эмэгтэйчүүдийн суудалд 2, Завхан аймагт чөлөөт суудалд нэг нэр дэвшигч бүртгүүлээгүй байгааг Дотоод сонгуулийн хороо мэдээллэв.

    Б.Батцэцэг: /Архангай аймагт нэр дэвшигч/

    Би 1996 онд АН-д гишүүнээр элссэн. Энэ удаагийн сонгуулиар Архангай аймгийн гуравдугаар тойрогт нэр дэвшиж байна. Энэ тойрогт тус аймгийн зүүн зүгийн найман сум хамрагддаг. Орон нутагт, намын анхан шатны байгууллагад АН-ын шинэчлэлийн бодлогыг хүргэх нь чухал байгаа. Энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллах болно. Аймгийн ИТХ-д гурван удаа сонгогдож ажиллаж байсан хүний хувьд орон нутгийн бэрхшээл, зовлонг сайн мэднэ.

    Р.Баттөмөр: /Дорнод аймагт нэр дэвшигч/

    АН аливаа асуудлыг зөвхөн хэдэн дарга нараар биш бүх гишүүдийн оролцоотойгоор шийддэг болсон. Намын дотоод сонгууль буюу ротаци нь үүний тод жишээ болох юм. Хэн намын бодлого үйл ажиллагаанд идэвхи зүтгэлтэй оролцож байна, тэр хүнд намын гишүүд итгэл хүлээлгэж, боломж олгодогийг ротаци тодорхойлж өгдөг. Ингэж байнга шинэчлэгдэж, эргэлтэд орж байх нь улс төрийн намд эрүүл тогтолцоо бүрдэж, гишүүдийн намын үйл ажиллагаанд оролцох оролцоо нь идэвхждэг байна.