С.Эрдэнэ: Төр нь ард түмнийхээ төлөө ажилладаг болтол тэмцэнэ
    2018 оны 02 сарын 01 нд
    a838877830c5c4d1e47b4dc66e56edae.jpg

     -“Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал” төрд үгээ хүргэж буй иргэдэд чанга дуу хоолой нь болж чадлаа-

     

    АН-аас зохион байгуулсан “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал” өнөөдөр төв талбайд амжилттай боллоо. Энэ үеэр 30 гаруй мянган иргэн эсэргүүцлээ илэрхийлж, өөрсдийн хэлэх үгээ төр, засагт хүргэсэн юм. Жагсаалд намын дэргэдэх байгууллагууд болон МАХН, ИЗНН, мөн 40 гаруй төрийн бус байгууллага, дүүргийн намын хороод, иргэд оролцов. АН-аас өнгөрөгч сард УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тодорхой заалт бүхий хугацаатай шаардлагыг хүргүүлсэн. Гэтэл өнөөг хүртэл албан ёсны хариу өгөөгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү жагсаал АН-аас тавьсан эл шаардлагын хариуг хариуцлагын хамт нэхэж, эрх баригчдаас ам асууж, төрд үгээ хүргэж буй иргэдэд чанга дуу хоолой нь болж чадлаа. Жагсаалд АН-ын удирдлагууд, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцов.

     

     

    Үйл ажиллагааны эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Эрх баригчид бидний шаардлагад хариу өгсөн нэртэй хууран мэхлэх гэж байна. “Монголын төр, ард түмнийг доромжилж, хуурч болдог юм” гэж ханддаг тэдэнд сануулга өгөх цаг болсон. Монгол түмэн тэсэж, тэвчиж ханалаа. Өнөөдөр улсын нийгэм, эдийн засгийн байдал дордож байна. Гадаад өр өдрөөс өдөрт нэмэгдэж, улсын баялаг хэдэн гэр бүлийн гарт очлоо. Энэ бүгдийг харж суух уу. Бид мориндоо мордох цаг ирсэн. Төр нь ард түмнийхээ төлөө ажилладаг болтол тэмцэнэ. МАН АН-ын Засгийн газрын үед хийсэн үйл хэргийг гутаах замаар эрх мэдлийн төлөө улайрч байна. Тиймээс бид төрдөө эзэн болох ёстой. 1990 оны Ардчилсан хувьсгалын буухиаг таслахгүйгээр эрх чөлөө, ардчилал, шударга ёсны төлөө хамтдаа тэмцье” хэмээн уриалж байв. Жагсаалын нэг захаас эхлээд эрх баригчдын бодлого, үйл ажиллагааг дэмжихгүй гэдгээ илэрхийлэх хүн олон байлаа. Учрыг лавлан асуувал “Тогтворгүй, хариуцлагагүй төр, засаг иргэндээ хатуурхаж байна. Өнөөдөр гаргасан шийдвэр нь маргааш хүчингүй болдог, маргааш хүчингүй болсон нь нөгөөдөр хэрэгжиж эхэлдэг тогтворгүй төрийн бодлогод хэн итгэх юм бэ” гэсэн асуулт өмнөөс тулгав. Тэд “Төрийн алба бүх шатандаа дампуурлаа”, “Наанаа шударга царайтай цаанаа сувдаг сэтгэлтэй МАН-ын 65 улс орныг дампуурууллаа”, “Утаанаас болж жилд 1530 иргэн нас барж байна”, “Хүрэлсүхээс хүлээсэн итгэл замхарлаа”, “Эзэнгүй төрийн эргүүтсэн шийдвэр” зэргээр хэлэх үгээ бичиж, дэлгэн барьжээ. Үүнээс дүгнэвэл, шатахууны үнийн өсөлттэй холбоотой өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ, нийгмийн даатгалын шимтгэл доогуур амьжиргаатай иргэдийн амьдралд дарамт үүсгэсэн бол хувь хүний орлогын албан татвар дундаж давхаргыг бухимдахад хүрсэн аж. Тиймээс нийгмийн ундууцал эрчийг авч, “Жижиг дунд үйлдвэрлэл таалал төгслөө”, “Иргэн ядуу бол улс баян болжээ”, “Хүрэлсүх ээ! Татвараа бууруул” гэж чанга хашхирахад хүргэсэн байна.

     

     

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат иргэдэд тулгамдаж буй асуудлуудаар эрх баригчдад шаардлага хүргүүлж ажиллаж буй талаар онцлоод “Өнөөдрийн эрх баригчид АН-ын хийсэн бүхнийг харлуулах гэж оролддог. Эдийн засгийн хүндрэл, өрийг урдаа барьж, хийсвэр улс төр хийж байна. Эдийн засаг өссөн юм бол яагаад ард иргэдийн амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Үүнийг асуух хэрэгтэй” гэлээ.

    Ингээд жагсаалд оролцогчид УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн албан шаардлагын хариуг нэхэж, төрийн ордныг нар зөв тойров. Тус шаардлагад ОУВС-гаар халхавч хийн нэмсэн есөн төрлийн татвараа цуцлах, агаарын бохирдлыг бууруулах тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлал, язгуур зарчмыг алдагдуулсан хуулийн төслийг холбогдох хууль зөрчин хэлэлцүүлж буй явдлаа зогсоохыг тусгасан юм. Харин эрх баригчид энэ сарын 5-нд шаардлагын хариуг өгөхөөр боллоо.

     

    Энэ үеэр жагсаалд нэгдсэн иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

     

     

    Төв аймгийн Батсүмбэр сумын иргэн Д.Далайжаргал: Эрх баригчдын шийдвэр ард түмний амьдралд хүнд тусч буй нь үнэн. Тиймээс л иргэд холоос зорьж жагсаалд оролцож байгаа юм. Энэ бол АН-ын уриалан дуудсан жагсаал бус ард иргэдийн хүсэл зорилго нэгдсэн жагсаал боллоо. Шатахууны үнийн нэмэгдлийг зохицуулж, иргэн бүрт тулгамдсан хүндрэлийг шийдвэрлэх хэрэгтэй байна. МАН төрийн эрхийг атгаад хоёр жил боллоо. Гэтэл өнөөдөр юу ч шийдвэрлэж чадсангүй. Ард түмэн багаар нь дэмжиж, “Улс орноо хөгжүүл, иргэдээ сайхан амьдруул” гэдэг итгэлээ өгсөн. Гэтэл хэлсэндээ байж чадаагүй болохоор дургүйцэх нь зүйн хэрэг шүү дээ. МАН аливаа удаан, хөшүүн, хойрго ажиллаж байна.

     

     

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн С.Намсрайноров: Ард түмний хүсэл зорилгын илэрхийлэл нь энэ жагсаал юм. Зохион байгуулж байгаа нь АН боловч ард түмэн хүссэн. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд МАН нэг ч километр зам тавьсангүй, бүтээн байгуулалт хийсэнгүй. Өмнөх Засгийн газраа л мууллаа. Харамсалтай байна. ОУВС-гийн нэрийг барьж есөн төрлийн татвар бий болголоо. Тэтгэвэртээ гарах гэж байсан ахмадуудын насыг нэмсэн буцаагаад хассан. Ингэж сэтгэл санаагаар нь унагаж болдог юм уу. Татвар нэмлээ л гэснээ маргааш нь хаслаа л гэх юм. Ингэхээр яаж итгэл төрөх бэ. Ямар сайхан амлаж байлаа. Ард түмэн мартахгүй гэснээ мартдаггүй. Өнөөдөр Засгийн газрын бүх гишүүд давхар дээлтэй болсон. Засгийн газар, УИХ хоёр хаана яаж хуралдаад байгааг ялгах арга алга. “Бантан” гэдэг л энэ байх. Энэ байдал арилахгүй бол цаашдаа ч тэмцэлд нэгдэнэ.

     

     

    Баянгол дүүргийн X хорооны иргэн Х.Мягмаржав: Жагсаалыг зөв зүйтэй алхам боллоо гэж бодож байна. Дөжирсөн төрийн чихийг онгойлгох хэрэгтэй. МАН-ын амлалтаа биелүүлэхгүй, ард түмнээ хууран мэхэлж байгаад эмзэглэж байна. Иргэдийн ахуй амьдрал, тэдний орлогын талаарх мэдээлэл дандаа буруу гардаг. Үнэндээ ард түмний 70-80 хувь нь сарын 300 мянган төгрөг, түүнээс бага цалинтай байгаа. Бодит судалгааг мэдэж байгаа учраас ингэж хэлж байгаа юм. Ийм тоо баримт бодит гарах хэрэгтэй. Үүнээс гадна төрд ажилладаг хүмүүс хуулиа мэддэггүй. Мэдэхгүй хүн яаж хэрэгжүүлэх юм. Тийм болохоор л төрийн ажил дур зоргын дор явж байна шүү дээ. Ардчилсан нийгэмд хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Өнөөдөр энэ зарчим хаана байна.