Б.Дэжид: Намын гишүүдийн татвар төлөх хугацааг сунгаж байна
    2018 оны 01 сарын 31 нд

     

    Ардчилсан намын Улс төрийн бодлого төлөвлөлтийн газрын Нийслэл, дүүргийн намын байгууллагын хэлтсийн дарга Б.Дэжидээс намын гишүүдийн татварын талаар тодрууллаа.

     

    -Намын дүрмийн дагуу гишүүдийн татвар төлөх хугацаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар байсан ч сунгасан. Ингэх шалтгаан нь юу байв?

     

    -Үндэсний бодлогын хорооны II хуралдаанаар хэлэлцээд намын гишүүний татварыг сарын 1000 буюу жилийн 12000 төгрөг байхаар шийдвэрлэж, тогтоол баталсан. Үндсэн дүрмийн хүрээнд 2018 оны татварыг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд төлөх ёстой байсан ч хэмжээг нь нэмсэн учраас энэ оны хоёрдугаар сарын 1-н гэхэд дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байгаа. Хөдөө, орон нутагт өвөлжилт хүндэрсэн учраас нийт гишүүддээ уг шийдвэрийн талаар төдийлөн сайн мэдээлэл хүргэж чадахгүй байна.

     

    -Анхан шатны гишүүдийн тухайд татварын асуудалд хойрго хандах тал байна. Үүнд хэрхэн анхаарч байгаа вэ?

     

    - Дүрмийн хүрээнд гишүүдийн татвар тухайн шатны үйл ажиллагаанд зарцуулагдах учиртай. Сумын намын хорооны гишүүдийн татвар сумандаа, аймгийнх аймгийн дансандаа төвлөрч байгаа. Ингэснээр тухайн шатанд санхүүжилт болно. Жишээ нь, тухайн намын хороо 100 гишүүнтэй байлаа гэхэд татвараа бүтэн авч чадвал сая 200 мянган төгрөгийн санхүүжилт бүрдүүлж, наад захын тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжтой болно. Мөн Үндсэн дүрмийн дагуу Үндэсний бодлогын хорооны гишүүдийн татвараас 30 хүртэлх хувийг тухайн аймагт хуваарилах юм. Үндэсний бодлогын хорооны гишүүн 3 сая төгрөгийн татвар төлдөг. Тэгэхээр үүний 900 мянга орчим нь аймагтаа зарцуулагдана. Үүний үр дүнд шат шатны намын байгууллагын үйл ажиллагаагаа тэлэх боломжтой. Дансны хуулгаар нь тухайн аймгийн саналын эрхтэй гишүүдийн нэрсийг төв нам дээр баталгаажуулна.

     

    -Татвар төлснөөр тухайн гишүүнд ямар давуу эрх үүсэх вэ?

     

    -Татвар хугацаанд нь төлсөн гишүүд дотоод сонгуульд саналын эрх нээгдэнэ. Төлөөгүй бол энэхүү эрх нь хязгаарлагдах юм. Харин бусд эрх нь нээлттэй хэвээр үлдэнэ.

     

    -Татвараа хугацаандаа төлж амжаагүй гишүүдэд боломж олгох уу?

     

    - Тогтсон хугацаанд амжаагүй бол ондоо багтаад төлж болно. Гишүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн намын даргад хүсэлт тавьж, даргын тушаалаар татварын хугацааг 2018 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгаж байгаа. Тиймээс гишүүд татварын асуудалд зөв өнцгөөс хандах хэрэгтэй.