Д.Чилхаажав: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эргэлт хийх гэж байна
    2018 оны 01 сарын 31 нд
    80608a4ae0ee4529281b8366350b6637.jpg

    Монгол Улсын гавьяат хуульч Д.Чилхаажавтай Үндсэн хуулийн асуудлаар ярилцлаа.

     

    -Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Хуульч хүний хувьд уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?

     

    -УИХ-ын даргын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан юм билээ. Ер нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийг үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болсон Ерөнхийлөгчийн дэргэд байгуулах нь зүйтэй. Одоогийн ажлын хэсэг бол улс төрийн нэг намын даргын шийдвэрээр байгуулагдсан. Тиймээс хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах нь зохимжгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явц эхнээсээ мордохын хазгай болсон.

    Нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль баталлаа. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсны дараа дээрх хуульд өөрчлөлт оруулсан нь илэрхий байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тав дугаар зүйлд 2017 оны хоёрдугаар сарын 9-нд “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу явуулсан санал асуулгын дүнгээр энэ хуулийн 5.3.3-т заасан асуудлаар Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол Улсын их хурал заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах” гэсэн заалт нэмсэн. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж хууль батлаад түүнийгээ нуухын тулд хууль зассан байна. Энэ үүднээс авч үзвэл Үндсэн хуулийн “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг ч давхар зөрчлөө. Санамсаргүй түүврийн аргаар хэлэлцүүлэг явуулсан гэдэг нь хэр үнэн бодитой юм. Эргэлзээтэй л асуудал шүү дээ. Орон нутгийн төрийн байгуулгынханы дунд хэлэлцүүлэг өрнөсөн. Гэтэл төрийн албан хаагчид аль намын харьяалалтай билээ. Тиймээс бүх ард түмний төлөөллийг хангасан, бодит ажил болж чадаагүй гэж хэлнэ.

     

    -Уг нь Үндсэн хуулийг өөрчлөх эрх нь бүх ард түмэнд бий гэдэг...

     

    - Бид 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль баталсан. Тухайн үед парламентад суудалтай, суудалгүй нам, олон нийтийн байгуулагын төлөөллийг хамруулж, Ерөнхийлөгчийн зарлигаар өргөн бүрэлдэхүүнтэй комисс байгуулан нийт ард нийтээр хэлэлцүүлж байв. Үүний үр дүнд Ардын их хурал ардчилсан шинэ үндсэн хуулийг баталсан юм. Ардын их хурал сум дүүрэг бүрээс сонгогдсон 430 депутат байсан нь жинхэнэ ард түмний төлөөлөл болж байлаа. Тиймээс л Үндсэн хуулийг ард түмний бүтээл гэдэг. Үүнтэй харьцуулахад энэ удаагийн хэлэлцүүлгийг хэлэлцүүлэг гэхэд хэцүү.

     

    -Парламентад нэг нам үнэмлэхүй олонх тохиолдолд улс, үндэстний тусгаар тогтнолын баталгаа болсон баримт бичигт гар хүрэх нь ямар эрсдэл дагуулах вэ?

     

    - Парламентад нэг нам үнэмлэхүй олонх байж, тулгуур хуульд гар хүрсний гайг монголын төр, ард түмэн 18 жил үүрч яваа. Үүний үр нөлөөгөөр монголын нийгэм олгархижиж, нам дамжсан бүлэглэл гаарч, засаглалын хямрал нүүрэллээ. 2000 онд парламентад 72 суудалтай тухайн үеийн МАХН Үндсэн хуульд долоон заалт бүхий өөрчлөлт оруулсан. Ингэхдээ улстөрчдийн явцуу эрх ашгийг хангахын тулд эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж, гүйцэтгэх, хууль тогтоох засаглалын харилцан хяналттай байх уялдааг үгүй хийсэн. Энэ бол сургамж авах бодит явдал.

    Одоо ч МАН олонх байгаа. Хуулийн төслийг харвал өөрсдийн эрх ашигт тохируулсан гэж болохоор зүйл, заалтууд бий. Ерөнхийдөө төслийн агуулга, хэлэлцүүлсэн үйл явцаас дүгнэхэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар “хуульчилсан” төрийн эргэлт хийх гэж байна гэх сэтгэгдэл төрсөн. Учир нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх, шүүгч томилох гэсэн үндсэн эрхийг хасч, УИХ-ын гарт төвлөрүүлэх гэж байна, Өөрөөр хэлбэл, эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж, бүх эрх мэдлийг нэг гарт атгаж байх санаархал. Үүнийг би “хуульчилсан” төрийн эргэлт хийх гэж байна гэж хэлээд байгаа юм.

     

    -Өнгөрсөн 20 гаруй жилд Үндсэн хууль өөрийн чадамжаа бүрэн харуулсан. Тиймээс нийгэм, цаг үеийн шаардлагаар нэмэлт оруулж өөрчлөх нь зүйтэй гэх юм. Үндсэн хууль үүргээ биелүүлэх чадамжгүй болсон хэрэг үү?

     

    -Үндсэн хуулийг өөрчлөх шаарлагагүй. Хуулийг өөрчлөх, нэмэлт оруулах гэдэг нь хоёр тусдаа ойлголт. Нийгмийн хөгжлийн явцад нэмэлт оруулаад зохицуулж болдог. Гэтэл манай улсад болж л өгвөл Үндсэн хуульдаа гар хүрэхийг санаархаж байна. Өмнөх дордуулсан долоон өөрчлөлт Үндсэн хуулийн үзэл баримтлал, тулгуур зарчим зэргийг эвдсэн. Тиймээс маш болгоомжтой хандах хэрэгтэй. Бид өнгөрсөн 26 жилд Үндсэн хуулийн хүчин чадлыг бүрэн ашиглаж чадаагүй. 2000 оноос хойш 18 жилийн турш Монгол Улс “эвдэрхий” үндсэн хуультай явж ирлээ.

    1992-1996 оны МАХН-ын Засгийн газар Үндсэн хуулийн боломжийг бүрэн ашиглаж чадаагүй. 1996-2000 онд АХ эвсэл засгийн эрхийг барьсан. Нэг талаараа энэ үе онцлогтой. Тухайн үеийн чуулган УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн ирцтэй байж хүчин төгөлдөр болдог байсан. АХ эвсэл 50, МАХН 25 суудалтай, нэг бие даагч нь О.Дашбалбар байлаа. Ингээд дийлэнх олонх бүрддэггүй. Дээр нь МАХН-ын цөөнх АХ эвсэлийн ажлыг хийлгээгүй дөрвөн жил өнгөрсөн нь үнэн. Энэ хугацаанд Үндсэн хуулийн хүчин чадлыг ашиглах боломж олдоогүй.

     

    - Намын эрх ашиг төрийн дээр гарчихсан өнөөгийн тогтолцооны тухай ямар бодолтой явдаг вэ?

     

    -Төрийн дээр нам гарчихсан нь үнэн. Бодитой асуудал. Өнөөгийн хувьд нам гэхээс илүү бүлэглэл монголын хувь заяаг шийдэж байна. Энэ гажуудал 2000 оны Үндсэн хуулийн долоон өөрчлөлттэй холбоотой. Тэр өөрчлөлтөөр намын бүлэг гэдэг заалтыг бий болгосон. Бүлгийн ард нам л байдаг. “Хуульчлах” аргаар төрийн эргэлт хийнэ гэж үүнийг хэлдэг юм. 1990 онд Ардчилсан хүчнийхэн тэмцэж, Сүхбаатарын талбай дээр гурав хоног өлсгөлөн зарлаж байж МАХН-ын төв хорооны Улс төрийн товчоог огцруулж байв. Үүний үр дүнд “МАХН бол төрийн удирдан чиглүүлэх хүчин мөн” гэдэг заалтыг ч авч хаясан. Гэтэл энэ заалт тойруу замаар аажим сэргэж, нам нэрийн дор нам дамнасан олигарх бүлэглэл төрийн дээр гараад байна.