Ц.ТУВААН: У.ХҮРЭЛСҮХЭЭС ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ
    2018 оны 01 сарын 30 нд
    fe27a774fed0d8bb8f73fa9c720fb668.jpg

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -Шинэ Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавилаа. МАН Засгийн эрх барьснаас хойш болон энэ 100 хоногийг сөрөг хүчний зүгээс ямар дүгнэлт хийж байна вэ?

    -У.Хүрэлсүхийн танхим байгуулагдсанаас хойших 100 хоногийн тайлангаа тайлагналаа. Гэхдээ энэ тайланд тусгагдсан зүйлс худлаа гэдгийг тодотгож хэлмээр байна. Ардчилсан намаас У.Хүрэлсүхийн 100 хоногтой холбоотойгоор иргэдэд зориулсан мэдээллийг нэгтгэж тараасан. Ер нь бол У.Хүрэлсүхийн Засгийн газар нүдэнд үзэгдэж, гарт баригдах нэг ч дорвитой ажил хийсэнгүй. МАН Засгийн эрх авснаас хойш нэг жил долоон сарын хугацаанд нэг ч километр зам тавьсангүй, бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Харин эсрэгээрээ ард иргэдийн амьжиргаа муудсан, есөн төрлийн татвар нэмсэн, шатахууны зохиомол хомсдол үүсгэх өргөн хэрэглээний барааны үнэ хөөрөгдсөн, том төслүүдээ хөдөлгөх талаар нэг ч алхам хийсэнгүй, утаа ярьсаар утаагаа арилгасангүй. Ардчилсан намын үед нэг хувь руу буулгасан инфляцыг зургаан хувиар нэмэгдүүлсэн, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн ийм л үзүүлэлттэй ажлаа хийж байна,Засгийн газар. Ардчилсан намын зүгээс энэ асуудалд маш шүүмжлэлтэй хандаж байгаа.

    -Засгийн газар эдийн засаг сэргэж, төсвийн алдагдал буурлаа гэж байна. Ардчилсан нам төсвийн алдагдлыг 20 хувьд хүргэсэн бол МАН есөн хувь руу буулгалаа гэдгийг Ерөнхий сайд зарлалаа. Санал нийлэх үү?

     -Эдийн засаг сэргэсэн гэдгийг тэд байнга хэлж байгаа. Гэвч энэ бодит өсөлт нь харагдахгүй байна. Харин ч үнэ өсч, иргэдийн орлого бодитойгоор буурч, хүн амын орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлүүд нэмэгдсэн, шатахууны үнэ нэмэгдсэнээр иргэдийн халааснаас гарах мөнгө л нэмэгдсэн. МАН-ынхны хэлээд байгаа тэр эдийн засгийн өсөлт зөвхөн цаасан дээр л байгаа. Татвар, үнийн өсөлтийг дагасан инфляцыг бууруулах хугацаатай албан шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга нарт хүргүүлсэн. Энэ хугацаатай албан бичгийн хариуг албан байдлаар хариугаа нэхэх жагсаал маргааш /2018.02.01/ зохион байгуулна. Одоогоор Засгийн газар, УИХ-ын зүгээс албан бичигт нэг ч хариу өгөөгүй. Ардчилсан нам парламентад сөрөг хүчний бүлэг учраас шаардлагаа албан бичгээр гардуулж өгсөн. Засгийн газрын хуралдаанаар зарим төрлийн шатахууны онцгой албан татварыг буурууллаа гэх бүдэг мэдээлэл хэвлэлээр гарсан боловч ямар хугацаанд яаж, хэзээнээс хэрэгжих вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Монголын нийт шатахууны хэрэглээний дийлэнх хэсэг хэрэглэдэг дизель түлшний онцгой албан татварыг огт яриагүй. Бүх төрлийн тээвэр, нийтийн тээвэр бусад тээвэр бүгд дизель түлш хэрэглэдэг. Тэгэхээр дизель түлшний үнэ нэмэгдвэл дагаад олон үйлчилгээний үнэ тариф нэмэгдэх төдийгүй бараа, бүтээгдэхүүний үнэд ч нөлөөлнө.

    Ардчилсан нам эрх барих үед нэг баррель нефтийн үнэ 110 ам.доллар байхад дотооддоо үнийг хөдөлгөхгүй, нэг ч удаа нэмж байгаагүй. Мөн баруун аймгийн хэрэглэгчид нийслэлийн үнээр автобензин худалдаж авдаг байсан. Тухайн үед хийж байсан зохицуулалт бүгд үгүй болсон учраас сөрөг үр дагавар гарч эхэлж байна. Үүнийг маш их эсэргүүцэж байгаа.

    -Орлого байхгүй учраас татвар нэмсэн. Үүний гол буруутан нь танай нам болж байгаа.  Эрх барих үедээ маш их хэмжээний өндөр хүүтэй зээл авсан, үр ашиггүй төсөлд зээлийг нь олноор зарцуулсан гэж буруутгадаг?

    -Нэг жил долоон сарын хугацаанд МАН хангалттай гоншигносон.  Ард түмний энэ их итгэлийг 65-ын бүлэг юу хийх вэ гэдгийг сөрөг хүчний зүгээс нэлээд харзнасан. Гэвч гарч байгаа шийдвэр нь ямар нэг тооцоо судалгаагүй, ард түмний амьдралд л сөргөөр нөлөөлсөн. 2012 онд Ардчилсан нам Засгийн эрх авахад нэг их наяд төгрөгийн өртэй хүлээн авсан.  Тэгэхэд юу ч дугараагүй өрөө дараад, дараагийн бондоо гаргаж байсан. Алдаатай оноотой ч гэсэн өнөөдөр ард түмний амьдралд өгөөжөө өгч байгаа олон ажлыг Ардчилсан намын Засгийн газар хийсэн. Аймгуудыг нийслэлтэй холбосон автозам, нийслэлийн түгжрэлийг бууруулах уулзваруудын шинэчлэл, импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрүүдээ дэмжсэн үр дүнгүүд өнөөдөр гарч байна.  Гэтэл МАН-ын Засгийн газар өнөөдөр Чингис бондыг нэг нугалсан хэмжээний гадаад өр нэмэгдүүлсэн. Энэ мөнгөөр бодитой зүйл юу хийсэн юм бол. Сайд нар нь өөрсдийн төсвөө нэмэгдүүлсэн, урсгал зардлаа нэмэгдүүлж, үрэн таран хийгээд л дуусгаж байна. Чингис бондын өрийг төллөө гээд гавьяа байгуулсан юм шиг ярьж байна. Энэ бол Монголын улсын зээл. Хэн нь ч Засгийн эрх барьсан энэ өрийг төлнө. Хугацаа хэтрээгүй учраас өр биш зээл. Бондыг бондоор төлснөө, Ардчилсан намын өрийг тэглэлээ гэж шоу хийгээд байх шаардлагагүй. Эдийн засгийн өсөлтүүдийг хуримтлуулах замаар төлсөн бол өөр хэрэг. Төсвийн орлого нэмэгдсэн, гадаад зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор орлого нэмэгдсэн. Түүнийг ажлын байр нэмэгдүүлэх, орлого олох, импортыг орлох чиглэлээр бодитой ажил хийсэн бол үр дүнтэй байх байсан. Харамсалтай нь, төрийн албан хаагчдад нэг удаад халамж хэлбэрээр бэлэн мөнгө олгосон нь буруу.

    -МАН Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахдаа концесс, хүүхдийн мөнгийг ялгавартай олгосон, төрийн албыг төрлийн алба болгосон зэрэг тодорхой шаардлага тавьж огцруулж байсан. Энэ тавьж байсан шаардлагуудаа 100 хоногт хэрэгжүүлэх боломж байсан уу. Харьцангуй мөнгөтэй Засгийн газар гэж ч дүгнэж байгаа?

    -Мэдээж хариуцлагаа хүлээж чадна, ачааг үүрч чадна гэж Засгийн газрын тэргүүн болсон. Янз бүрийн шалтаг, тайлбар хийхгүйгээр ажлаа хийх ёстой. Чадахгүй бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг муу ажилласан, алдаа гаргасан гэж баалсаар байгаад МАН өөрсдөө унагасан. Одоо өмнөх Засгийн газраас ахисан, шинэ зүйл нүдэнд харагдахгүй л байна.

    -У.Хүрэлсүхийн Засгийн газар том төслүүдээ хөдөлгөх бодлого алга гэх шүүмжлэл гарах боллоо. Таны байр суурийг сонирхвол?

    -Ямар ч Засгийн газарт эхний гурван сард төлөвлөгөөтэй, хөтөлбөртэй, бодлоготой байсан бол тодорхой үр дүн гарах ёстой. Аар саархан ажлаа Засгийн газар хийсэн гэж 100 хоногтоо тайлагнаж, тайлбарлаж байна. Эдийн засаг өссөн, орлого нэмэгдсэн, гадаадын зээл гээд мөнгө байна. Энэ мөнгөө юунд зарцуулах тооцоо судалгаа байгаа эсэхэд эргэлзэж  байна. Ер нь бол У.Хүрэлсүхийн Засгийн газраас хүлээх хүлээлт замхарч байна.

    -Ардчилсан намын зүгээс шатахууны хомсдолыг зохиомлоор бий болгосон гэж дүгнэж байгаа. Ер нь шатахууны үнийг нэмэхгүй байхад Ардчилсан намын Засгийн газрын үед ямар арга хэмжээ авч байсан бэ?

    -Үнийг чөлөөтэй зах зээлийн жамаар тавьж болдог, болдоггүй бараа гэж байдаг. Монгол Улс дотооддоо нэг ч литр нефть үйлдвэрлэдэггүй, 100 хувь хараат учраас үнийг чөлөөлөх эсэх асуудал төрийн мэдэлд байх ёстой. Монгол Улс маш уудам нутагтай. Төмөр зам, агаар авто машины тээвэр ашигладаг. Энэ тээвэрлэлтийн зардал нэмэгдвэл өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг гэдгийг захын хүүхэд мэдэж байгаа. Тэгэхээр төр зохицуулалт хийх ёстой. Яаж гэдэг нь төрийн асуудал. Түүнээс Ерөнхий сайд  нь шатахууны үнэ чөлөөтэй байх ёстой гэж хэлээд, шатахууны хомсдол үүсч, иргэдээ бухимдуулах хэрэггүй.

    -Өнгөрсөн жил долоон сарын хугацаанд МАН-ын Засгийн газар хэр ажиллав гэдгийг товчхон дүгнээд хэлбэл?

    -Мэргэжлийн нэртэй Засгийн газар мэргэжлийн бус байсан учраас хариуцлагаа хүлээж огцорсон байх. Хариуцлагаа хүлээсэн учраас ярих юм байхгүй. Ардын нэртэй энэ Засгийн газар 100 давхар дээлтэй сайд нартай ажиллаад ч  100 хоног дээрээ хүний гарт баригдаж, нүдэнд үзэгдэх нэг ч зүйлийг хийсэнгүй. Томоохон төслүүд нь хаана байна. Монгол Улс ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж, орлого олох төслүүдээс чимээ ч алга. Сайд нарынх нь урсгал зардал нэмэгдэж, тансаг машины тоо нь нэмэгдсэн зүйл л харагдаж байна.

    -Сөрөг хүчин 16 бодлогын хороо байгууллаа гэсэн. Энэ бодлогын хороо ямар чиг үүрэгтэй ажиллах юм бэ?

    -Бодлогын хороог Засгийн газрын бүтцийг дагуулж байгуулсан.  АН гишүүдийн, бодлогын нам байна гэдгээ зарласан. Энэ хүрээнд бодлогын зөвлөл байгуулсан. Бодлогын зөвлөл 2020 оны мөрийн хөтөлбөрийг амьдрал дундаас, ард түмэн дундаас гаргаж, боловсруулах үүрэгтэй. Сөрөг хүчний байр сууринаас салбар бүрт ажил хэр явж байгаа, Шилэн дансны хууль хэрэгжиж байгаа эсэх, тодорхой арга хэмжээг газар дээр нь очиж тооцоо, судалгаа гаргах үүрэгтэй. Ардчилсан намд төрийн эрх барьж байсан, МАН-ын буянаар 20 орчим мянган ажилгүй гишүүд дээрээ тулгуурлаж, зөвлөлүүдээ ажиллуулна. Бодлогын зөвлөл Төв нам, УИХ болон НИТХ дахь Ардчилсан намын бүлэгтээ зөвлөмж, чиглэл, тооцоо судалгаа гаргаж өгнө.

    -Ардчилсан нам доторх шинэчлэл хэр өрнөж байна вэ. Олон нийтийн зүгээс Ардчилсан нам нэг хүний нам болсон гэсэн шүүмжлэл их гарч байх шиг?

    -Аливаа шинэчлэл шүүмжлэлийг дагуулдаг. Бид алдаагаа засч, шинэ зүйлийн төлөө ажиллана. Өмнө нь байсан фракцуудын төлөөллийг багтаах гэхээс илүү хэн дэвшиж, зөв мөрийн хөтөлбөр, санал дэвшүүлсэн нь даргаа авч, удирдлагаа аваад ажиллаж байна.

    Эх сурвалж: news.mn