Сумын иргэдтэйгээ очиж төр, засагт үгээ хэлнэ
    2018 оны 01 сарын 29 нд

    Орон нутгийн АН-ын хороод ирэх сарын 1-нд улс орон даяар болох эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж байна.

     

     

    Баян-Өлгий аймгийн Толбо сумын АН-ын хорооны дарга Н.Еркежан: Иргэд гар дээрээ бэлэн мөнгөгүй байна

     

    Манай сумын иргэд худалдан авах чадваргүй болсон. Иргэд гар дээрээ бэлэн мөнгөгүй байна. Хүүхдийн мөнгөө барьцаалж хүнсний бүтээгдэхүүнээ зээлдэг байсан бол хүүхдийн мөнгө нь хасагдаж, яах ч аргагүй боллоо. Өрхийн амьжиргааны судалгаа нэрийдлээр ажилгүй, орлогогүй, олон хүүхэдтэй өрхийн хүүхдийн мөнгийг хассан. Тиймээс сардаа шуудай гурилаа авдаг хүмүүс хоосон хоноход хүрч байгаа. Цаашдаа яахыг мэдэхгүй. Үүнээс гадна хөдөө, орон нутагт намчирхал дээд цэгтээ хүрлээ. МАН-аас өөр намын харьяалалтай л бол дарга нарт очоод юу ч хэлсэн бүтдэггүй. Тэд ард түмний амьдрал туйлдаа хүрч байгааг ч анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй. Зудтай, өвс тэжээлийн хомсдолтой энэ үед орлогогүй малчид түгшсэн байдалтай цас малтаад сууж байгаа. Бидний тэвчээрийн хязгаар алдагдсан. Тиймээс ирэх сарын 1-нд болох жагсаалыг дэмжиж оролцоно. Сумын иргэдтэйгээ очиж төр, засагт үгээ хэлнэ.

     

     

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын АН-ын хорооны дарга Д.Ганболд: Эрх баригчдын буруу бодлогын эсрэг тууштай тэмцэх ёстой

     

    Шатахууны үнэ нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн. Халаас нэмгэн иргэдэд хүнд л байна. Манай сум 90 мянган хүн амтай Эрдэнэт хотын төв учраас бусад сумтай харьцуулахад амьжиргааны түвшин өндөр. Гэхдээ үйлдвэрээ дагаад хэрэглээ нь ч өндөр байдаг. Үйлдвэрийн хэсэгт ажилладаг 6000 орчим ажилтан, тэдний ар гэрийн 10-20 мянган хүний хувьд амьдрал гайгүй байж болох ч, цаана нь үйлдвэрт ажиллагдаггүй 70 гаруй мянган иргэний амьдрал хүнд байгаа юм. Үйлдвэрийн ажилчдын амьдралд татварын нэмэгдэл шууд нөлөөлж, хувийн хэвшил дампуурлын эрмэгт тулсан. МАН амлалтаасаа ухарч, ард түмний халаас руу гараа шургуулж байгаа нь болчимгүй үйлдэл. Тэдэнд анхааруулга өгөх хэрэгтэй. Энэ янзаараа удвал ирээдүйгээ төсөөлөхөд бэрх болно. Цагаан сарын өмнөх энэ жагсаал ард түмний тэмцлийн эхлэл байх болов уу. Харин цагаан сарын дараа тэмцэлийн хурц хэлбэрт шилжиж, эрх баригчдын буруу бодлогын эсрэг тууштай тэмцэх ёстой. Орон нутгийн иргэд оролцоход бэлэн байна.

     

    Ховд аймгийн Дарви сумын АН-ын дарга Я.Баярмаа: МАН амлалтнаасаа буцаад ард түмнээ хуурчихлаа 

     

    Шатахууны үнэ нэмэгдээд долоо хонолоо. Хүмүүс бухимдалтай байна. МАН засгийн эрхэнд гараад ядарсан иргэдийн амьдрал доод туйлдаа хүрсэн үү гэхээс өөдөө алхам ч ахисангүй. Амьдралаа арай ядан авч яваа иргэдэд бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл дарамт үүсгэж эхэллээ. Нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг хүмүүс энэ сараас төлж дийлэхээ больсон. Бидний уур хүрч, цухалдаж байна. Манай суманд иргэдийн амьдрал дундаас доогуур түвшинд байдаг. Зун гантай, одоо зудтай байгаа учраас малчид бор цайгаа ч уух завгүй хонь малаа тэжээж, чөлөө завгүй байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тэмцэж байна. Гэтэл төр, засаг нь татвар нэмэхгүй, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгнө гэсэн амлалтнаасаа буцаад ард түмнээ хуурчихлаа. Энэ нам, төрд итгэл алдарч байна. Орон нутагт нэг намын дарангуйлал тогтож, МАН-ын гишүүн биш бол хүн гэж үзэхээ больсон цаг хэдийнэ ирсэн. Ажилтай, орлоготой байхын тулд тэдний харцаар хөдөлж, хий гэснийг нь хийж байгаа төрийн албан хаагчид олон бий. Энэ бүхэн хэтэрч байна. Бид эсэргүүцсэн жагсаалыг дэмжиж байгаа. Бүхий л бололцоогоо ашиглаж оролцоно.