АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ХОЁР ДАХЬ ШАТНЫ ТҮРЛЭГ АЙСУЙ
    2018 оны 01 сарын 23 нд
    754f05b7fbf57c2d089653aef22e71e1.jpg

    Ардчилал монголд бөхөөгүй байна. Тэртээ 1990 онд ардчилсан хувьсгалын тугийг өргөж явсан партизанууд амьд сэрүүн байна. Тэд ажил хөдөлмөр, амьдарлынхаа сайн сайхан бүхнийг улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө зориулсан, яс махнаасаа чин зоригт цогт эх орончид гэдгээ батлан харуулсан ардчиллын торгон цэргүүд нь. Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг тунхаглан зарласан зоригтнууд. Монголын төр, засгийн эрх мэдлийн төлөө хуучинсагууд коммунистуудын үлдэц төрийн албыг 60 тэрбумын үнэлгээнд унагаж аваад хэлсэн үг, амласан бүхнээсээ ухаарч монголын ард түмнийг хууран мэхлэж ардчиллыг үгсийн санд хадгалагдаж байгаа үгийн муугаар харааж зүхдэг, урьдын коммунизмын суртал ухуулгыг хэрхэн өрнүүлсэн нь цагийн аясаар хүн бүхэнд танигдлаа.

    Өнөөдөр эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлсэн олон төрлийн татварууд, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, хүн амын орлогын шатлалтай нэмэгдсэн татвар, онцгой албан татваруудын хөлд нийгэм бүхэлдээ өртөж, шатахууны үнийн өсөлт нь өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөж, худалдан авах чадвар буурч, инфляци нэмэгдэж, ажилгүйлдэлтэй уялдсан ядуурал газар сайгүй нэмэгдлээ.

    Дулааны цахилгаан станц баригдсангүй. Зэсийн үйлдвэр босч ирсэнгүй. Цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Хүүхдийн мөнгөнд ядуу баянаар нь ялгаварлан алагчилдаг жишиг тогтоолоо. Авто машины үнэ өслөө. Улсын нийслэл Улаанбаатар хотод жилдээ 3700 хүн агаарын бохирдлоос болж амь насаа алддаг аюул нүүрлэлээ. Аюулаас аврах төр засаг гэж байхгүй боллоо. Ардчилсан засаглалын үед хэрэгжүүлсэн гэр хорооллын дэд бүтэц, цэвэр, бохир, дулааны шугам сүлжээг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөр, Ипотекийн найм, таван хувийн зээл зэрэг өөдтэй өнгөтэй төсөл хөтөлбөр бүхнийг МАН гацааж зогсоолоо. 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор АН тавьсан шаардлагаа биелүүлээгүй тохиолдолд амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, Улсын Их Хурлыг тараах, хариуцлагагүй улс төрчдөд улс төрийн хариуцлага хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдлээ.

    Ард түмнийхээ халаасыг гөвж Төр нь “амь зууна” гэдэг гутамшиг болохыг ардчилсан үзэл санаатай бүхний өмнө АН тунхагласнаар хавар цагийн улс төрийн цөнг түрж эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч санал, дэвшүүлээд чиглэл гаргаж өгөөд ч юу ч хийдэггүй, асуудал шийддэггүй парламентыг тараах сануулга ч өглөө. “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд, “Авлига бол байгалийн давагдашгүй хүчин зүйл биш” гэдгийг хэдэнтээ сануулсан ч “Илжигний чихэнд алт хийсэнч сэгсрээтэй” гэгч нь болсоор уджээ. УИХ-аас 55 тэрбум төгрөгийг 55 цэцэрлэг барихын оронд урамшуулал болгон тарааж, татвар төлөгчдийн мөнгөөр намаараа наадаж орхилоо.

    “Учир мэдэхгүй хүүхдэд хутга бүү бариул-Ухаангүй ноёдод төр бүү бариул” гэдгийн үлгэр амьдралд буулаа. Өнөөдөр хэрэгжиж байгаа 80 мянган айлын орон сууц хөтөлбөрт ядаж тал хувьд нь эмч, багш, цагдаа, онцгой байдлын ажилчдыг цалингаар нь барьцаалаад орон сууцанд хүүгүйгээр зээлэнд хамруулаад оруулчих юм бол ядаж 40 мянган яндан багасна гэхэд хүлээж авдаг УИХ, Засгийн газар нь алга.

    Харин хавар цагийн улстөрийн цөн түрж эхлэхээс өмнө амжиж олон зуун залуучуудыг ажиллах хүч хэмээн харийн оронд шилжүүлэн нүүлгэх нь У.Хүрэлсүхийн засгийн газрын бодлого. “Хүн үгүй бол асуудал байхгүй” гэсэн Сталинч жинхэнэ харгис коммунист бодлогыг ардчилсан Монголд хэрэгжүүлэх юм гэж ардчиллын партизанууд санаж яваагүй аюул. “Хар дарсан-1937 он” биш байлтай. Бодлого зөрөлдсөн бүхнийг буудан хөнөөдөг байсан бол одоо хавар цагийн улс төрийн цөнгөөс зайлж гарах арга нь Солонгосруу залуучуудаа ажиллах хүчээ цөлөх нь ээ. Эхлүүлж болдог хэрнээ дуусгаж болдоггүй их барилга бол ардчилал. Эрх баригчдаас төр засгийн эрх мэдлийг ард түмэндээ авч шилжүүлэх нь ардчиллаар олдсон хувь тавилан. Ардчилсан хувьсгалын анхдагчид явах зам мөрөө ардчилал гэж тунхагласан. Өнөөдөр зүсэн бүрийн луйварчдын гараар ардчилал, эрх чөлөөг устгаж үгүй хийлгэхгүйн төлөө партизанууд “Хонхны дуугаар” дахин босч ирэхдээ тэртээ 1990 он биш амь насаа хүртэл зольж мэдэх хатуу тэмцлийн хэцүү замаар замнах цаг үетэй тулгарсанаа ч төв хөдөөгүй ухаарч явна. “Айвал бүү хий- Хийвэл бүү ай” гэдэг уриа дахин босч ирлээ.

    • хувьгалын хөх туган дээр цус, мэсний толбо гараагүй байсан бол үнэн шударга үйлсийн төлөө энэ цаг дор шударга үйлсийн цөн түрэхэд ардчиллын партизануудын өөдөөс мэс өндийлгөхөд тоохгүй болсон тийм увайгүй эрх баригчидтай 30 шахам жилийн хойно учирах цаг түрж ирнэ гэж төсөөлөөгүй. Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгчийн сонгуулийн буухианд хөл тавьсан эх оронч партизануудыг хэрхэн түүвэрлэн баривчилж, цагдан хорихоор айлган сүрдүүлж, дарангуйлан дарамталж байсан нь саяхан. Ардчиллынхан ард түмэнтэйгээ хэлэлцэж, улс орныхоо төлөө явах зам мөрөө түмнийхээ үгээр заалгадаг эх орончид. Арван мянга гаруй хөдөлмөрчид жагсаж хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг уул уурхай, төмөр зам, авто тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд тэтгэврийн нас, татвар, НД-ын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Газрын гүнд олон цагаар ажилладаг уурхайчид, төмөр замчдын дийлэнх олонхи нь тэтгэвэрт гарах наснаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа алдаж группэд гардаг, ар гэрээсээ хол, хүнд хортой нөхцөлд ажиллаж олсон цалингаас нь татвар нэрийн дор төр засаг булаан авч байгааг эрс эсэргүүцэж, тасалгааны цонхоор амьдрал сайхан биш байгааг харууллаа. Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулж зарим төрлийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрүүд нь нийгмийн бухимдлыг бий болгож ажиллагчдын эсэргүүцэл, тэмцлийг өрнүүлэхэд хүргэж, хавар цагийн улс төрийн цөн түрж эхлэхэд босч ирэх их түрлэгт нэмэр болно гэдгээ харууллаа. Төв хөдөөгүй УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулж, амьдралд тус болдоггүй хэрнээ гай тарихгүй шиг байдаг тийм Засгийн газрыг хүсч байгаагаа монголчууд том жижиггүй шууд илэрхийлдэг болжээ. Цөн түрж эхэлжээ. Сайн цаг айсуй.