С.Эрдэнэболд: Өнөөгийн эрх баригчдын гаргаж буй шийдвэрүүд судалгаанд суурилаагүй, амьдралаас тасархай байна
    2018 оны 01 сарын 18 нд
    e91c595ed7ee58210bffd6b0d9ff1380.jpg

    Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.

    -АН-аас УИХ дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол АН ард түмэнтэйгээ хамт тэмцлийн дараагийн хэлбэрийг сонгож ажиллана гэж мэдэгдээд байгаа. Шаардлага тавих болсон гол үндэслэл юу байв?

    -Өнөөгийн эрх баригчдын гаргаж буй шийдвэрүүд судалгаанд суурилаагүй, амьдралаас тасархай байна. Хамгийн энгийн жишээ гэвэл МАН 2016 онд амлаж гарч ирсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө зөрчих нь бүү хэл 180 хэм буцлаа. Шинэ төрлийн татвар тогтоохгүй, татвар нэмэхгүй гэж амалж байсан. Өнөөдөр бодит байдал ямар байгааг бид харж байна. Тэгээд болохгүй юм болонгуут л өмнөх засаг руу буруугаа чихэж байна. Ачааг үүрнэ гэж гарч ирсэн бол, ажил хийнэ гэж үүрэг хүлээсэн бол түүнийгээ биелүүлдэг байх ёстой. Шаардлагын хувьд бол та бүхэн мэдэж байгаа, тодорхой хугацаатай, зарчим нэхсэн шаардлага байгаа. Өнөөгийн эрх баригчдын гаргаж буй шийдвэрийг харахад тодорхой системчлэгдсэн бодлого байхгүй, зөвхөн өдөр өдрөөр, гэнэтийн алхмуудаар төрийн ажил хэмжигдэж байна. Анхнаасаа суурь нь 60 тэрбумын схем дээр боссон хүмүүст ажлын том зураглалаас илүү, ашиг хонжоо, явцуу сонирхол давамгайлаад байна л даа. Байхгүй зүйлийг хэмжиж, үнэлж болохгүй байна.

    -Та АЗХ-ны Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш ямар ажлууд хийж байна вэ. АЗХ болон улс төрийн намд харьяалагдаж буй залуус өнөөдөр юу хийх ёстой юм. Ямар чиг баримжаатай явах ёстой гэж та үздэг вэ?

    -Хүний өөрийн гэж явцуу үнэлэлт өгөх нь өрөөсгөл. Ерөөсөө Монголд манлайлал гэдгийг хэт явцуу агуулгаар ойлгож ирсэн, дээр нь тэгж ойлгуулахыг хүсдэг бүлэг байна. АЗХ-г зөвхөн улс төрийн намын зорилгоор харахгүй байгаа. Монголын залуу үе, шинэ соёлын өсөлт хөгжлийг авчирсан байгууллага болгохын төлөө ажиллаж байгаа. Бид хэт явцуу хүрээнд ажиллахгүй.

    -Сүүлийн үед төрөөс гарч буй бодлого, шийдвэрт хариуцлагагүй хандах байдал ажиглагдах боллоо. Улстөрчдийн гаргаж буй харалган шийдвэрийн хор нөлөө юу улс төрд яаж тусч байна вэ?

    -Дүрэм, журам, сахилга бат гэдэг ойлголт нь ардчиллын өөрийнх нь үнэ цэнэ. Түүнийг биелүүлэх соёл улс төрд дэндүү хэрэгтэй байна. Төрд гарч ирж байгаа, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний хүмүүс илүү шалгуураар гарч ирдэг болох ёстой. Ингэх бол харилцан улс төржсөөр байгаад улсаа сүйтгэх хэмжээнд хүрснийг бүгд мэднэ.

    -Ардчилсан нам өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш шинэчлэлийн бодлого, давалгааг өрнүүлж байна. Намын дотоод сонгуулийг бүх гишүүдээсээ асуудаг болон бүтцийн шинэчлэлүүдийг хийж байна. Та бүхний явуулж буй намын шинэчлэлийн үр дүн амьдрал дээр Монголын улс төрд ямар байдлаар буух вэ?

    -Монголын сонгосон зам буюу тогтолцоо маань иргэний сонголт дээр үндэслэж буй биз дээ. Хуулийн засаглалын зорилго чинь иргэний эрхийг хамгаалахын төлөө байгаа. Бүгд найрамдах засаг чинь иргэнээс сонгогдсон төр шүү дээ. АН-ын шинэчлэлийн нэг суурь нь иргэн бүрт байгаа, намын гишүүн бүрт байгаа тэр эрхийг бататгах зорилготой. Үүнийгээ сайн хангаж ажиллаж чадаж байгаа гэж үзэж байна.

    Нөгөө талаас улс төрийн нам бол үзэл бодлын байгууллага байх ёстой. Энэ хүрээнд Ардчилсан нам бодлогын нам болох зорилго тавьсан. Уг зорилгын хүрээнд Үндэсний бодлогын хороо байгуулж, бас 16 салбарын бодлогын зөвлөлүүд байгуулан ажиллаж байна. Улс төрийн нам бол Монголын төрийн салшгүй нэг институт. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэдэг шиг Ардчилсан нам хэмээх энэ институтын дарга нар солигдож л байдаг. Харин манай нам институтийнхээ хувьд сайн шинэчлэгдэж байгаа.

    Шинэчлэлийн бодлогыг бодит ажил хэрэг болгоход намын удирдлагууд идэвх санаачилгатай сайн ажиллаж байгаа гэдгийг энд зориуд тэмдэглэх хэрэгтэй.

    -“Монголын эдийн засгийн хүндрэл, түүний бодит шалтгаанууд хийгээд хямралаас хэрхэн гарах тухай том зургаар харуулж чадах хэн хэн байна. Бүгд л онол, зовлон ярьдаг. Гэвч асуудлыг улстөржүүлэхгүйгээр эрүүлээр харуулж, шийдэл тодорхойлох хүмүүс хэн хэн байна вэ” гэж өөрийн facebookt та бичсэн байсан. Таны тавьсан асуултын хариултыг танаас эргээд асууя?

    -Ардчилсан хувьсгалаас хойш 30 шахуу жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг намаас ангид, хувь хүний асуудлыг хойш нь тавиад хармаар байна. Аль үед салбар бүрт ямар бодлого хэрэгжив. Монголд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ямар санаачилга гарч, бодлого хэрэгжсэн бэ гэдгийг хараад. Манай улс хаашаа явж байна, ямар замаар замнаж байгааг тогтож үзмээр байна.Нөгөө нэг баримт бол нийгэм маш хурдан өөрчлөгдөж байгаа. Морин жилийн хувьсгалаас хойш хүмүүний нэг бүтэн үе солигдож, асар их мэдээлэлтэй шинэ залуу үе бүрдэн бий боллоо. Шинэ асуудлыг хуучин аргаар шийдэх гэж оролдох нь цаг, хүч дэмий үрсэн хэрэг гэдэг нь олон зүйл дээр харагдаж байна. Тэгэхлээр одоогийн нийгмийн шинэчлэлийг залуу үеэсээ асуу. Залуу үедээ ачаа үүрүүлж, тэднээсээ шинэ шийдэл гаргахыг шахах хэрэгтэй байна.

    Б.ДОЛЗОДМАА

    Эх сурвалж: Өдрийн сонин