С.Эрдэнэ: Монголын ард түмэн сонголтоо баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна
    2017 оны 07 сарын 03 нд
    d32abe9dd8f5de3a811a6ab15f97828c.jpeg

     

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

    -Энэ зургадугаар сарын 26-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хэрхэн үзэж байна вэ?

    -Монгол түмэн сонголтоо хийлээ. Энэ сонголтыг Ардчилсан нам хүндэтгэлтэйгээр хүлээн авч байна. Нэг талаар эрх баригч МАН өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ эсрэг хийсэн үйлдэл алдаа болгоныхоо төлөө дүнгээ тавиуллаа. Ард түмнийг басч, доромжилж болдоггүй юм байна гэдгийг ойлгосон гэж найдъя. Нөгөө талаас Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамт эрх баригчдын алдаа, эрх мэдлээ хэтрүүлсэн аливаа үйлдэл болгоныг зогсоох гэж тэмцсэнийхээ үр дүнг ч тавиуллаа. Боломжийн сайн үнэлгээ авсан гэж бодож байгаа шүү. Энэ дүнгээ дахин санал хураалтаар ахиулах зорилго бидэнд бий. Монголын ард түмэн ч сонголтоо баталгаажуулна гэдэгт итгэлтэй байна. 

    -Нэлээн хүч тэнцвэргүй өрсөлдөөн болох шиг боллоо. Ялангуяа АН-ын хувьд эрх баригчдын зүгээс маш их дарамт шахалт ирж байгаа талаар тогтмол мэдээлж байсан?

    -Урьд нь танай сонинд ярилцлага өгөхдөө Сонгуулийн өмнөх гурван намын судалгаагаар АН-ын нэр дэвшигч хамгийн өндөр санал авах төлөвтэй байгааг дурдаж байсан. Яг л тэр дагуу боллоо. Манай нэр дэвшигч 50+1 хувийн санал авахад багахан санал дутлаа. Өрсөлдөгч хүчнүүд, ялангуяа эрх баригч хүчнийхэн энэ бүхнийг тооцсон л байж таарна. Тийм учраас төрийн бүхий л эрх мэдлийг ашиглаж АН-ын явуулж буй үйл ажиллагаа, ухуулга сурталчилгааг саатуулж, ажилтнуудыг нь зүйл бүрээр дарамталж,хорьж байцаах зэргээр үйлийг нь үзлээ. Тэр бүү хэл хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонин, телевизүүдийн ажилтнуудыг “АН-ын сурталчилгааг явууллаа” гэж шөнө оройн цагаар дуудаж байцаах, ажлын байранд нь ирж дарамтлах зэргээр төрийн албан хаагчийн хувьд байж боломгүй үйлдэл гаргалаа.

    Сүүлдээ АН-ын сонгуулийн штаб хэсгүүдэд цагдаагийн байгууллагаас ирэх дарамт, хүчирхийлэл утгаа алдсан. Цагдаагийн ажилтнууд иргэдийг шалгах, дуудах, байцаах байдалтайгаар сонгуулийг өнгөрөөсөн гэхэд хилсдэхгүй. Сонгуулийн өдөр хэд хэдэн аймгийн АН-ын дарга нарыг цагдаагийн байгууллага зориуд ажлын цагаар дуудаж тайлбар байцаалт авч, айлган сүрдүүлсэн. Ийм байдалтайгаар сонгуулийг явуулсанд харамсч байна. Би өөрөө хуульч хүн. Монгол Улсад Үндсэн хууль гэж толгой хууль бий. Ямар ч улс төрийн хүчин эрх барьж байсан Үндсэн хуулийг гуйвалтгүй даган мөрдөх ёстой. Эцэг хуульд төрийн бүх шатны байгууллага түүний албан тушаалтнууд хуулийг дээдлэх зарчмаар ажиллана гэж заасан байдаг. Хуулиас давсан үүрэг, тушаал шийдвэр өгөх эрх хэнд ч байхгүй. Гэтэл энэ заалтууд ноцтойгоор зөрчигдлөө.

    -Цагдаа, хүчний байгууллагууд сонгуулийн үеэр иргэдийнхээ эсрэг ажиллах нь хэр ноцтой үр дагаварт хүргэх аюултай вэ?

    -2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Сонгуулийн булхай луйвар ямар эмгэнэлт байдалд хүргэдгийг тодорхой харуулсан. Тухайн үеийн цагдаагийн удирдлагууд “Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн” гэж тайлбарладаг. Гэвч яг хэн гэдэг албан тушаалтан “Таван иргэнээ хөнөөх даалгавар” өгсөн нь тодорхойгүй үлдсэн.

     

    Тушаал биелүүлсэн этгээдүүдийн үйлдэл нь ч өөрөө хууль бус байсан. Ийм эмгэнэлт үйл явдал дахин давтагдахгүй байхын төлөө монгол хүн бүр залбирч байгаа. Сонгуулиар биднийг өдөөн хатгасан, сүрдүүлж айлгах үзэгдэл маш хүчтэй явсан. АН-ын зүгээс энэ асуудалд ухаалгаар хандаж, эв эеийг зарчмаа болгож ажилласан. Энэ байр сууриа ч хатуу хамгаалсан. 

    -Дахин санал хураалт долдугаар сарын 9-ний өдөр буюу ням гаригт болох тов гарсан ч АН-ын шаардлагаар 7-ны өдөр болсон. Та бүхэн үүнд стэгэл хангалуун байна уу?

    -Бүрэн дүүрэн гэж хэлэхгүй ч тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байгаа. Сонгуулийн ерөнхий хороо анхнаасаа хууль зөрчсөн шийдвэр гаргах хэрэггүй байсан юм. Магадгүй эрх баригчдаас дарамт шахалт ирсэн байх. Гэхдээ хуулиас давсан эрх мэдэл, хуулиас давсан шийдвэр гэж байх ёсгүй. Тийм учраас бид сонгуулийн санал авах өдрийг хуульд заасны дагуу ажлын өдөр явуулахыг шаардсан. Бидний шаардлага шударга байсан учраас СЕХ үнэнд гүйцэгдсэн. Эрх баригчид сонгуулийг амралтын өдөр хийхээр СЕХ-г шахаж байсан нь сонгогчдын ирцийг бүрдүүлэхгүй байх, цаашилбал дахин сонгууль зарлуулж, төсвийн мөнгийг үр ашиггүй хий цацах байдал руу түлхэх байсан. Бид үүнээс сэргийлж чадсан. Эцсийн эцэст төсвийн мөнгө гэдэг чинь ард түмний татварын мөнгө. Бид энэ мөнгөөр сонгууль хийсээр дуусгаж болохгүй биз дээ. 

    -Хоёр, гуравдугаар байрт жагссан хоёр нэр дэвшигчийн хувьд “Миний саналыг луйвардлаа” гэх гомдол тасрахгүй байна л даа. Бүр “Орой унтахад Ганбаатартайгаа, өглөө сэрэхэд Энхболдтойгоо” гэсэн онигоо ч гарсан байна. Энэ тал дээр АН-ын байр суурь ямар байгаа вэ. Үнэхээр гуравт явж байсан нэр дэвшигч нь нөгөөхийнхөө саналыг луйвардчихав уу?

    -Улстөрчийн хувьд би МАХН-ын илэрхийлж байгаа байр суурьтай санал нэг байгаа. Орой саналын дүнг харж байсан. 00:00 цаг гэхэд цөөн хэдэн хэсгийн хорооны саналыг нэгтгэх дутуу байсан. Олон сонгуулийн үр дүнгээс харж байхад тэдгээр хэсгийн хороодын саналыг аваад ч М.Энхболд 10 мянга гаруй саналаар илүү явж байгаа С.Ганбаатарыгаа гүйцэх боломжгүй л гэж харж байсан. Гэвч маргааш өглөө нь С.Ганбаатар гуравт орсон байсан. Нэг хүн дээр нь санал илт өсөөд нөгөө нь өссөн болсхийгээд л явсан байгаа юм. Санал ингэж илт савладаггүй л дээ. Үнэмшил багатай л юм. Иргэд ч луйвар орсон гэдэгт эргэлзэхгүй байна лээ. “Хэрэв шөнө үүнээс урт байсан бол бараг нэгт орчих байж” гэсэн онигоо хүртэл гарсан шүү дээ. Ер нь энэ үйл явц бүхэлдээ онигоо болсон л доо. 

    -Баруун таван аймгийн АН-ын ухуулагч, штабын ажилтнуудын цалингийн мөнгийг цагдаа нар хурааж, саатуулсан гэх мэдээлэл байсан. Энэ асуудал юу болсон бэ??

    -Тэр мөнгө намын гишүүдийн хандиваар бүрдсэн мөнгө байсан. Баруун таван аймгийн ажиглагч, ухуулагч нарт бензин шатахуун, хоол ундны зардлыг олгохоор явуулсан юм. Найман мянга гаруй хүнд хувааж тооцохоор нэг хүнд 70-80 мянган төгрөг болохоор тооцож явуулсан мөнгө. МАН-ын ухуулагч, ажиглагч нарын авч байгаа мөнгөний хажууд өчүүхэн юм шүү дээ. Бид төрөөс, бас тэрбумтнуудаас санхүүждэггүй, гишүүдийнхээ хандив татвараар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ мөнгийг зориуд саатуулж, манай хүмүүсийн идэвхийг бууруулах гэсэн зорилготой байсан, түүндээ ч хүрсэн.

    -Бэлнээр авч явж байсан нь хардлага төрүүлж байгаа бололтой?

    -Сонгуулийн тухай хуулийн 42.1-т “Сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг сонгуулийн зардалд зориулан бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрээр зарцуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нам өөрийн мөнгөн хөрөнгийг ямар хэлбэрээр зарцуулахаа шийдэх бүрэн эрх нь хуулиар олгогдсон. Хоёрт, Сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу Ардчилсан нам тодорхой хууль тогтоомжид заасны дагуу хуримтлуулсан өөрийн мөнгөн хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулах бүрэн эрхтэй. Тийм учраас бид “Шалга, үз. Хэрэв үнэхээр хууль зөрчсөн байх юм бол тогтоо” гээд асуудалд хүлээцтэй хандсан. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэж өгсөнгүй. Монголын улс төрийн түүхэнд эрх баригч нам нь сөрөг хүчнийхээ мөнгөн хөрөнгийг замаас нь, цагдаагийн хүчээр булаан авсан тохиолдол гарч байсангүй. Ер нь эрх баригчид Монголын улс төрийн түүхэнд дан хараар бичигдэх маш олон буруу жишиг тогтоолоо.

    -Дахин санал хураалтын үр дүнд та бүхэн санаа зовниж байгаа юу?

    -Бид хуульд заасан хэм хэмжээндээ л ажиллана. Намын гишүүдийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Намын дотоод зохион байгуулалтад гарсан алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, засч залруулна гэх мэт дотоод ажлуудаа цэгцэлнэ. Нөгөө талаар Монголынхоо олон түмэнд итгэж байгаа. Сая үндсэндээ бол Монгол яллаа. Одоо энэ ялалтаа баталгаажуулна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байна. Монголын ард түмний сонголтыг хэн нэгэн эрх мэдэлтэн, ямар нэгэн улс төрийн хүчин луйвардаж болдоггүй юм байна, худалдан авч чаддаггүй юм байна гэдгийг иргэдийн сонголт бидэнд харууллаа шүү дээ. 

    -Сонгуулийн сурталчилгааны хар пи-ар үргэлжилсээр л байх шиг байна?

    -Хэн энэ бүхнийг хийгээд байгаа нь нүдэн дээр ил л байна шүү дээ. Манай нэр дэвшигч манлайлж байгаа сургаар гадны орнуудын хөрөнгийн бирж дээр үнэ ханш уналаа ч гэх шиг. Бас л нэг сонгуулийн онигоонд тооцогдох гүжирдлэг. Сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад гаднын хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ савлах уу. Энэ мэт мэдээллийг мөнгө төлж цацуулж байгаа хүмүүс, тэдгээрийн харьяалагддаг намын удирдлагуудын тархи, мэдлэгийн хэмжээг л харуулж байгаа хэрэг. 

    Ийм утгагүй, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн явуургүй оролдлого нэгдүгээрт, улсын эдийн засагт сөрөг нөлөөлнө, хоёрдугаарт, иргэдээсээ дахиад л татвар нэмж авах байдалд хүргэх нь. Боль л доо. Хүүхдийн мөнгө, Приусны татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээр цалинжиж, улсаас хангамж эдэлж тансаглаж байгаа дэд сайдууд энэ мэт увайгүй зүйлийг дэвэргэж хөөргөж, магадгүй сэдэж хэрэгжүүлж байна. Дэд сайд гэж хийх ажилгүй хүмүүс байдаг болов уу гэмээр фэйсбүүк, твиттерээр жиргээд хар пи-ар цацаад сууж байх юм. Төрийн ажил ингэж явдаггүй юм аа. Би өмнө нь ч хэлсэн, одоо ч сануулъя. Энэ МАН бол урьд өмнөх МАН биш болсон шүү. Боловсон хүчин, бодлогын хувьд урьдын МАН-ын чигчий хуруунд ч хүрэхгүй нам болсон. 

    -Одоо болох сонгуульд ирц хүрэхгүй, мөн олонхын санал авч чадахгүй бол дахин сонгууль болно. Ийм эрсдэл хэр бодитой вэ?

    -Ийм байдал үүсгэхгүйн тулд ард түмэнтэйгээ хамт хичээнэ, зүтгэнэ. Монголын ард түмэн сонголтоо баталгаажуулах асуудал юу юунаас чухал байна. 

    -МАН, АН аль нь ялгаагүй мөнгө тараасан гэсэн яриа бий?

    -Бидэнд тараагаад байх мөнгө байхгүй л дээ. АН мөнгө тараасан гэдэг бол утгагүй яриа. Магадгүй сүүдэрт нь өөрсдийнхөө луйврыг нуух гэсэн оролдлого биз. Миний сонссоноор Ардын намынхан нэр дэвшигчдээ санал өгүүлсэн хүмүүстээ урамшуулал өгсөн юм шиг байгаа юм. Нөгөөдүүл нь иргэдээс санал өгсөн биллийг нь арав, хорин мянгаар худалдаж аваад цаад “Эзэн”-дээ “Би тэдэн хүнээр танд санал өгүүллээ” гээд биллийнхээ тоогоор 50 мянган төгрөг авсан гэж сонссон. Биллээ булаацалдаад зодоон нүдээн хүртэл хийсэн сурагтай. 

    Сонгогчдын саналыг ингэж мөнгө, башир аргаар худалдаж авч болохгүй л дээ. Үнэндээ өнөөдөр эрх баригчдын ёс суртахуун ямар түвшинд байгааг харууллаа. Төрийн албан хаагчдыг сонгуульд хүчээр татан оролцуулж байгааг ч харлаа. Зарим нэг яам, төрийн сайд, агентлагийн дарга нар албан хаагчдаа “Энхболдын төлөө саналаа өгөөрэй” гэж гуйж, гуядах зэрэгцүүлсэн байна лээ. Ингэж болохгүй л дээ. Энэ нь эрх мэдэл албан тушаалдаа хэт ташуурсны илэрхийлэл. Инээдтэй нь “Эзэн”-дээ тус биш ус болох үйлдлүүд олон гарлаа. 

    -Дахин санал өгнө гэхээр зарим сонгогчид дурамжхан хандаж байгаа тал бий. Мөн энэ удаагийн сонгуулиар цагаан хуудас уншуулсан тохиолдол цөөнгүй гарлаа. Үүнийг юу гэж үзэж байна?

    -Үнэхээр цагаан хуудас өгсөн үү. Эсвэл зориуд зохион байгуулсан үйлдэл байв уу. Энэ асуудал С.Ганбаатарын санал гэнэтхэн зогсч, М.Энхболдынх гэнэт өссөнтэй адил учир битүүлэг явдал. Одоо энэ асуудлыг илт дэвэргэж асар их мөнгө хөрөнгө зарж кампанит ажил өрнүүлж байгаагаас харвал зориуд зохион байгуулалттай үйлдэл гэж үзэх магадлал өндөр байна. 

    Хувь хүн ийм шийдвэр гаргахдаа тулбал маш сайн бодох ёстой. Сонголт хийхгүйгээр үр хүүхдийнхээ ирээдүй, хувь заяаг хэрхэн шийдэх юм бэ. Монгол Улсынхаа язгуур эрх ашгийг яах юм. Цаашилбал энэ Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо саналаа өгч, сонголтоороо баталгаажуулахгүй өөр яах билээ. Тийм учраас иргэдээ саналаа идэвхтэй өгөөрэй, иргэнийхээ үүргийг биелүүлээрэй, ирээдүйгээ бүтээхэд гар бие оролцоорой гэж хүсье. Мөн өнөөдөр сайхан амлалт өгөөд маргааш түүнийгээ мартаж амлалтынхаа эсрэг ажилладаг, хариуцлага үүрч ачаа даахын оронд ард иргэдийнхээ нуруун дээр овоолж хаядаг хүмүүстэй, улс төрийн хүчинтэй хариуцлага тооцох цаг нь болсон. Монголын ард түмэн МАН-ыг хүнд ачаанаас минь үүрэлцээчээ гэж сонгосон болохоос хамаг ачааг бидний нуруун дээр тохоод ард нь өөрсдөө тансаглаж, төрөөс төрсөн тэрбумтнуудын тоог нэмээд суугаарай гэж сонгоогүй. Бид одоо л хариуцлага тооцохгүй бол төрийн хүчирхийлэл, хулгай луйвар, дарамт хэрээс хэтэрлээ. 

    Б.ДОЛЗОДМАА

    Эх сурвалж: Өдрийн сонин