Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт боллоо
    2017 оны 06 сарын 24 нд
    6993a167a114881ebdf998666f8b5aa9.jpeg

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хаалт өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Сурталчилгааны хаалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Болд,  Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, хотын дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

    Сонгуулийн сурталчилгааны хаалтын үйл ажиллагааны эхэнд АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ үг хэлсэн. Тэрбээр сонгуулийн сүүлчийн хоёр өдөр эрх баригчид, МАН-ынхан их хэмжээний мөнгө тараахаар бэлтгэж байгаа талаар анхааруулж, саналаа худалдахгүй байхыг иргэдэд санууллаа. Түүний дараа нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл үг хэлж, шударга сонгууль болохгүй, эрх баригчид луйвар хийвэл Үндсэн хуулийнхаа төлөө тэмцэнэ гэдгээ ч илэрхийлсэн юм. 

    Мөн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ээжүүд, эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс үг хэлж, нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг дэмжихийг уриалсан. Түүнээс гадна Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар залуучуудаа сонгуульдаа идэвхтэй оролцож, зөв сонголт хийхийг ч уриаллаа. Ийнхүү АН-аас нэр дэвшигч, “Монгол ялна” хэмээх уриатай Х.Баттулга сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг ёслол төгөлдөр хийж, албан ёсоор сурталчилгаагаа өндөрлүүллээ.