Э.Бат-Үүл: Шударга сонгууль болбол М.Энхболд хоёроор ч гарч ирэхгүй
    2017 оны 06 сарын 24 нд
    a1096fce026f55e5cd9ce7943d75f8ab.jpeg

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга өнөөдөр төв талбайд сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл иргэд, сонгогчдод хандаж үг хэллээ.

    Тэрбээр “Та бүгдийнхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Би Чингисийн талбайд ирэхдээ та бүгдэд сэтгэлийнхээ үгийг хэлэхийг зорьсон юм. Би өчигдөр орой телевизэр үзэж байгаад харсан зүйлээ бодохдоо бачимдан гүйж ирсэн. Өчигдөр орой зурагтаар Баттулгын хүүгийн эсрэг хэвлэлийн бага хурал хийж байгаа тухай гарсан. Баттулгын хүү нэр дэвшээгүй. Баттулга нэр дэвшсэн. Баттулгын хүү улс төрд оролцдоггүй ээ. Баттулга улс төрд оролцдог. Баттулгын хүү зүгээр л нэг жирийн монгол залуу. Насанд хүрсэн, өөрийнхөө амьдралын алдаа оноог өөрөө л хариуцдаг хувь хүн. Би үүнийг яагаад хэлж байна вэ гэвэл, хүүгээр нь барьцаалсан муухай улс төрийг өмнө Монголд хэн ч хийж байгаагүй юм. Хайртай хүмүүсээр нь барьцаалсан ийм адгийн улс төр Монголд болж байгаагүй. 

    Өнөөдрийн Энхболдтонгуудын явуулж байгаа улс төр хэрээс хэтэрч байна. Бид өмнө нь зөндөө л жагсч, цуглаж. Зөндөө л хоорондоо тэмцэж байсан. Найман ч удаа Их хурлын сонгууль боллоо. Долоон ч удаа Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Орон нутгийн сонгуулийг тооцвол тоогоо алдсан. Энэ бүх сонгуулийн үеэр бие биеийнхээ үр хүүхдийг хэзээ ч барьцаалж байгаагүй юм. Нэг нэгийнхээ хувийн амьдралыг дандаа хүндэлдэг байсан. Ингэж л бид өрсөлдөж байлаа. Гэтэл өнөөдөр юу болж байна. Би эрүүжсэн улс төр гэж үүнийг хэлээд байгаа юм. Ийм төр бий болох гэж байна. Баттулгынхаар зогсохгүй АН-ынхны бүгдийнх нь хүүхдийг барьцаалж дайрах гэж байна аа. 

    Би энд нэг зүйлийг хэлэх гэж ирсэн. Тэр зүйлийг хэлэхийн тулд би Монгол Улсын Баатарын тэмдгээ зориуд зүүж ирлээ. Миний энгэр дээр зүүсэн тэмдэг бол та нарынх шүү. Та нар 1990 онд Монголыг ялуулсан. Коммунистуудын дарангуйллаас Монголыг чөлөөлсөн тэр баатруудын тэмдэг юм шүү, энэ. ЗХУ гэдэг эзэнт гүрний хараат, тоглоомын орныг үндэсний эрх чөлөөг нь олж өгсөн баатруудын та нарын тэмдэг. Дарга ямбатны ангид дарлуулж суусан иргэдээ чөлөөлж өгсөн та нарын тэмдэг юм. Ийм баатруудыг эрх баригчид айлгана гэж бодож байх шиг байна. Тийм юм байхгүй ээ. Ийм баатруудыг айлгаж болдоггүй юм. Бид айдгаа 90 онд авдранд хийгээд орхичихсон хүмүүс. Энд цэргүүд байсныг та бүхэн санаж байгаа байх. Биднийг дарах гэж энд зэвсэг агссан хүмүүс ирж байсныг санаж байгаа болов уу. Тэгэхэд бид айгаагүй. Тийм байж одоо олигархиуд, амиа бодсон шуналтай улстөрчдөөс айна гэж бодоод байх шиг байна. Тийм юм байхгүй шүү. 

    Би нэг зүйлд их санаа зовж байна. Түүнийгээ та бүхэнд илэн далангүй хэлье гэсэн юм. Үнэхээр шударга сонгууль болох юм бол Энхболд хоёроор ч гарч ирэхгүй. Нэн ялангуяа нийслэлчүүд Энхболдтой тооцоотой. Яагаад гэвэл Энхболд газрын далд наймаагаар нийслэлд баян, ядуугийн туйлыг бий болгосон. Нийслэлийн олон мянган гэр хорооллын иргэдийг ядууралд нь гацаасан. Тийм учраас нийслэлчүүд, гэр хорооллынхон тооцоотой. Тэр хүн үүнийг мэдээд нийслэлээс дандаа зугтаж нэр дэвшдэг байсан. Харин одоо нийслэлчүүдэд түүнтэй тооцоо бодох боломж олдож байна. Тэгээд энэ хүн ялахгүй гэдгээ мэдэж байгаа учраас л луйвар хийх гээд байгаа. Тэр аль хэдийнэ сүлжээгээ ажиллуулаад, саналын хуудсаа тоолоод тавьчихсан байх. Энэ л хамгийн том аюул. 

    Шударга сонгууль болох юм бол Монгол ялна. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Ялж ч байсан юм. Шударга сонгууль бүр дээр ялж байсан. Би энд нэг зүйл хэлье. Хэрвээ санал худалдсан, хууль зөрчсөн сонгууль болоод, Энхболд ялах юм бол бид Үндсэн хуулиа хамгаалж тэмцэнэ. Үндсэн хуулийн нэг заалтыг та бүхэнд уншиж өгье. Гуравдугаар зүйлийн хоёрт юу гэж бичсэн бэ гэхээр, Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэж заасан. Санал худалдаж авна, сонгуулийн луйвар хийнэ гэдэг бол төрийн эрх мэдлийг хууль бусаар олж авч байгаа хэрэг юм. Ийм зүйлийг зөвшөөрөхгүй ээ. Бид Үндсэн хуулиа хамгаалж тэмцэнэ ээ. Тийм учраас сонгуулийн луйвар хийх гэж байгаа хүмүүс айтугай гэж хэлмээр байна. Тэртээ тэргүй монголчууд шударга сонгуулиар цангаж байгаа. Одоо монголчууд нэг шударга сонгуулийг хүд хүд хийтэл залгилмаар байна шүү дээ. Бүгдээрээ Монголоо 1990 он шиг дахиж ялуулъя. Баттулгыг ялуулбал Монгол ялна” хэмээн хэллээ.