Cosa Nostra буюу МАХН-ын бүтэц, үйл ажиллагаанд хийсэн егөө ажиглалт
    2017 оны 06 сарын 24 нд
    f2c09cdfebdb2536b96d53dc08fece33.jpeg

     

     

     

     

     

     

     

    2007 оны долдугаар сарын 19 нд уг нийтлэлийг бичиж, тухайн үеийн өдөр тутмын сонинуудад хэвлүүлж байснаа эргэж хараад уншигчдад дахин хүргэж байна. Өнөөдөр эргээд уншихад энд бичигдсэн нөхцөл байдал өөрчлөгдсөн юмгүй л байна. Харин нийтлэлд дурдагдаж байгаа МАХН гэдэг нэр МАН, МАСЗХ гэдэг нэр НАМЗХ л болжээ. 

    Италийн цагдаа, тагнуулынхан Сицили арал дээрээс мафийн есөн толгойлогчийг баривчилсан нь баруун Европ даяар дуулиан тариад байна.

    Сицилийн мафийн “Загалмайлсан эцэг” Бернардо Провенцанотой хамтран ажиллаж байсан гэх тэднийг Италийн хууль хяналтынхан 43 жил чармайсны эцэст сая баривчилжээ. Тэд өмнө нь баригдсан Бернардо Провенцанотой хамтран ажилладаг байсан ба баригдах хүртлээ үйл ажиллагаагаа явуулсаар, удирдагчдаа ногдол ашиг төлсөөр явсан юм. Баривчлагдсан толгойлогчдын дотор Томмазо Канелла, Винчензо Саллетро, Жузеппе Либрери нарын зартай гэмт хэрэгтнүүд байгаа тухай цагдаагийнхан мэдээлсэн байна. 

    Мафийн толгойлогчид тус улсад гарсан бүхий л гэмт хэргийн шинжтэй үйлдэлд оролцдог ч хэзээ ч баригдаж байгаагүй аж. Өөрөөр хэлбэл хууль хяналтынхнаар маш сайн хамгаалагдаж байсан ажээ. Мафийн толгойлогч Б.Провенцано ч “авлигад автагдсан улс төрчдийн ачаар олон жил нуугдаж чадсан” гэж мэдүүлжээ. 

    Mafia гэж юу юм бэ?

    Мафи гэж монголчууд ярих дуртай. “Өө, цаадах чинь тэр, энэ мафийн гишүүн” гэж ирээд л захын бацаан цуурах ба “мафи” гэсэн нэр, хочийг дуртай хүндээ наана. “Хотын газрын мафийн босс Энхболд, Бадамжунай нар ....” гэж бичсээр удав. 

    XIX зууны Сицилиэс гаралтай энэ нэр, байгууллагын түүх урт, ойлголт олон янз байсан ч эдүгээ нийтээрээ “mafia” гэдэгт шүүх, цагдаа, төрийн бүтцэд нөлөөлөх, тэднээр өмгөөлүүлэн хамгаалуулах боломж, чадвар бүхий хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг гэмт хэргийн зохион байгуулалттай бүтцийг ойлгож байна. 

    Үнэн хэрэгтээ монголын эрүүгийн ертөнцөд түүхэндээ mafia гэж үзчихээр бүлэглэл үүсэж байсангүй. Зохион байгуулалттайгаар дарамтлах, сүрдүүлэх (рэкет) маягийн зүйлс цухалзмагц хуулийнхан даруй учрыг нь олж байлаа. 

    Нэвтэрхий толь, бусад мэдээллүүдээс мафийн бүтэц, үйл ажиллагаа шинж төрхийг харж байхад МАХН-д мафийн сонгомол бүтэц, үйл ажиллагаа хэрэгждэг болох нь тодорч, анзаарсан зүйлсээ уншигчидтай хуваалцахаар шийдлээ.
     


    Cosa Nostra ба МАХН-ын бүтцийг харьцуулахуй

    mafia гэдэг нэрийн гарал үүслийн талаар хэл шинжлэгчид, түүхч, судлаачид маргаантай байдаг ба бидний мафи гэж яриад байгаа гэмт бүлэглэлүүд өөрсдийгөө “Cosa Nostra”-(манай юм гэсэн утгатай гэнэ) гэж нэрлэдэг ажээ. МАХН-ыг ч монголчуудын нэгээхэн хэсэг нь “манай нам” гэж дуудах дуртай. 

    Хэвлэлийнхэн болоод энгийн иргэдийн дунд л mafia гэсэн нэршил түгээмэл хэрэглэгддэг юм байна. Энэ бүхнийг орхиод мафийн бүтцийн асуудлыг авч үзье. 

    Америк маягийн бүтэц бүхий мафийн удирдлагын оройд Boss – байх ба түүнийгээ Don эсвэл God Father(загалмайлсан эцэг) гэж дууддаг ажээ. МАХН-ынхан удирдагчдаа “Эцэг болсон Чойбалсан”, “Ард түмний эцэг”, “Үндэстний удирдагч” гэх зэргээр дууддаг нь босс-оо авгайлах монголжин хувилбар гэлтэй. 

    Boss нь Caporegime(ахмад) буюу аравтын дарга нарын саналаар сонгогддог гэх агаад МАХН-ын босс нь ч бага хурлаасаа үүрийн дарга нар хэмээх Caporegime- сонгогддог. 

    Сонгогдсон босс-тоо мафийн гишүүд олсон орлогоосоо хувь хүртээдэг бол сонгуулийн дараа МАХН-аас томилогдсон төсвийн байгууллагын дарга нар энэ ёсноос гажихгүй. “Хандив” нэрээр хувь өгөх гэж байгаад баригдаж шоронд суусан хүн ч бий. 

    Мафийн хоёрдахь хүн нь Underboss бөгөөд Ху намынхаар бол Ерөнхий нарийн бичгийн дарга юм уу даа. Энэ хүн аравтын дарга Caporegime-үүдийг удирдан чиглүүлж, өдөр тутмын ажилд нь менежмент хийнэ. МАХН-ынхаар бол Ерөнхий нарийн бичгийн дарга юм уу даа. Хэрвээ босст ноцтой асуудал тохиолдвол хамгийн түрүүнд орлох хүн нь мэдээж Underboss.

    Мафийн дараагийн маш чухал албан тушаалтан бол Consigliere буюу зөвлөх. МАХН-д бол ийм зөвлөхүүд нэг биш. Чиглэл чиглэлээрээ байх жишээтэй. Үндсэн хуулийг ноцох бол тэр, иргэдийн хөдөлгөөнийг унтраах бол энэ гэх мэт. МАХН-ын сonsigliere –нүүд хууль бус ажлуудыг хууль ёсны болгож харагдуулах, хууль хяналтынхантай холбоотой байж шаардлагатай дэмжлэг авах, нөлөөлөл үзүүлэх үндсэн үүрэгтэй. Энэ мафийн ийм албан тушаалтны хийдэг үндсэн ажил юм. МАХН-ын хуулийн зөвлөхүүд сүүлийн нэг жилд гэхэд л УИХ-дахь МАХН-ын үйлдсэн хууль бус ажиллагаанууд, МАХН-аас бүрдүүлсэн Засгийн газрын гэм нүглийг цайруулах ажлыг ихээр хийсэн нь хангалттай шуугиан тарьж, эсэргүүцэлтэй тулгарсан билээ. 

    Capo, Caporegime гэж дуудагддаг зуутын дарга нар бол мафийн хөдөлгөгч хүч, дайрагч отряд мөн. Эд нар нь өөрсдийн бүлэглэлүүдийг мафийн үндсэн зорилтыг биелүүлэхэд чиглүүлэн удирдах бөгөөд МАХН-ын Caporegime-үүд янз бүрийн холбоо, жигүүр, хөдөлгөөн гэж нэршсэн арваад бүлэглэлийг чиглүүлдэг. Олонд зартай Caporegime – үүд нь бүгд ямар нэг холбоо, хөдөлгөөн, жигүүрийг толгойлдог ба ТББ-гүй зарим нь Энержи ресурс г.м бизнес бүлэглэлүүдээр хүрээлүүлнэ. Capo нар бүгд өөрсдийн хариуцсан салбартай. Нэг нь улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордуудыг(Бороо, Тавантолгой г.м) завших, цөлмөхөд мэргэшсэн бол нөгөө нь бусад улс төрийн хүчнүүд рүү шууд галлаж, дайрах, ноцох, хараах зүхэх даалгавартай. Бас нэг нь ирээдүйн төсвийн хөрөнгө завшигчдыг сургах, зааварлах, тархаан байрлуулах ёстой. МАСЗХ бол жишээ нь иймэрхүү байгууллага бололтой. Тэд улсын банк, санхүүгийн байгууллагуудад гишүүдээ шургалуулж тэд нараар дамжуулан мөнгө зувчуулж байсан нь хууль хяналтынханд илэрхий болсон билээ.

    Soldier(цэрэг), Buttons(кноп, товчлуур) гэгдэх жирийн гишүүд нь дээрээс өгсөн үүрэг даалгаврыг гардан гүйцэтгэх үүрэгтэй. Дарга нарынхаа шийдвэрийг биелүүлэхээс бус шүүн хэлцэх эрх байхгүй. Ц.Түмэнгэрэл олонхийн боддог шиг Capo бус МАХН-ын жирийн нэгэн кноп байсан бололтой юм. Тэр шүүх хурал дээр “Д.Бадраа агсныг МАСЗХ-ны гишүүн байсан” гэж хэлэхэд шүүгч “МАХН-аас түүнийг манай намд ямар ч хамаагүй гэсэн бичиг ирүүлсэн” гэж хариулжээ. Ц.Түмэнгэрэлийн царай цайсхийснээ намуухнаар “Аа тэгвэл нам тэгж хэлэхээр шийдэж л дээ” гээд таг болсон байна. Кнопнууд удирдлагын шийдвэрийг зөрөх эрхгүй бөгөөд оmerta буюу “амаа хамхих ёс” энд үйлчилдэг. Кнопнууд огцом дээш хөөрч албан тушаал ахиж цойлох үзэгдэл цөөнгүй агаад тэдний нэг нь өнөөх Ц.Түмэнгэрэл байв. Тэр жирийн цэргээс асар хурдацтай ахиж намын дарга нартай шадарлах болсон бөгөөд намын даргатайгаа хундага тулган зогсох түүний зургийг үзсэн МАХН-ын гишүүн бизнесмен “Би арван жил намд хандив өргөөд, ажилд зүтгээд ийм завшаан олж чадаагүй юм. Тэгэхэд энэ...” хэмээн сүүрс алдаж байж билээ. Boss өөрт нь таалагддаг кнопнуудын төлөө өгөөмөр ажил хийх нь ч бий. МАХН-ын УИХ дахь бүлгээс Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөн дунд “Сэтгэл санаа давчдаж, цочирдсон үедээ хүн албал хэргийг хөнгөрүүлэн үзэх” тухай заалт оруулахаар зүтгэж байгаа. Ц.Түмэнгэрэл “Миний сэтгэл санаа их цочирдсон байсан. Би юу болсныг 10 хоногийн дараа л ухаарсан...” гэх маягийн мэдүүлэг өгсөн зэргээс харахад Boss –ын зүгээс цэргээ авч үлдэх арга сэдсэн бололтой. Ц.Түмэнгэрэлийн давж заалдсан өргөдлийг хэлэлцэх явц хууль өөрчлөлт орохыг хүлээн сунжирч байгаа билээ.

    МАХН-ын гишүүд хоорондоо муудалцсан, талцаж үзэлцсэн, бүр алалцсан тохиолдлууд цөөнгүй бөгөөд тэд нарын зөрөлдөөний цаана их төлөв Capo нарын амбици, мөчөөрхөл байдаг бололтой. Ц.Түмэнгэрэлийн өдүүлсэн хэрэг нь МАСЗХ-ны удирдагч Capo нарын талцал, зөрөлдөөнөөс эхтэй гэсэн утга бүхий ярилцлагыг уг холбооны идэвхтэй гишүүн, нэгэн дүүргийн дарга(бас нэгэн Capo) өгч байлаа.

    Associate – түнш, холбоотон гэх маягийн хүмүүс хамгийн доор байна. Эд бол яг мафийн гишүүн биш. Эд нар тодорхой ажиллагааны үед дуудагдан ашиглагдаг, чухал бус үүргүүдийг гүйцэтгэдэг. Сонгуулийн үеэр ухуулах хуудас тараах, давхар санал өгөх, эсрэг өлсгөлөн, эсрэг жагсаал, цуглаан, хөдөлгөөнд оролцох гэх мэт. Жишээлбэл: МАСОХ гэж тоглоомын байгууллагын идэвхтэй гишүүн А.Дамдинням гэгч ийм албан тушаал дээр өөрийгөө гайхалтайгаар нээн харуулсан учир Capo С.Ганхуягийнхаа тодорхойлолтоор их удалгүй button болж Эрс шинэчлэл хөдөлгөөний эсрэг жагсаалыг зохион байгуулах үүрэг авч байжээ. Тэрээр сүүлийн хоёр жил бух мэт зүтгэж залуу кнопнуудад үлгэрлэсэн учраас саяхнаас Capo болон дэвшиж Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвд дэд даргаар тохоон томилогдохоор яригдаж байна. Түүний үүрэг нь эртнээс иргэний үнэмлэхний ард наадаг наалтыг “хангалттай тоогоор нөөцлөх”, сонгуулийн үеэр давхар санал өгөх аssociate – түншүүдийг “ажиллах нөхцөлөөр хангах” гэнэ.

    Намд онцгой хандив өргөсөн түншүүдийг улаан шугамаар дээшлүүлэн харж үзэх тохиолдол ч бий. Сонгуулийн өмнө хэдэн зуун саяар нь намдаа хандивласны эцэст сайд, газрын дарга болох үзэгдэл түгээмэл. Хандив өргөгчдийн ихэнх нь намын гишүүд бус түншүүд байдаг. Намын дотор оролгүй гаднаас нь санхүүжүүлж олон тооны тендерт ялдаг, энэ чиглэлээр дагнасан компани ч байдаг. Хоёр жилд 96 тендерт ялсан нэг компани байх ба тэд үндсэндээ МАХН-ын өнөөгийн үйл ажиллагааг тодорхойлж байгаа.

    Omerta

    Omerta буюу “амаа үдэх” ёс нь мафийн оршин тогтнолын үндэс болдог байна. Associate – түншээс өгсүүлээд бүх шатны гишүүд, босс хүртлээ дотоод үйл ажиллагаа, үйлдсэн хэргүүдийн талаар дуугарах ёсгүй. МАХН-ын нэгдэл, хүч чадал гэдэг үлгэрийн уг үндэс нь ердөө л энэ юм. Дуугарвал... “If I live, I’ll kill you. If I die, I forgive you” –"Хэрвээ би амьд байвал чамайг ална, үхвэл чамайг өршөөнө” гэх маягийн заналхийлэлтэй тулгарна. 

    Гаалийн хэмээх Х.Баатар хуулийнхны гарт ормогц Omerta –г умартах шинжүүд гаргасан тул намынх нь Underboss, Capo нар шоронд эргэж очжээ. Үр дүнд нь Х.Баатарын ухамсар дээшилж, оmerta-г сахиж эхэлсэн бөгөөд “би захиа бичээгүй”, “намын удирдлагууд буруугүй” гэх маягийн мэдүүлгүүд өгөх болжээ. Удалгүй Х.Баатарын эхнэр МАХН-ын Бага Хурлын гишүүн болсноор удирдлагуудын авсан арга хэмжээ олон нийтэд тодорхой боллоо. Omerta –г дан ганц заналхийллээр сахиулдаггүй, наймаалцдаг ажээ. “Загалмайлсан эцэг II” кинон дээо дүрсэлснээр "Five Angels" хочтой Frank Pentangeli Omerta –г зөрчиж pentiti буюу илчлэх үйл ажиллагаа явуулж эхэлмэгц мафийнхан Сицилээс төрсөн ахыг нь авчирч “амаа үдэх” тангаргийг сануулж чаджээ. Consigliere Тоm Hagen шоронд очиж түүнтэй уулзан гэр бүлийг нь ивээлдээ авч байгааг уламжилснаар Pentangeli оmerta –г сахиж, амиа хорлоно. 

    Мафийнхан Omerta –г сахисан гишүүдээ харамгүй шагнадаг, үр хүүхэд хамаатан садныг нь ивээлдээ авдаг жамтай гэнэ. Харин сахиж чадаагүй гишүүд наад зах нь цөлөгдөн, хог дээр үсэрч, хэзээ ч өөдлөхгүй явсан цаг саяхан. Амь нас хохирох нь энүүхэнд байлаа. 

    Төр, нийгмийн зүтгэлтэн А.Төмөр-Очирын амь насыг хороосон хэрэгт ийм шинж төлөв ажиглагддаг. Тэгээд бэлбэсэн эхнэр нь 2007 оны эхээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нөхрийг МАХН алсан. Өөр хэн тийм юм хийх вэ дээ” гэсэн нь бий. Цагтаа МАХН-ын тамгыг сийлж, хожим нь дарга нь явсан Бодоо агсан Omerta-г сахина гэдгээ илэрхийлсээр намын ажлаас хөндийрөхөд итгэлгүй хилс хэрэгт унагаж амийг нь хороожээ. Ю.Цэдэнбал Omerta-г чанд сахиж байсан хэдий ч бологоомжлох үүднээс түүний амыг үүрд үдсэн бололтой. 

    Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга агсны амь насыг хөнөөсөн хэргийн дараа талийгчийн ахыг мөн МАХН-ын Бага Хуралд дэвшүүлжээ. Omerta –г сахиулах арга уу? Алуурчин нь ч амаа хамхих ёсыг давгүй сахив. 

    Мафийн эрхэлдэг бизнес

    Тэд их төлөв хар тамхи, мөнгө хүүлэх, барьцаагүй зээлэх, далд мөрийтэй тоглоом, авилга, айлган сүрдүүлэх, дарамтлах гэсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Мөн уул уурхай, газрын наймаа мэт ашигтай салбаруудад гараа дүрэхээс буцахгүй. 

    МАХН ч энэ зарчмаас гажсангүй. ХЗХ хэмээх мөнгө хүүлэх, цөлмөх байгууллагуудыг дэлгэрүүлсэн бөгөөд намын удирдлагууд, Capo нар ХЗХ олноор нь байгуулж байсан нь тодорхой болоод байгаа билээ. 

    Сэргээн босголт, Ард банкны дампуурал нь барьцаагүй зээлэх бизнесийнх нь хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа байсан бол ХЗХ –оодоос цөлмөсөн мөнгийг МАХН-ын хязгааргүй хаанчлалын үед цэцэглэсэн мөрийтэй тоглоомын газруудаар дамжуулан гувчуулжээ. Бүтээн босголт, хөрөнгө оруулалт ХЗХ-ны “эзэд” гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс мөрийтэй тоглоомонд хамаг мөнгөө хийснээ хүлээсэн байна. Гэр хорооллын барилгажилт ХЗХ хэмээх мөнгө хүүлэх байгууллагын удирдлага нь МАХН-ын бага хурлын гишүүн, Нийслэлийн ИТХ-н гишүүн байлаа. CMC хэмээх ХЗХ-ны хамаг мөнгийг тоноод бултсан хүн нь МАХН-ын тэргүүлэх албан тушаалтан асан Лантуугийн хүү Дамдинсүрэн гэгч байлаа.

    Хар тамхины хэрэглээ монголд байхгүй болохоор жирийн тамхийг хязгааргүй дэлгэрүүлэх үйлст энэ намын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүн асан хүмүүс ч зүтгэж буй. Уул уурхай болон газрын наймааны талаар энэ намын удирдлага, Capo нарын өдүүлсэн хэргийг тоолоод баршгүй. Авилгыг цэцэглүүлсэн, албан тушаалтныг дарамталж мөнгө саадаг зэрэг нь нэгэнт ил болохоор нуршаад утгагүй.

    Эцэст нь хэлэхэд мафийн дотоодод зөрчил самуун ихтэй байдаг гэнэ. Boss гэнэт алга болчих, сураг тасрах нь олонтаа бөгөөд энэ нь дотоод хямралын үеэр амиа тавьдагтай холбоотой болов уу гэж таамагладаг ажээ. Мафийн боссууд өөрсөд нь таалагдаагүй нэгнийг шууд буудчихдаг үе аль хэдийнээ ард хоцорч золгүй осолд өртүүлэх, хүнд өвчин, гэнэтийн хурц тохиолдлыг сонгохыг эрхэмлэх болжээ. Өөрөөр хэлбэл “сэжиг ажиггүй тонилгох” нь үр дагавар сайтай гэж үздэг байна.

    МАХН-ын дотоодод зөрчил хурцадсан үед сөргөлдөгч талаас гол толгойлогчид нь гэнэтийн золгүй осолд өртөх, цочир өвчин дайрах нь цөөнгүй. Улс төрийн өрсөлдөгчид нь гэнэтийн халдлага, дайрлагад өртөх нь нь ч нэг бус. Энэ бүхэнд хэнийг ч буруутгаж, сэжиглэж байсангүй. Зохион байгуулалтай гэж сэжиглэсэн ганц хэргээ илрүүлэх сонирхол муутай. Шүүх цагдаа бүхэлдээ тэдний талд үйлчилдэг нь тод харагддаг. Энэ мэт харьцуулалтаас үзэхэд МАХН Cosa nostra буюу зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тун төстэй байгаа шинжүүд тодорсоор байна. 

    Мафи нь нийгмийн хөгжил, эдийн засгийн хурдцыг асар их хэмжээгээр сааруулж хойш татаж байдаг. Энэ жамаас монгол ч гажсангүй МАХН улсынхаа 17 жилийн хөгжлийг хойш татлаа. Сицили гэхэд засаг захиргааны есөн нэгжид хуваагддаг, хүн амын дийлэнх нь газар тариалан эрхлэн амьдардаг, үйлдвэрлэл бага хөгжсөн. Цаг уурын үлэмж таатай нөхцөл, газар зүйн ашигтай байрлалд байдаг хирнээ олигтой хөгжсөнгүй. Нутгийн залуучуудын дийлэнх нь ажил эрхэлснээс “хангамж” сайтайгаар нь цагдаа болохыг илүүд үздэг. Учир нь цагдаа төрөөс цалинжихын хажуугаар мафиас шан харамж авч, иргэдийг дарамтлан хахууль нэхдэг учир орлого сайтай ажээ. Манайд ч замын цагдаа болчихвол “жаргалаа” гэсэн залуучууд олон байдаг. 

    Олон улсын мафийн эсрэг форум Италийн нийслэл Ром хотноо болох гэж байна. 3 өдөр үргэлжлэх олон улсын чуулганд 200 гаруй улс оролцож зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн эсрэг тэмцэх талаар яриа өрнүүлнэ. Судалгаанаас харахад мафийн сүлжээ хүчтэй хөгжсөн гэх Италид сүүлийн 10 жилд мафийн үйл ажиллагаанаас 2500 гаруй хүн хохирогч болж захиалгат аллагын бай болсон гэсэн судалгаа гарчээ. Улс төрчид эрх баригчид мафийн эсрэг тэмцэж чадахгүй байна, зарим оронд эрх баригчид нь өөрсдөө мафи маягийн зохион байгуулалтад ордог гэж ВВС ээс мэдээлэлжээ. Монголын нийт иргэд зохион байгуулалттай луйвар, хөрөнгө цөлмөх үзэгдлийн хохирогчид болсоор байгаа бөгөөд захиалгат аллагын золиосонд нэртэй улс төрчид өртсөөр байна. Асар их мөнгөний дүн бүхий гэрээ хэлцэл, хууль УИХ-аар батлагдахын өмнө ард олны эрх ашгийг дээдэлж, сөрөг байр суурь баримталсан улс төрчид халдлагад өртдөг нь ч зуршил боллоо. Таван толгойтой байгуулах тогтвортой байдлын гэрээ хийгдэхийн өмнө янз бүрийн асуудлууд босож, улс төрчдийг хуйгаар нь худалдан авах гаарлаа. Тогтвортой байдлын гэрээг дэмжсэн тохиолдолд танд 100 саяыг өгье гэх амлалтаар МАХН-аас 30 гишүүн, бусад намын гишүүдээс 15 гишүүн элсүүлчихлээ гэж Энержи ресурсын удирдлагын гишүүн нөгөөдүүлдээ илтгэсэн тухай сул яриа ордноор тэнүүчлэн байна. Үнэн эсэхийг ард түмэн харах цаг айсуй. Энэ бүхнээс үзэхэд бид мафийн хараа хяналтад бүрэн ороо юу даа гэж бодогдлоо.

    Тэднээс салах, сөрж зогсох эрмэлзлэл харин нийгэмд байгаа болов уу?
     

    2007.07.19

    Via baabar.mn