Нэр дэвшигч Х.Баттулга “Хархорин” зах, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зочиллоо
    2017 оны 06 сарын 20 нд
    a2100c6568c8cd1db57cc32adbcafad2.jpg

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга нийслэлийн иргэд, сонгогчидтой уулзалт хийж, энэ хүрээнд томоохон зах, худалдааны төв, цэргийн анги нэгтгэлүүдээр орж эгэл ардын үгийг сонсч яваа билээ. Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгогч олонтой уулзалт хийсэн тэрээр “Хархорин” зах, Зэвсэгт хүчний 013 дугаар ангиар орж иргэд сонгогчид, офицер ахлагч, цэрэг дайчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

    “Хархорин” захын хувьд нийслэлийн хүн амын хүнсний ханган нийлүүлтийн 30 орчим хувийг дангаар хангадаг, 1400 гаруй түрээслэгчтэй зах, үйлчилгээний төвүүд дундаа томоохонд тооцогддог билээ. Гэр хороололд өсч өндийн, наймаа худалдааны ажил голдуу эрхэлж бизнесийн салбарт хөл тавьсан нэр дэвшигч Х.Баттулга хөлс, хүчээ урсгаж босгосон эгэл бор амьдралын амтыг хамгийн сайн мэдэх нэгэн. Тиймдээ ч нийгмийн дундаж давхрагыг бүрдүүлж, хувийн хэвшлийг өдий зэрэгтэй авч яваа жижиг, дунд бизнес эрхлэгчид хийгээд худалдаа, үйлдвэр үйлчилгээний салбарынхныг онцлон уулзаж байгаа юм.

    Мах, махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, гэр ахуйн барааны худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлж буй иргэдтэй уулзаж ярилцсан тэрбээр Засгийн газрын гишүүнээр ажиллах хугацаандаа хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбар руу чиглэсэн бодлогын баримт бичиг батлуулж, малчид, тариаланч, үйлдвэрлэгчдийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байсан. Жишээлбэл, шинэчлэлийн Засгийн газрын үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн нь хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлж, үр дүнгээ өгч байсан юм. Тиймдээ ч “Хархорин” захын худалдаа, наймаа эрхлэгчид хөлсөө урсгаж олсон хоолны амт шимтийг мэддэг, хөдөлмөрч, бүтээлч, экспортыг дэмжигч эх оронч хүн Монгол Улсын Ерөнхийлөгч болох ёстой хэмээн нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж байна.

    Захын үйл ажиллагаа, лангуу түрээслэгчдийн ахуй амьдрал, аж байдалтай танилцсан тэрбээр нийслэлийн хүрээний анги, нэгтгэлүүдийн нэг Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зочилж, офицер ахлагч, цэрэг дайчидтай уулзлаа. Эл уулзалтад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж нар оролцож үг хэлсэн юм. Нэр дэвшигч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийн тухайд алба хаагчид ам сайтай байв.

    Уулзалтын үеэр Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёрюү Д.Дагвадорж бие бүрэлдэхүүнд хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Монгол эрчүүд зориг зүрхтэй, хөдөлмөрч бүтээлч байвал олз омог, онгод хийморь дагаж явдаг юм шүү. Манай алба хаагчдын дунд 18-тай дүү нар маань ч байгаа байх. Миний бие 19-хөн насандаа арлын оныг зорьж, сүмогийн чанга хатуу бэлтгэлээр хүмүүжиж хүн болсон. Эргээд бодоход эх орныхоо нэрийг өндөрт өргөж явах хүсэл тэмүүллээр тэр бүхнийг даваж гарсан санагддаг. Цэрэг армийнхан болоод спортынхонд ижил төстэй зүйл олон байдгийн нэг нь эх оронч үзэл юм. Нэр дэвшигч Баттулга ах маань ч дэлхийн дэвжээнд төрийнхөө далбааг мандуулж явсан нэгэн. Түүнчлэн, улс орныхоо хөгжил дэвшилд хүч хөдөлмөрөө зориулж, санаагаа чилээж явдаг нэгэн. Өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх эрхэм хүндтэй албанд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Энх цагт эр цэргийн албанд мордсон олон арван аавын хүүг ажилтай, орлоготой, мэргэжил боловсротой болгох, хамгийн гол нь бодитоор хэрэгжих боломтой “Нэг цэрэг-Нэг үндэстэн” хөтөлбөрийг энэ хүн сэдэж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зүгээр нэг ганц жилийн алба хаах бус ажил мэргэжил эзэмших, орон байртай болох боломж олгож буй энэ хөтөлбөр дэлхийн олон улс оронд амжилттай хэрэгжсэнийг би мэднэ. Тиймээс залуус та бүхэн энх цагийн баатрууд болж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг хүсвэл нэр дэвшигч Баттулгыг дэмжээрэй” гэсэн юм.

    Нэр дэвшигч Баттулга маргааш нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж, алслагдсан дүүргийн ард иргэдийн ахуй амьдралтай танилцаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна.