Говь-Алтайчууд мөнгөнд шунах шунал нь арилсан хүнийг дэмжихээ илэрхийллээ
    2017 оны 06 сарын 14 нд
    7fdbe2312ff1dc633af1da271b5ac1fd.jpeg

     

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын монгол түмэнтэйгээ хийж буй уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Говь-Алтай аймгийн Алтай нутгийн иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө Алтай хотын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай уулзлаа. Мөн Алтай хотын төв талбайд байрлах Монгол Улсын баатар М.Жанчивын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

    Нэр дэвшигчийн иргэдтэй уулзах уулзалтад иргэдтэй хийх уулзалтад АН-ын дарга, УИХ-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Говь-Алтай аймгийн АН-ын дэд дарга Г.Чинбат нар оролцлоо.  Уулзалтын эхэнд Говь-Алтай аймгийн АН-ын  дэд дарга  Г.Чинбат“Говь-Алтайчууд хэзээнээс нааш хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүнийг дэмжиж ирсэн билээ. Өнөөдөр тийм л нэг Засагт ханы хөх харчуулын нэг нь энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна. Тиймээс Х.Баттулга нэр дэвшигчийг дэмжихийг уриалж байна” хэмээн хэлсэн юм.

    Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ танхимд хүрэлцэн Алтай нутгийн иргэд, сонгогчдодоо баярлалаа. Бид өнөөдөр улс орныхоо тусгаар тогтнол, ирээдүй хойчийнхоо төлөө сонголт хийх эгзэгтэй цаг үед тулж ирээд байна. Энэ сонголт Монгол орших уу, эс орших уу гэдгийг шийдэх түүхэн сонголт байж магадгүй ээ.  Өнгөрсөн жил УИХ-ын сонгуулийн өмнө эрх баригчид олон сайхан амлалт өгсөн. Гэвч өнөөдөр амлалтаасаа ухарсан, хэлснийхээ эсрэг зүйлийг хийж байна. Хүүхэд бүрт мөнгө үргэлжлүүлэн өгнө гэж амласан ч хэлсэндээ хүрээгүй. Монголын хүүхдүүдийн 60 хувьд нь мөнгө өгөхгүй байна. Тэтгэврийн насыг нэмлээ. Татвар нэмэгдлээ. Тиймээс хэрвээ ард түмнийг хуурвал яаж хариуцлага тооцдог вэ гэдгийг харуулсан сонголт хийхийг уриалж байна” хэмээн хэллээ.

    Харин Говь-Алтай аймгийн АН-ын дарга асан О.Амгаланбаатар нутгийнхаа иргэдэд хандаж үг хэлж, зөв сонголт хийхийг уриаллаа. Тэрбээр “Говь-Алтай аймгийн 18 сум, хоёр тосгоноос Ардчиллыг дэмжигчид хүрэлцэн ирж, энэ уулзалтад оролцож байна. Би энд нэг зүйлийг хэлье. Говь-Алтай аймгийн удирдлагууд сонгуулиас хойш  200 сая төгрөгөөр өөрсдөдөө орон сууц авсан. Мөн 200 саяар хаалга барьсан. 150 сая төгрөгөөр Ланд 200 машин худалдаж авсан. Хувьдаа гэж хэлж болно. Тэд иргэн бүрт хэрэгтэй “Алим” гэх зэрэг хөтөлбөрүүдийг зогсоосон. 

    Захын жишээ хэлэхэд л МАН-ынхан яаж ажиллаж байгааг та бүгд ойлгож байгаа байх. Тэгвэл  1960 оноосхойш хаягдсан сумдаа өөд нь татах ёстой юм байна. Орон нутгийн иргэд Улаанбаатар хотынхонтой адилхан амьдрах ёстой гэдгийг хэлж, санаачилж, ажиллаж байсан Х.Баттулга нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нь сайхан байна. 

    2016 онд бид хэнийг сонголоо. Тэд амласнаасаа, хэлсэн бүхнээсээ ухарсан. Тиймээс тэдэнд ухамсрын шанаа өгч, сонголтоо өөрөөр хийж, эх оронч нэр дэвшигчээ сонгоё гэж уриалж байна” хэмээн хэлсэн юм. 

    Харин АН-ын анхдагчдын нэг, Есөнбулаг сумын иргэн Батсайхан “Би жирийн нэгэн сэхээтэн. Тиймдээ ч Баттулга нэр дэвшигчийг гурав, дөрвөн зүйл дээр дэмждэг. Энэ хүн Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Зөвхөн анхдагч байгаад зогсохгүй олон ядарсанхүнд тусалж байсан. Хэдэн арван хүнд хувиасаа оронбайр өгсөн. Олон хүнийг ажиллуулж, цалин өгдөг. Энэ хүн олсноо олонтойгоо хувааж иддэг хүн юм байна.

    Баттулга томоохон бизнесмэн хүн. Зарим хүн улс төр бизнес хоёр холбогдож болохгүй гэдэг. Би үүний эсрэг байдаг. Зөв зэрэгцүүлж чадвал болохгүй юм байхгүй. Энэ хүмүүс мөнгөний үнэ цэнийг мэддэг. Улстөрчид ажил хийх гэхээр мөнгө байхгүй байна гэдэг. Харин бизнесмэн хүмүүс тэгдэггүй. Тэд асуудлыг яаж ийж шийдэж байгаад ажлыг урагшлуулдаг. Ажил яаж хийх ёстойг яс махандаа шингэтэл ойлгосон байдаг. Тийм учраас би Баттулгыг мөнгөнд шунах шунал нь арилсан хүний хувьд дэмжиж байгаа юм. 

    Тэр дэлхийн аварга болж явсан самбо бөхийн тамирчин хүн. Тамирчин хүн улс орныхоо төлөө яаж тэмцэж, ажиллаж чаддаг вэ гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин харуулсан. Энэ хүн ч ялгаагүй тамирчин, эх орныхоо төлөө ажиллаж чадах хүн. Хэрвээ Баттулга Чингис хааны үед амьдарч байсан бол 9 өрлөгийн нэг нь болох байсан болов уу гэж би боддог. Таныг ард түмний хамгаалах шүхэр болж яваарай гэж хүсье” хэмээлээ. Түүний дараа Говь-Алтай нутгийн иргэд түүнд хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аяга барилаа.