Х.Баттулга: Ганхуяг аа, өөрийгөө биш юм гэхэд ядаж эцгийнхээ нэрийг бод. Гүтгэлгээ зогсоо
    2017 оны 06 сарын 13 нд
    edd35b12ed03bd56e73a4ce6bcf7e95d.jpeg

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны ажил төрт ёсны түүхийн өлгий Өвөрхангай аймагт үргэлжилж байна. Иргэд, сонгогчдынхоо үгийг сонсохоор Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эх орноо нар зөв тойрсоор ес дэх аймагтаа ирээд буй нь энэ билээ.

    Тэрээр өврийн сайхан хангай нутагт ирсэн даруйдаа аймгийн Хөгжимт драмын театрт иргэд, сонгогчидтой уулзсан юм. Энэ үеэр хэлсэн үгэндээ “Монголчууд бид түүхэнд үлдэх чухал сонголтын өмнө нүүр тулж ирээд байна. 2007 оноос хойш Тавантолгойд санаархсан нүүрсчин намын бүлэглэл намайг элдвээр харлуулж, эцэстээ оффшорчин гэж гүтгэж гүжирдэж эхэлж байна. Үүнээс өмнө төмөр замын мөнгийг идэж уусан гэж элдвээр гүжирдсэн. Чулуу шидсэн болгон руу буцааж шидээд байвал юу болох вэ. Худал хуурмаг, гүжир гүтгэлэг болгонд хариу бариад байх цаг хугацаа, зав зай ч алга. Аяндаа цаг хугацаа харуулна биз. Гэхдээ өнөөдөр энэ индрээс ганцхан зүйлийн тухай онцлох гэсэн юм. Сонгууль ойртох тусам утга учиргүй худал мэдээлэл цахим орчин, мэдээллийн сайтуудаар цацагдаж байна. Та бүхэн таних байх. Чулууны Ганхуяг гэх залуу саяхан намайг гадаад дансанд мөнгө нуусан, оффшордбүст бүртгэлтэй гэхчлэн ярьж, бичиж байна. Би 1990-ээд оны эхэн үед энэ хүүгийн аавтай ганзгын наймаанд хамтявдаг байсан. Тэр үед Ганхуяг жаахан бор хүү байсан. Угтаа, ганзаганд явна гэдэг тухайн үед ёстой л нөгөө Аса аваргын хэлдгээр алаан байхгүй юу. Тэр үед бид очсон гараа буудлын нэг өрөөнд арав, хориулаа байрладаг байв. Хөөгдөнө, туугдана, бараагаа хамт зөөнө. Шатахдаа хамт шатна, хоолоо хувааж иднэ. Ийнхүү яг л нэг гэр бүл шиг замналыг хамт туулж байсан Чулуун гэж хүн байсан юм. Ганхуягт хандаж хэлэхэд өөрийгөө биш юм гэхэд ядаж эцгийнхээ нэрийг бодооч ээ. Цагтаа би аавд чинь тус болж л явлаа. Банк, санхүүгийн салбарт ажилладаг тийм л боловсролтой хүн юм бол нэгдүгээрт наад гүтгэлгээ зогсоо.  Хоёрдугаарт, өөрийг чинь гар хөлөө болгоод байгаа тэр ах нар нь өнөөх гучин хэдэн оффшорчдын бараг 90 хувь нь байгаа юм. Бид сая Хэнтий аймагт сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийхдээ АТОЗ буюу Ард түмний онц зөвлөл гэх байгууллагатай “оффшортой тэмцэнэ, оффшорт байгаа улстөрчдийн мөнгийг татаж авчирна” хэмээн санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд эмзэглэсэн үү яасан, хариу болгож ийнхүү гүжирдэж байгаа бололтой. Би үнэхээр оффшор данстай байсан бол ингээд Ерөнхийлөгчид нэр дэвшээд явж байх уу” гэсэн юм.