Ж.Батзандан: Х.Баттулгын том мөрөөдөл Монголыг хөгжүүлж чадна
    2017 оны 06 сарын 08 нд
    3b8c6850eede168278d3ee401d15bf47.jpg

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, сонгогчидтой уулзах уулзалт эхэллээ. Уулзалтад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Сүхбаатар аймгийн АН-ын дарга М.Идэрбат нар оролцлоо.

    Уулзалтын эхэнд Сүхбаатар аймгийн АН-ын дарга М.Идэрбат, АН-ын дарга С.Эрдэнэ нар үг хэлсэн. Түүний дараа Сүхбаатар нутгийн унаган хүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэллээ. Тэрбээр “Ардчилсан нам нэр дэвшигчээ тодруулсан. Х.Баттулгыг АН-ын 180 мянган сонгогчоосоо асууж, дараагийн Ерөнхийлөгч болох ёстой хэмээн нэр дэвшүүлсэн. Яагаад энэ хүнийг АН-ынхан сонгосон бэ. Хэд хэдэн шалтгаан байгаа гэж би ойлгож байгаа. Өнөөдөр бид эх орноо боддог, эх оронч, шуудхан хэлэхэд үндэсний үзэлтэй хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгох цаг болсон гэж бид боддог.

    Энэ хүн бол яах аргагүй Х.Баттулга юм. Би энэ хүнтэй парламентын танхимд мөр зэрэгцэн олон жил суусан. Түүний дотор Монголоо гэсэн сэтгэл байдаг. Дэлхий дээр хамгийн том Их Эзэн Чингис хааны хөшөөг хэн барьсан бэ. Х.Баттулга л барьсан. Олимпийн анхны алтан медальтныг хэн төрүүлсэн билээ. Х.Баттулга л зүтгэж байж энэ түүхийг бүтээлцсэн. Өнөөдөр Монголд ирсэн жуулчин болгон Их Эзэн Чингис хааны хөшөөг ирж үзэж, бахархаж байна. Энэ хүний бэлтгэж байгаа, өсгөж бойжуулсан тамирчдаар дэлхий бахархаж байгаа. Монголын жүдочид дэлхийд чансаагаараа гуравт бичигдэж байна. Гуравхан сая хүнтэй мөртлөө шүү дээ.

    Манай Х.Баттулга Монголд хэрэгтэй том төслүүдийг санаачилдаг. Таны гаргасан бодлого болгон, зорилт бүхэн биелнэ гэдэг би итгэлтэй байна. Зарим хүмүүс энэ хүнийг нэр дэвшихээс нь өмнө Х.Баттулга худлаа том мөрөөдөл ярьж байна гэж байсан. Үгүй ээ, Монгол том мөрөөдөлтэй байх ёстой. Монголын өвөг дээдэс том мөрөөдөлтэй байсан учраас дэлхийг эзэлж байсан. Бидний өвөг дээдэс агуу мөрөөдөлтэй байсан учраас агуу эзэнт гүрнийг байгуулсан юм шүү. Тийм учраас Х.Баттулгын том мөрөөдөл Монголыг хөгжүүлж чадна гэж би итгэдэг. Хөгжилтэй, агуу Монголын төлөө Х.Баттулгыг дэмжихийг уриалж байна.

    Удахгүй хэдхэн хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Энэ танхимд сууж байгаа та бүхний сонголтоор дараагийн Ерөнхийлөгч тодорно. Ямар хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байгаасай гэж та нар бодож байна. Монголд Монголыг ялуулж чаддаг Ерөнхийлөгч хэрэгтэй. Монголыг ялуулна гэдэг бол энд суугаа жирийн монгол хүнийг дэмжинэ гэсэн үг. Жирийн бизнес эрхлэгч өөдөлнө дэвжинэ гэсэн үг ээ. Тийм учраас Монголоо дэмжиж чаддаг, жинхэнэ монгол, эх оронч хүнийг Ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна” хэмээн хэллээ.