МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ТАНИЛЦУУЛГА
    2017 оны 06 сарын 08 нд
    ee979a2fffa9a87e233b3847d1ef2461.jpg

    Боржгон овогтой Халтмаагийн Баттулга нь Ардчилсан Намын зуун наян мянган гишүүдийн нууц санал хураалт, Ардчилсан Намын 8-р их хурлаас гишүүдийнхээ дэмжлэгийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна.

    Халтмаагийн Баттулга нь 1963 онд Улаанбаатар хотод эцэг Халтмаа, эх Должинсүрэнгийнхээ хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Х.Баттулга Улаанбаатар хотын 34 дүгээр сургууль, Дүрслэх урлагийн дунд сургуулийг тус тус дүүргэж, зураач мэргэжил эзэмшжээ.

    Х.Баттулга 1982 онд 19 насандаа Урчуудын Эвлэлийн Хороонд зураачийн ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Мөн энэ хугацаандаа Самбо жүдо бөхийн улсын шигшээ багт уригдан 1983-1989 онд Дэлхийн аварга, Дэлхийн цомын тэмцээнүүдээс хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч алтан соёмбот далбаагаа мандуулан, төрийн дууллаа удаа дараа эгшиглүүлж байжээ. Мөн Монгол Улсын самбо бөхийн аваргын алтан медалийг олон удаа хүртэж байжээ.

    Ардчилал, зах зээлийн нийгэмд Монгол Улс шилжсэн анхны өдрөөс эхлэн Халтмаагийн Баттулга эх орныхоо эдийн засагт хувийн хэвшлийн суурийг бий болгож бүрдүүлэхэд үеийн залуусынхаа нэгэн адил ханцуй шамлан орж, эдийн засагт өөрийн хувь нэмрийг бодитойгоор оруулж эхэлжээ. Анхны бизнесийн гараагаа хүүхдийн хувцас оёх, Унгар улсад борлуулах, дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийг Сингапур улсаас импортлох зэргээр эхэлж байсан бөгөөд шинэхэн батлагдаж байсан “Компаний тухай хууль”-ийн дагуу 1992 онд “Женко” компанийг үүсгэн байгуулж захиралаар нь ажиллажээ. Тэрбээр цаашид Баянгол зочид буудлын гүйцэтгэх захирал, Мах Импекс ХК-ны гүйцэтгэх захиралаар тус тус ажиллаж удирдах ажлын туршлага суусны дараа 2004 онд Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

    Халтмаагийн Баттулга 2004-2008 онд УИХ-д сонгогдон ажиллах хугацаандаа Хүний эрхийн дэд хорооны даргаар ажиллаж, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлсийг УИХ-ын хууль тогтоомжинд шингээх, эрх нь зөрчигдсөн иргэдийнхээ гомдлыг хүлээн авч эрхийг нь хамгаалах талаар ажиллаж байжээ.

    2008 оны УИХ-ын сонгуулиар Халтмаагийн Баттулга дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажилласан байна. 2012 онд Х.Баттулга гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2012-2014 онуудад Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдаар томилогдон ажиллажээ.

    Халтмаагийн Баттулга нь улс, төр, нийгмийн идэвхитэй зүтгэлтэн юм. Тэрбээр Монголын Ардчилсан Холбооны дарга, Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, Монголын малчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, Бодибилдингийн холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Монголч Эрдэмтдийн Холбооны дэд Ерөнхийлөгч, Олон Улсын Жүдогийн холбооны Бодлогын зөвлөлийн Ази тивийг хариуцсан тэргүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.

    Халтмаагийн Баттулга нь 1995 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цол, 2017 онд Олон улсын боди билдингийн холбооны “Очир эрдэнийн цом” медаль, мөн онд Олон улсын жүдогийн холбооны “Алтан од” дээд шагналаар тус тус шагнуулсан байна.

    Х.Баттулга нь Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгах үйлсэд өөрийн цаг, хүч хөдөлмөр, хөрөнгө оруулалтыг харамгүй зарцуулсан эх оронч гэдгээр нь монголчууд сайн мэднэ. Түүний удирдаж буй Жүдо бөхийн холбооны зохион байгуулалт, эрчимтэй бэлтгэлийн үр дүнд Женко клубын тамирчин Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан нь Монголчуудын хийморийг бадраасан төдийгүй 2008 оны 7 сарын 1-ний эмгэнэлт үйл явдлын дараа ямар ч улс төрийн хүчин, лидерүүдийн авчирч чадаагүй эв нэгдлийг ард түмэндээ эв нэгдлийг ард түмэндээ эргүүлэн авчирч чадсан билээ.

    Мөн нэр дэвшигч Х.Баттулгын санаачилга, дэмжлэг, удирдлагын дор Цонжин Болдог дахь Чингис хааны морьт хөшөөт цогцолбор, Шинэ сум төсөл, Улаанбаатар хот дахь “Нарны гүүр”, Богд уулын арын зам зэрэг бүтээн байгуулалт, Нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрийн төсөл, 100 мянган айлын орон сууц төслүүд тус тус хэрэгжсэн юм.

    Халтмаагийн Баттулга нь эх орныхоо хөгжилд нөлөө бүхий томоохон бүтээн байгуулалтуудын бэлтгэл ажил, зураг төсөлд онцгой анхаарч хөдөлмөр хүчээ зарцуулснаас цөөн хэдийг дурдвал, Монгол улсын бүх аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох зураг төсөл, Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын зураг төсөл, Төмөр замын зураг төсөл, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын зураг төсөл, Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэлийн хурдны замын төсөл, “Майдар” эко сити төсөл, “Шинэ яармаг” төслийг бэлтгэх ажлуудыг тус тус удирджээ. Эдгээр зураг төслүүдээс олон үйл ажиллагаа дэс дараалан биеллээ олж байна.

    Боржгон овогтой Халтмаагийн Баттулга нь хууль тогтоогч, бодлого боловсруулагчийн хувьд Төрөөс хүнд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлогыг тус тус санаачлан батлуулжээ.

    Халтмаагийн Баттулга англи, орос хэлтэй. УИХ-ын гишүүнээр гурван удаа, Засгийн газрын гишүүн, сайдаар хоёр удаа сонгогдон ажилласан, олон улсын байгууллагатай хамтран ажиллах болон төрийн ажлын туршлагатай, хувийн хэвшлийн талаар гүнзгий мэдлэг, туршлагатай нэр дэвшигч юм.