Хуудас цаасны утга
    2019 оны 02 сарын 11 нд
    7f3811b7b3568fc2d79a941b6c0b9be6.jpg

    Эдийн засгийн ухааны доктор Раднаасэдийн Даваадорж
     
    Энэ жил УИХ-аар чуулганаар гишүүн С.Эрдэнийн санаачилсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх” тухай хуулийн төсөл хэлэлцэхээр хүлээгдэж байна. Дэлхий нийтэд эдийн засгийн хөгжлөөрөө эрс хоцордог эсвэл дайн самуунтай арав гаруй улсын банк¬ны зээлийн хүү нь 20 хувиас давсан бай¬даг. Харин энэ жагсаалтад нэг хүнд оногдох байгалийн баялгийн нөөц, газар нутгаараа дэлхийд тэргүүлэгч Монгол улс орсон нь харамсалтай.
    Иргэд, аж ахуй нэгжийн хүсэн хүлээсэн хуулийн төсөл яригдаж эхэлмэгц УИХ зарим гишүүдийн сүрхий мэдэгдэл, банкны салбарынхны ухаалаг тайлбар, ярилцлага олон нийтийн сүлжээ, хэвлэлээр цацагдаж иргэдийн анхаарлыг уг асуудлаас холдуулахыг чармайдаг билээ. Өнгөрсөн жил сангийн сайд ч твитер хуудсандаа “1 хуудас хууль гаргаад зээлийн хүүг буулгаж болно гэх юм, тэгвэл 2 хуудас хууль гаргаад байрны үнийг буулгая, 3 хуудас хууль гаргаад цагаан будааг үнэгүй болгомоор байна...” хэмээн мушгин тайлбарлажээ. УИХ, Засгийн газрын гишүүд улстөржих, нийгмийн сүлжээнд элдвээр жиргэхээс илүүтэй уг хуулийн утга санааг иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлан хүргэх учиртай.
    Зээлийн хүүд хязгаар тогтоохын тулд хамгийн түрүүнд зээлийн хүүгийн бүтцийг нь судалж үзье. Банкны зээлийн хүү зардал болон ашгаас бүрддэг. Зардал талаас нь үзвэл хүүгийн болон үйл ажиллагааны зардал, эрсдэлийн нэмэгдэл гэсэн гурван үзүүлэлтийг онцлон анхаарах учиртай. Хадгаламж эзэмшигчдэд төлдөг хүү нийт зардлын дийлэнхийг эзэлдэг. Үйл ажиллагааны зардал нь удирдлагын, цахилгаан эрчим хүчний, байрны түрээсийн, цалин хөлс, ATM зэрэг тоног төхөөрөмжийн гэх мэтээр банкны өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдон гарч байдаг. Эрсдлийн нэмэгдэл нь зээл чанаргүйдэж эргэн төлөгдөхгүй тохиолдол гарах бөгөөд зээлийн хүүнд заавал шингэж байдаг юм билээ. Арилжааны банк нь бизнесийн байгууллага учраас дээр дурдсан зардлуудаа нөхөөд цаана нь тодорхой ашиг орлоготой ажиллах нь хэн бүхэнд ойлгомжтой.
     
    Иймд зээлийн хүүг бууруулахын тулд дээр дурдсан зардлуудыг багасгах, банкны ашиг (маржин)үндэслэлгүйгээр хэт өсгөхгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэх ёстой болж таарч байна.
    Хадгаламжийн хүү: 2009-2018 онуудад иргэдийн төгрөгөөр хийсэн хадгаламж бараг 7.8 дахин буюу 8.2 их наяд төгрөгөөр (Монгол улсын төсвийн орлогоос давсан үзүүлэлт), валютын хадгаламж 5 дахин, аж ахуй нэгжийн хадгаламж 1 их наяд төгрөгөөр өсчээ. Ийнхүү иргэдийн хадгаламж өссөн мэт харагдавч, нийт дүнгийн 80 хувийг ердөө хадгаламж эзэмшигчдийн 3 хүрэхгүй хувь эзэмшиж байна. Мөн 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай 8217 иргэн, 1885 хуулийн этгээд байдаг. Өөрөөр хэлбэл 100 саяас дээш хадгаламжтай иргэн нийт данс эзэмшигчийн 0.15 хувийг эзэлж байгаа юм.
     
    Хэрэв энэ хууль батлагдвал манай арилжааны банкнуудын хувьд хадгаламжийн хүүг бууруулах асуудлыг зайлшгүй авч үзэх нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ нь нийт хадгаламж эзэмшигчдийн 0.15 хувьд онцгой чухал асуудал болохоос нийт иргэдийн хувьд тийм ч анхаарал татах асуудал биш юм.
    Үйл ажиллагааны зардал: Банкны салбарт 2017 оны эцсийн байдлаар нийт 14 банк, 1,511 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Банкнуудад ашиглагдаж буй ПОС төхөөрөмж гэхэд л 2015 онд 14 780 ширхэг байсан бол 2017 онд 27 503 ширхэг болж хоёр дахин нэмэгджээ. Үйлчилгээний газруудад зэрэгцүүлэн тавьсан АТМ , гоё ганган унаа, байшин савнуудаас авахуулаад бүтцийн асуудал тойрсон олон үр ашиггүй зардал хөндлөнгөөс харагдана...
    Хэрэв хууль батлагдсан бол манай арилжааны банкнуудын үйл ажиллагааны зардлаа хэмнэх талаар зайлшгүй авч үзэх, хамтарч ажиллах нөхцөл байдал үүсэх нь тодорхой байсан юм. Нэг үгээр хэлбэл, элдэв зардлаа хумих зах зээлийн эрүүл хуулийг банкныхан маань мөрдөх учиртай байж.
     
    “Эрсдлийн нэмэгдэл: 2018 оны эцсийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 848.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 25.4 тэрбум төгрөгөөр өссөн. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 631.5 тэрбум төгрөг буюу 54.8 хувиар өссөн байна. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.4 хувийг эзэлж байгаа нь зөвшөөрөгдөх түвшинээс 8 нэгж хувиар өндөр байна. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн статистикийг нэгтгээд харвал нийт зээлийн 20 орчим хувь муу зээл болсон гэж харж болохоор байна”
     
    Эрсдэлийн нэмэгдэл: 2018 оны эцсийн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 848.8 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 25.4 тэрбум төгрөгөөр өссөн. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 631.5 тэрбум төгрөг буюу 54.8 хувиар өссөн байна. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.4 хувийг эзэлж байгаа нь зөвшөөрөгдөх түвшинээс 8 нэгж хувиар өндөр байна. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн статистикийг нэгтгээд харвал нийт зээлийн 20 орчим хувь муу зээл болсон гэж харж болохоор байна. Гэхдээ энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь 10 хувиас дээш гарвал аюултай буюу санхүүгийн системд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр ийм их хэмжээний замбараагүй алдагдал банкны зээлийн хүүд нөлөөлж, санхүүгийн үйлчилгээ авч байгаа иргэн, аж ахуй нэгжүүдэд дарамт учруулж байгаа хэрэг.
    Хэрвээ хууль батлагдах аваас зээл авч байгаа иргэдийн нуруун дээр ирж буй дээр дурдсан ачааллыг багасгах асуудал банкируудын өмнө зайлшгүй сөхөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл, танил тал, нутаг усны хамаарал, намчирхлын хар гайгаар хамаа намаагүй зээл олгох асуудал хаагдаад зогсохгүй, банкууд судалгаа шинжилгээндээ ач холбогдол өгч, бусад орны банк шиг ажиллах байсан нь гарцаагүй.
    Банкны цэвэр ашиг: Банкны салбар 2017 оны эцсийн байдлаар 252.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 42.2 хувиар буюу 74.9 тэрбум төгрөгөөр өссөн. Хэрэв 252.5 тэрбумын ашгийг банкны салбарын 2.7 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөд хуваагаад үзвэл Өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) нь ойролцоогоор 9% байна. Банк ажиллуулах хөрөнгө оруулагч байснаас 16% хүүтэй хадгаламж эзэмшигч байсан дээр байгаа биз. Эндээс ч банкны салбар буруу зах зээлийн бус хуулиар ажиллаж байгааг төвөггүй ажиглаж болох юм.
    Банкны салбарын зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны эцсийн байдлаар 13.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 9.7 хувиар өсчээ. Нийт зээлийн 51 хувийг нь байгууллагад, 49 хувийг иргэдэд олгосон зээл эзэлж байна. Арилжааны банкууд бодит секторын зээл олголтыг хумьж, хэрэглээний иргэдийн зээлийг голлон олгох хандлага сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Тодруулбал, 2017 онд иргэдийн зээл 18 хувиар нэмэгдсэн бол байгууллагын зээл 3 хувиар өсчээ. Мөн манай улсын санхүүгийн системийн бүтцийн хувьд авч үзвэл 95 гаруй хувийг банкны салбар дангаараа бүрдүүлж байгаа, ТОП-100 ААН тоонд төвөггүй багтчихдаг мөртөө хөрөнгийн дутагдалд орж татвар төлөгчдөөс мөнгө авах асуудал.. гм тоочвол гажиг их байдаг.
    Санхүүгийн системд зээлийн гүйцэтгэх үндсэн үүргийг хүний бие махбодоор эргэлдэж, биеийн эд эрхтэнд шаардагдах шим тэжээлийг зөөвөрлөн хүргэх үүрэгтэй цусны эргэлттэй адилтган тайлбарладаг. Өнөөдөр манай арилжааны банкууд зөөвөрлөх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа боловч, шим тэжээлгүй, өвчтэй цус түгээж байгаа учраас эмчлэх шаардлагатай. Энэ эмчилгээний анхны оролдлогыг хууль батлагчид ойлгосонгүй.
    Хэрэв энэ хууль батлагдвал банкны салбар санхүүгийн системд эзлэх байр сууриндаа очно. Зарим гишүүдийн мэдэмхийрээд байгаа шиг энэ хууль захиргаадалтын гэхээсээ илүүтэй арилжааны банкуудыг үйл ажиллагааг зах зээлийн зүй тогтолд шилжүүлэх, хариуцлагыг банкны салбарт авчрах луужин болох учиртай. Харин нийтийн сүлжээний идэвхтэн сайдын жиргээ шиг нэг хуудсаар зээлийн хүүг бууруулах асуудал ерөөсөө биш юм.
     
    Эх сурвалж: Ардчилал таймс сонин