Д.Уламбаяр: Үнэ цэнэ, ёс зүйгүй УИХ тарах нь зөв
    2019 оны 02 сарын 01 нд
    ba36061a2dc20c32e7a578053b3909d1.jpg

    УИХ-ыг тараах, дахин сонгууль явуулах хууль эрх зүйн орчин, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн санаачилга, улстөрчдийн ёс зүй болон Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг сэдвээр Улс төр менежментийн академийн захирал Д.Уламбаяртай ярилцлаа.

     

    - УИХ-ын гишүүдийг ард түмэн сонгож болсон хойно эгүүлэн татдаг байх ёстой -

     

    -УИХ тарах бичигт нэлээд гишүүн гарын үсгээ зурчихлаа. Хуулийн хүрээнд УИХ-ыг тараах нөхцөл байдал яаж үүсэх вэ?

     

    -УИХ-ын тухай хуульд УИХ өөрөө тарж болно гэж заасан байдаг. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүд нь гарын үсэг зурж, УИХ-ыг тараах тогтоолыг өргөн барьсан нөхцөлд УИХ тарах хуулийн заалттай. Ингээд их хурал тарвал ээлжит бус сонгууль явагдана. Үүний тулд УИХ тарахаасаа өмнө ээлжит бус сонгуулийн товоо зарлаж, төсөв мөнгөө батлах ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүдэд тараах хүсэл байна уу, эсвэл хэдэн хүний улс төрийн шоу байх уу гэдэг асуулт гарч ирнэ. Нэгэнт УИХ ямар ч үнэ цэнэгүй болсон учраас улс төрийн тоглолт хийж, уснаас хуурай гарах гэсэн санаархал байх вий гэсэн дүр зураг анзаарагдаж байна. МАН-аас Ж.Мөнхбат гишүүн УИХ тараах гарын үсэг цуглуулах санаачилга эхлүүлсэн. Ингэж харвал эрх барьж байгаа болон сөрөг хүчинд тараах сонирхол байгаа нь гарцаагүй. Харин энэ сонирхол жинхэнээсээ юу, түр зуурын тоглолт уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх.

     

    -УИХ-ыг тараах үндэслэл, шаардлага юу байна вэ?

     

    -Үе үеийн парламентын засаглалтай харьцуулахад энэ удаагийн УИХ-ын гишүүдийн 80 хувь нь ёс зүйн болон хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд холбогдсон. Энэ бол УИХ-ыг тараах бодит үндэслэл. Ийм олуулаа гэмт хэрэгт орооцолдож, АТГ болон шүүх, хуулийн байгууллагад дуудагдсан, бүр зохион байгуулалттай төрийн өмч хөрөнгийг цувчуулсан, өөрсдөдөө давуу тал бий болгосон парламент түүхэндээ байгаагүй. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж болохгүй үйлдлийг 60 тэрбумын хэргээр хийчихсэн нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулснаар бүрмөсөн батлагдлаа. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь үүнийг үнэн гэж ярьж байгаа энэ үед Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг авч хэлэлцэж, УИХ-ыг тараах ажиллагаа явуулах ёстой. Одоогийн УИХ-д оршин тогтнох ёс зүйн эрх байхгүй. Уг нь ард түмнээ гэдэг, төр төвшин тунгалаг байх ёстой гэж боддог бол УИХ-ын гишүүд сайн дураараа огцрох, чөлөөлөгдөх өргөдлөө өгчих хэрэгтэй. Үгүй аваас энэ УИХ цаашид маш буруу жишиг тогтоох хандлага харагдаж байна. Нэгнээ хамгаалдаг, өмгөөлдөг, Ерөнхий сайдынхаа суудлыг баталгаажуулахын тулд УИХ-ын гишүүний кноп үнэлэгдэж байна. Энэ нь Монголын төр завхрал руугаа явж буйн тод илрэл.

     

    -2016 оноос хойш эрх барьж байгаа МАН өнөөдрийг хүртэл Монгол Улсыг хөгжүүлэхэд ямар ажил хийсэн гэж дүгнэх вэ?

     

    -МАН-ыг УИХ-д олонх болоход мөрийн хөтөлбөр болон ард түмэнд өгсөн амлалтууд нь нөлөөлсөн. Гэсэн ч тэд Засаг барингуутаа амлалтуудынхаа эсрэг ажиллаж эхэлсэн. Огт мөрийн хөтөлбөрт тусгаагүй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Нэг талаар Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь давуу мэт харагдавч яг үнэндээ төрийн шийдвэр гаргах эрх мэдлийнхээ 50 хувийг гаднынханд өгчихсөн. Ингээд төр барих бүрэн эрхээ алдаж, хагас зааварчилгаар ажиллах болсон МАН дотор хуваагдал, хагарал үүссэн. Ард түмэн МАН-ыг тулахтай, буурьтай нам гэж итгэл хүлээлгэсэн. Гэтэл тэдэнд төр барих хэмжээний боловсон хүчин, бодлого, алсын хараа, үзэл баримтлал байхгүй байгаа нь өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлаар нотлогдлоо. МАН-д олон удаа парламентад сонгогдсон олон гишүүн бий. Гэтэл тэд зөвхөн сандал ширээ, суудалтайгаа зууралдсан хүмүүс л байжээ. Мөн залуу үе нь төр барихад бэлтгэгдээгүй, төрийг мөнгө олох, маш хурдан хугацаанд баяжих боломж гэж харсан залуусын сүрэг МАН-д бий болчихож. Энэ нь төрийн бүх шатанд авлига, хээл хахуулийг цэцэглүүлж, танил тал, мөнгөтэй хүн л төрд хол явдаг мөрийтэй тоглоомын талбар мэт болгосон. МАН-д таньдаг, мэддэг олон залуус надад бий. Нэг жишээ дурдахад, даргынхаа зиндаанд тохируулж, мөнгөтэй мэт харагдаж, албан тушаалд очихын тулд нэг залуу хоёр өрөө байраа зарж, 9911-тэй дугаар, жийп машин лизингээр авч унасан байдаг. Мэдээж тэр хүссэн албан тушаалдаа очоод нэг жилийн дараа гэхэд өмнөхөөсөө тансаг орон сууцтай, машинаа шинэчилсэн. Энэ мэт МАН-ын залуучуудын үйл хэрэг нүдэн дээр илт өрнөж, үүнтэй адил жишээ газар сайгүй яригдаж байна. МАН-ын залуустай уулзахад “Тэр тийм албан тушаалд очиж, ийм мөнгө, тийм байртай болсон” гэхчлэн эд материал, албан тушаалын ширүүн өрсөлдөөнөө хуучилдаг.

     

    -ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын 30 орчим УИХ-ын гишүүний хууль бус үйлдлийг цаашид яах бол?

     

    -УИХ-ын гишүүдийн зээл авсан нь хууль зөрчөөгүй байж болох ч зээлээ ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлж, зээлд зуучилсны хөлс авч, зээл гаргаж өгөхийг шийдвэр гаргагчдад албадсан гэх мэт үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой. Улмаар ЖДҮ-т холбогдсон бүх УИХ-ын гишүүнийг дараа дараагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байж, УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татаж, ёс зүйн өндөр хариуцлага хүлээлгэх ёстой. Тэдний авсан 60, 70 тэрбум төгрөг хэрэгтэй хүндээ хүрсэн бол олон жижиг, дунд бизнес эрхлэгчид хөл дээрээ босож, олон мянган ажлын байр шинээр бий болох байсан бол. Энэ бүх боломжийг УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаараа дамжуулан ард түмнээс дээрэмдэж, хулгайлсан. Үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. ЖДҮ-чид халдашгүй бүрэн эрхээрээ түрий барьж, хууль хяналтын байгууллагад шалгуулахгүй байгаа. Гэхдээ өнөөдөр биш гэхэд монгол төрийн санамж гэж байгаа цагт, гишүүдийн бүрийн эрх дуусахад тэднийг мөрдөн шалгаж, үүрэх хариуцлагыг нь тохох ёстой. Ингэж чадвал цаашид зөв жишиг тогтоно. Төрд очсон хүн хулгай хийж, өөртөө давуу байдал үүсгэж болохгүй гэдгийг мэдрүүлэх цаг үе ирээд байна.

     

    -Засгийн газрын тэргүүн нь өөрөө ЖДҮ-чин болчихсон явна. Тэгээд хамсаатнуудаа өмгөөлөөд сууна. Ийм засгийн хувь заяа хэрхэх бол?

     

    -ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцох хэрэгтэй. Чадахгүй бол өөрөө ачигдаж байгаа гишүүдийнхээ араас орж таарна. Магадгүй хамсаатнуудтайгаа цуг ачигдах эсэхээ шийдэх байх. Эцсийн бүлэгт Засгийн газрын тэргүүн намтайгаа үлдэх үү, улстайгаа үлдэх гэсэн хоёр сонголтын аль нэгийг нь хийж таарна. Гэхдээ гаргаж буй үйлдлээс нь харахад намтайгаа үлдэж, намынхаа өгөршсөн түүхийг 100 нас хүргэхийн төлөө улайран зүтгэж байх шиг. Ингэх шаардлага байна уу даа. Жам ёсны юмыг жамаар нь дуусгаж, улстайгаа үлдэх мэргэн сонголт хийгээсэй л гэж бодож байна.

     

    -Б.Батзориг зөвхөн сайдын албаа өгснөөр энэ асуудал дууссан. Гэтэл сандал, суудлаа өгчхөөд мөнгөө өөртөө авч үлдэх нь хэр шударга вэ. Улс хурааж авах хуулийн зохицуулалт байна уу?

     

    -Шударга хуулийг тогтоож чаддаг улс оронд гэмт хэрэг, авлига, хээл хахуулийн журмаар олсон орлогыг төр хурааж авах ёстой байдаг. Гэтэл манайд хураах нь битгий хэл хаацайлж байна. Өнөөдөр шүүх, цагдаа, хуулийн байгууллага бүх шатандаа мөнгөний сүлжээгээр албан тушаалд оччихсон. Тэгэхээр нэг тоосго сугарахад бүгд нурахаа мэдэж байгаа учир нэгнээ хаацайлж байна. Хүн харахад хариуцлага тооцож байгаа нэртэй ч толгойг нь илээд өнгөрөөж байх жишээний.

     

    -Сүүлийн хоёр сарын хугацаанд УИХ-ын гишүүд бойкот хийж, УИХ-ын үйл ажиллагааг гацаасан. Тэдэнд ийм эрх бий юү. Хуулиар хариуцлага тооцох заалт байна уу?

     

    -Угтаа монгол төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах учиртай. Харамсалтай нь, УИХ-ын даргын албан тушаалын төлөө төрийн үйл хэргийг гацааж болдог юм байна. Эндээс ямар эмзэг төртэй байгаагаа бид харж болох нь. Нэг хүний албан тушаал үнэ цэнэтэй, түүнээс хямдхан төртэй байна гэдэг том асуудал. Тэгэхээр цаашид энэ замаар хэрхэвч явж болохгүй. Бойкот хийж, төрийн үйл ажиллагааг гацаасан гишүүд гайхамшигтай том дархан эрхтэй учраас тэдэнд хуулийн ямар ч хариуцлага тооцох боломжгүй. Тиймээс тэд зоригтой хөдөлж чадаж байна л даа.

     

    -УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг сөрөг хүчин санаачилсан. Энэ хууль батлагдсанаар Монголын төрд ямар эргэлт авчрах вэ?

     

    -Тогтолцоог эрүүлжүүлнэ гэвэл ард түмэнд эрхийг нь өгөх нь зөв. УИХ-ын гишүүнээр сонгож болсон юм чинь, эгүүлэн татдаг байх ёстой. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг гал дээр эсвэл зүүн дээр сууж байх ёстой хүн. Тэр хүн эгүүлэн татагдахгүйн тулд зөвхөн Төрийн ордонд бус амьдралд ойрхон ажлаа хийдэг болно. Тойргийнхоо иргэдтэй уулзаж, ярилцаж, хүлээсэн үүргээ ном ёсоор нь хийнэ. Нөгөөтэйгүүр, тийм хүнийг хэн ч, хэдэн төгрөгөөр ч унагаж чадахгүй. Иргэд нь “Манай гишүүн үнэхээр сайн ажлаа хийдэг. Бид эргүүлэн татахгүй” гэвэл төрийн ордонд суухаас илүү том дархлаа бүрдэнэ гэсэн үг. Уг нь Үндсэн хуульд төрийн эрх барихтай холбоотой ард түмэнд буй маш том заалт байдаг.

     

    -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх, ингэхдээ юун дээр анхаарах ёстой вэ?

     

    -Үндсэн хуулийн 3.1-т Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох, эсвэл сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаар дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэсэн байдаг. Тэгэхээр Үндсэн хуулиа дагавал ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, хэнийг томилох, хэнийг сайд, дарга болгох, хэнээр удирдуулах вэ гэдгээ өөрсдөө шийднэ гэсэн үг. Гэтэл төлөөллийн байгууллагаар дамжуулан эрхээ эдэлнэ гэсэн заалтыг түлхүү хэрэглэж, шууд оролцох эрхийг хязгаарласан байдалтай өнөөдрийг хүргэсэн. Тиймээс УИХ-д итгэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах боломж байна. Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, төрийн эрх мэдлийг хуваарилах, боловсронгуй болгох тухай ярих болсон. Гэхдээ өнөөдрийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн тогтолцоог засах чадамжгүй болсон. Үнэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол шинэ төсөл боловсруулах Ажлын хэсэг гаргаж болно. Ажлын хэсэгт улс төрийн намын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оруулах нь зүйтэй. Одоогоор хүмүүс сайн дураараа боловсруулсан 6-7 Үндсэн хуулийн төсөл байдаг. Тэдний төслийг ч харах нь зүйтэй. Төр улсаа авч явъя гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Түүнээс М.Энхболд бол яг үнэндээ нэг их чухал биш, 100 дахь асуудал.

     

    -Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар?

     

    -Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хүсэл байвч Үндсэн хууль дээр очоод хана мөргөх болов уу. Тойрог томсгох, олон мандаттай болох гэхчлэн аахар шаахар засвар орох л байх. Гэхдээ тойргуудад хуваагддаг үзэл санааг хэн ч өөрчилж чадахгүй. Сайн засвар хийе гэвэл Үндсэн хуулиасаа л эхлэх ёстой. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд бэлэг тараадаг, сонгогчдыг мөнгөөр угждаг үзэгдлийг хэзээ ч, ямар ч үед хийж чадахааргүй чангаруулсан заалтууд оруулах ёстой. Сонгуульд нэр дэвшихэд заавал мөнгө зарцуулах алба байна уу. Мөнгө зарцуулахгүй байх боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Гэтэл Сонгуулийн тухай хуульд СЕХ дээд хязгаарыг заана гээд 200, 300 сая төгрөг тавьчихдаг. Гэтэл жирийн хүмүүс оролцох боломжгүй болж, энэ нь мөнгөтэй хүмүүсийн уралдаан болж хувирдаг.

     

    Эх сурвалж: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН 

     

    Сэтгүүлч: Б.БЯМБАСҮРЭН