З.Нарантуяа: Төрийн өмчөөр хайгуул хийсэн бүх ордыг буцааж авах нь өрөөсгөл
    2019 оны 01 сарын 31 нд
    1108d459aefde185da475de89be52496.jpg

    УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

     

    -Таныг УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх бичигт гарын үсэг зурах 40 дэх гишүүн гэж ярьж байсан?

     

    -УИХ-ын даргыг чөлөөлөх саналыг анх 19 гишүүн 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийх, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагыг тавьж байсан. Түүний нэг нь би. Мөн сая УИХ-ын даргыг огцруулах хуулийн үндэслэлийг дэмжиж, батлалцсан. Орон нутагт томилолттой явж байсан учир гарын үсэг зурж чадаагүй.

     

    -Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг төрд авах энэ үзэгдэл хэр зохистой юм бол. Саяхан Салхитын мөнгөний ордыг хүчээр шахам төрийн эзэмшилд авлаа.  Ингэх нь зөв үү?

     

    -Ашигт малтмалын лицензийг хууль бусаар авсан, шилжүүлсэн зүйлүүд олон бий. Тиймээс тухайн нөхцөлд хууль зөрчигдсөн үү, авлигын асуудал яригдсан уу гэдгийг хууль шүүхийн байгууллага тогтоож байж лицензийг хүчингүй болгох, төр авах эсэх шийдвэр гарах ёстой. Түүнээс биш төрийн өмчөөр хайгуул хийсэн ордуудыг бүгдийг буцааж авна гэдэг өрөөсгөл. Үүнийг буцааж авахгүй гэдэг нь ч мөн өрөөсгөл болно. Тиймээс хуулийн дагуу олгогдсон байдал, ашиглагдсан байдал, дутуу төлөгдсөн, хууль зөрчсөн байдлыг харгалзаж байж тодорхой шийдвэрүүдийг харгалзан үзэх хэрэгтэй.

     

    -Та өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллалаа. Орон нутагт ажиллахад иргэдийн зүгээс юуг анхаарч ажиллахыг хүсч байна вэ?

     

    -Иргэдийн хувьд амьдрал хэцүү, орлогогүй байна гэж хэлсэн зүйл алга. Ноолуурын ханш өндөр, мах боломжийн хэмжээгээр зарагдаж байгаа учраас орлогын хувьд боломжийн байна. Харин Завхан аймаг алслагдсан нутаг учраас дизель түлш, бензин шатахууны үнэ ханшид анхаараач ээ гэж байна. Хэдийгээр тэтгэвэр тэтгэмж, цалин нэмэгдсэн ч эргээд өргөн хэрэглээний бараа бүтэгдээхүүний үнэ өсч байгаад бухимдалтай байна лээ. Мөн эрх барьж байгаа нам, бүлэг хоорондын хагарлаа зогсоо, ард түмнийг тайван амгалан байлга, та нарын хоорондын зөрчил, тулалдаан биднийг бухимдуулж, стресстүүлж байна гэж байсан. 

     

    -Монголын хамгийн ууган нэгдлийн нэг Завхан аймгийн Алдархаан сумын партизан Чойбалсан нэгдэл гэх нэгдэл байлаа. Тухайн үед Алдархаан суманд үйлдвэрлэл хөгжиж байсан ч одоо зогссон. Харин тус сумыг Завхан аймгийн түшиц нутаг болгоно хэмээн таны мөрийн хөтөлбөр дээр тусгагдсан байсныг харж байсан юм. Яагаад уг сумыг түшиц газар болгохоор сонгосон юм бэ?

     

    -Байрлалын хувьд Алдархаан сум аймгийн төвөөс 28 км зайд оршдог. Алдархаан сумаас таван км-ын зайд Донойн нисэх буудал бий. Социализмын үеэс Завхан аймаг мал аж ахуй, туслах аж ахуй, хүнсний ногооны тусгай бригадуудаар аймгийн нийт иргэдийн хүнсийг хангадаг байв. Тал хээр газартай. Газар тариалан эрхэлж, тэжээлийн аж ахуй эрхэлдэг байсан түүхтэй. Сүүлийн үед Монголд аймгийн төвтэй ойр сумдын иргэд аймаг руугаа нүүж орсноос ойролцоох сум эзгүйрэх хандлагатай бий боллоо. Энэ нь Алдархаан суманд ч тохиолдож байна. Түүнчлэн аймгийн төв дөрвөн уулын дунд хавчигдмал шүү дээ. Цаашид Алдархаан сум руу тэлж хөгжих хандлагатай байгаа юм. Тиймээс ирээдүйн хөгжил, аймгийн ерөнхий төлөвлөгөөгөө харж Завхан аймгийн үйлдвэрлэлийн бүс буюу төвийг байгуулж Алдархаан сумаа угтуулж, хөгжүүлэх бодлого барьсан. Уг ажлыг сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийн төсвийн хүрээнд хийхээр сантехник, дэд бүтцийн ажилд улсын төсвөөс тавигдсан хөрөнгө мөнгийг зөв захиран зарцуулах, хэрхэн хэрэгжүүлэх талаар аймаг орон нутгийн удирдлагуудтай ярьж байгаа.

     

    -Дундговь аймгийн Гурвансайхан сум Монголын жишиг сумын нэг. Харин Алдархаан сумын удирдлагуудаас тус сум руу очиж, нөхцөл байдалтай танилцаад ирсэн шүү дээ. Тэгэхээр Алдархаан сумыг удахгүй Дундговь аймгийн Гурвансайхан сум шиг болно гэж ойлгож болох уу?

     

    -Дундговь аймгийн Гурвансайхан сум иргэдийн оролцоонд тулгуурлан тохитой амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор эхэлсэн төсөл юм. Одоо амжилттай хэрэгжиж иргэд сумаа сайхан болгоод цаашид эдийн засгийн хувьд ямар сум болох зорилтоо ярьж байгаа. Алдархаан сумын хувьд Дундговь аймгийн Гурвансайхан сумаас ялгарах онцлог нь баруун бүсийн зах зээл болон аймгийн зах зээл рүү ойр учраас өөрийн эдийн засгийн боломж нөхцөлд тулгуурлаж, ялангуяа Завхан аймагт хэрэгжиж байгаа аялал жуулчлалын төсөлтэй уялдуулан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний салбарт түшиглэж Алдархаан сумын ирээдүйн орлогын эх үүсвэрийг тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, Дундговь аймгийн Гурвансайхан сумаас эдийн засгийн хувьд арай өргөн хүрээтэй. Юу гэвэл, цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлээд БНХАУ, ОХУ руу гарах боломжтой.

     

    Эх сурвалж: 24TSAG.MN 

    Сэтгүүлч: Р. ХИШИГЖАРГАЛ