Б.Бямбасайхан: АН хувийн өмчид халдахыг болиулах чиг барьж байна
    2019 оны 01 сарын 15 нд
    4b84af6e0768de15d9727811cc9f3189.jpg

    Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.

     

    -АН үзэл баримтлалаа Улсын дээд шүүхэд бүртгүүллээ. Сонгогчдод таалагдахын тулд юу ч хамаагүй амлах биш, баруун төвийн хандлагаа дагахаар болсон нь олзуурхмаар үйл явдал. Үнэнийг хэлэхэд голлох хоёр нам баруун, зүүнээрээ ялгарахаа болиод удаж байна. Ийм шалтгаанаар эдийн засагт халтай, буруу шийдвэрүүд олон гарсан шүү...?

     

    - Хаашаа, яаж явахаа тодорхой болгоно гэдэг маш том алхам. Өөрөөр хэлбэл Ардчилсан нам баруун төвийн нам гэдгээ албан ёсоор тодорхойлон тунхаглаж байна. АНбаруун төвийн намуудын нэгдэл болох Олон улсын Ардчилсан холбооны гишүүн. Баруун төвийн намуудын тухайд хүний эрх чөлөөг нэгдүгээрт тавьдаг. Төр нь иргэнээ хамгаалдаг системтэй л бол бүтээлч санаа төрдөг, шинийг бодож сэтгэж чадсан хүмүүс санаагаа бизнес болгоод урагшлах нь жам гэж үздэг. Таны хэлсэн үнэн л дээ. Улс төрийн намуудынх нь чиг хандлага цэгцгүй, ойлгомжгүй болчихсон учраас эдийн засаг, нийгмийн хөгжилд янз бүрийн саад тулгараад байгааг ч үгүйсгэх аргагүй. Улс төрийн намуудын тухайд үзэл бодол, итгэл үнэмшил гэхээсээ илүү лидер дагасан ч юм шиг хандлага бий болсон. Зорилго нь тодорхойгүй, бүтэц нь ойлгомжгүй учраас аль нэг нам нь улс төрийн эрх мэдэлд хүрэхээрээ бодлогын алдаатай шийдвэрүүдийг олноор гаргадаг юм байна. Бизнес эрхэлдэг хүний хувьд хэлэхэд бизнест халдсан, боосон шийдвэр өнгөрсөн жилүүдэд их гарсан. Би АН-ын гишүүн. Тэр утгаараа намын үзэл баримтлалыг тодорхойлж шинэчлээд явъя гэдэг дээр санал, зорилго нэг байгаа. АНюуг эрхэмлэж яваагаа эргэж харах цаг нь болсон. АН-ын үзэл баримтлал таван үнэт зүйл, зарчим дээр тогтож байна. Нэгдүгээрт хүнээ, иргэнээ хамгаална. Хоёрдугаарт, эдийн засгийн эрх чөлөөг онцгойлно. Хувь хүний эрх чөлөө ямар үед бүрэн хангагдах нь тодорхой. Өмчтэй байж л хангагдана. Эдийн засгийн эрх чөлөөтэй болчихвол улс төрийн эрх чөлөөтэй болох нөхцөл нь бүрдэнэ. Улс төрийн эрх чөлөөтэй болвол шударга ёсны эрх чөлөө хангагдана. Тусгаар тогтнол, ард түмэн, улс эх орны эрх ашиг гэх мэт хэмжиж болдоггүй,ерөнхий, бөөрөнхий тунхагийн чанартай зүйлсээс холдож, амьдралд ойрхон, хөрсөн дээр буухаар ойлголтыг үзэл баримтлалаа болгож байна. Хөгжил улс орны эрх ашигаас биш хүнээс эхэлдэг. Хүн нь эдийн засгийн эрх чөлөөтэй, эдийн засаг нь өрсөлдөх чадвартай, улс төрийн эрх чөлөө нь хангагдаад, шударга шүүх тогтолцоо нь байвал үндэсний эрх ашиг бий болно. Иргэнээ, иргэнийхээ өмчийг хамгаалахгүй бол энэ бүхэн хангагдахгүй. АН-ын үзэл баримтлалыг мэдлэгтэй, зөв хүмүүс сууж шинжлэх ухаанчаар хандаж, олны оролцоотой боловсруулж баталсан нь их таалагдаж байгаа. Үзэл баримтлалаа боловсруулчихлаа. Жилийн турш гишүүдээрээ олон дахин хэлэлцүүлж, их хурлаараа баталсныг Улсын дээд шүүх баталгаажууллаа. Товчхондоо АНүзэл баримтлалаасаа одоо хазайх боломжгүй болж байна.

     

    -АН баруун төвийн үзлээр явахаар болсноо өнөөдөр Блю скайд танилцуулна. Та эдийн засгийн эрх чөлөөг хэрхэн хангах талаар илтгэл тавина. Эдийн засгийн эрх чөлөөн дээр хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоо гэсэн гурван үгийг онцолсон харагдсан. Уг нь хэрэгжүүлж чадвал эдийн засаг тэлэх асуудал биш. Энэ чигээр яг ямар бодлого барих талаар дэлгэрүүлж тайлбарлаач?

     

    -Би бизнес эрхэлдэг хүн. Хоёрдугаарт, Монголын бизнесийн зөвлөлийн сонгуульт ажилтай. Бизнесийн орчныг сайжруулах нь миний гол зорилго, ажлын маань чиг. Таны асуусанчлан АН хувийн өмчтэй, өрсөлдөөнтэй зах зээлийг дэмжиж, төрийн бизнес дэх оролцоог хязгаарлах, хувийн өмчид халдахыг болиулах чиг барина. Хувийн өмч бол хүний эрх чөлөөний баталгаа. Татварын хувьд гэхэд л Монгол Улс байгаа хэдийгээ шүүсэлж татвар авах системтэй болчих гээд байна. Тэгвэл татварын тухайд АН-ын үзэл баримтлалд өөрөөр тусгасан. Тогоогоо аль болох томруулах чиг рүү нь хандъя гэж байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгч компаниа дэмжсэн системийг бий болгох, мөн төлсөн татвараа юунд, яаж зарцуулж байгаагаа хянадаг болгох. Тийм шинэчлэлт хийвэл олон компани шинээр татвар төлдөг болно, мэдээж тэр хэрээр эдийн засаг тэлнэ. Бүр тодруулж хэлбэл ингэж байж нийгэмд зөв харилцаа үүснэ.

     

    -АН, МАН ялгаагүй эдийн засагт халтай шийдвэрүүд гаргасаар ирсэн. АН үзэл баримтлалаа барууны гэж тодорхойлсон ч гэсэн засгийн эрхэнд гарангуутаа өмнөх алдаагаа давтаад явчихгүй гэх баталгаа бий юу?

     

    -АН ч ялгаагүй, 2012 онд сонгуульд орохдоо бизнесээ л дэмжинэ гэсэн амлалтууд өгчихөөд засгийн эрхэнд гарсан хойноо бодлогын алдаатай цөөнгүй шийдвэр гаргасан. Шинэ үзэл баримтлалын тухайд дахиж тийм алдаа гаргахаас сэргийлэх юм. Тийм шийдвэр гаргах гээд байвал “Бидний үнэт зүйлс зарчмын эсрэг” гэж хардаг болно гэсэн үг. Системийн сэтгэлгээ гэж ярьдаг даа, системтэй болох гэж зорьж байгаагийн нэг тод илрэл гэж ойлгож болно.

     

    -Манай улс эдийн засгийн эрх чөлөөгөөр маш муу үзүүлэлттэй гардаг байх аа?

     

    -Тийм ээ, эдийн засгийн эрх чөлөөгөөрөө манай улс тун тааруу үзүүлэлттэй. Heritage foundation гэж байгууллагаас гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний индексийг та хэлээд байх шиг байна. Манай улс 195 улсаас 55.7 оноогоор 125 дугаарт жагсч байна. Азийн 43 орноос 27-д нь жагсаж байгаа. “Ихэнхдээ эрх чөлөөгүй” гэдэг ангилалд багтдаг. Манай улсын өрсөлдөх чадвар хаана байна гэдгийн илрэл л дээ. 125 дугаар байрнаас яаж эхний 20 руу очих вэ гэдэгт чиглэж, зорьсон учраас АН-ын энэ бичиг баримт, үзэл баримтлал надад таалагдаж байгаа. Монгол Улс Үндсэн хуулиараа эдийн засгийн эрх чөлөөг иргэддээ олгосон орон. Хуулиар олгосон эрх мэдлээ хамгаалах шаардлага үүсчихсэн. Энэ эрхийг нь хамгаалахын тулд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн орчныг тунгалаг, ойлгомжтой байлгана, татварын орчныг тодорхой болгоно, татварын дарамт биш бизнесийг дэмжсэн орчныг бүрдүүлнэ, өмчтэй бол хамгаална, бизнестэй бол бизнес хийх боломжийг өсгөнө гэсэн чигийн АН барина. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр эдийн засгийн өрсөлдөх чадварыг судалдаг. Манай улс эдийн засгийн өрсөлдөх чадвараараа сул гардаг. Хамгийн муу үзүүлэлтүүд нь эрчим хүч, тээвэр, усан хангамж буюу дэд бүтэц байх жишээний. Дандаа төр бизнест гүнзгий оролцдог салбарууд. Хамгийн сайн үзүүлэлттэй нь мэдээлэл, харилцаа холбоо. Манай сүлжээний чанар, интернэтийн хурд зарим газраа Нью Иоркоос илүү. Ямар учраас ийм өндөр үзүүлэлттэй гарсан гэж та бодож байна?

     

    -Хувийн бизнесүүд өрсөлддөг болохоор уу?

     

    -Ерөөсөө л тийм шалтгаантай. Өнөөдөр харилцаа, холбооны зах зээл дээр дөрвөн оператор өрсөлдөж байна. Үр дүнд нь хамгийн боломжийн үнэтэй, чанартай үйлчилгээг улсаараа авч байгаа. Дөрвөн оператор өрсөлдөхөөрөө шинэ бүтээгдэхүүн гаргаж байна, хэрэглэгчээ татахын тулд чанар, үнээр өрсөлддөг. Хамгийн гоё реклам гэхэд л үүрэн холбооны компаниудынх байдаг шүү дээ. Сүүл мушгидаг, өрсөлдөх чадвараас чангаадаг салбаруудаа өөд нь татах зарчмуудыг АН үзэл баримтлалдаа суулгаж өгсөн.

     

    -Монгол Улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд яах ёстой вэ?

     

    -Хийж байгаа зүйлдээ хариуцлагатай байж, цэгцтэй хандах ёстой. Бид маш том өрсөлдөөн дунд хөгжиж байгаа. 3.8 тэрбум хүнтэй том бүс нутагт 3.3-хан саяулаа өрсөлдөж байна. Монголын хувьд бүс нутагтаа маш жижигхэн орон. Гэтэл Япон, Хятад, Энэтхэг, Солонгос, ОХУ гээд дэлхийн хамгийн том эдийн засгууд манай бүсэд бий. Эдгээр улсууд бүгд л гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Тэгэхээр бид өмчийн эрхийг дээдлэхэд онцгой анхаарах ёстой. Ажил, амьдрал, бизнестээ хариуцлагатай, цэгцтэй хандах учиртай. Сүүлийн үед хэрэглээн дээр нэг юм анзаарагдаж байна. Найман нэрийн барааны дэлгүүрийг удахгүй шахаж гаргах юм шиг байна. Cirсle K, CU гэх мэт сүлжээнүүдэд залуус, өсвөр насныхан их үйлчлүүлж байна. Хичээлээ хийнгээ идэж уугаад тухалж суух боломжтой учраас тэр л дээ. Бүх юм нь стандарт болохоор зах зээл хүлээгээд авчихаж байна. Хэрэглэгчийн тухайд нэг сайн юмыг мэдэрсэн бол хэрэглээнийхээ түвшинг бууруулдаггүй. Монголчуудын хэрэглээ өнөөдөр 1990 оныхоос өөр болсон. Хэрэглээ төдийгөөс өдий хүртэл сайжирсаар ирсэн гэсэн үг.

     

    Энэ мэт олон шалтгаан ерэн онд монголчууд зөв зам сонгосныг нотолдог. Монголын том компаниуд нэг хэсэг гадны захирлуудыг гэрээлж ажиллуулдаг байсан даа. Яагаад өндөр цалингаар гадаадын захирлуудыг авч ажиллуулсан нь цаанаа учиртай. Бизнесийн шилдэг стандартыг бий болгож байсан юм. Монголд үйл ажиллагаа явуулж буй сүү, ундааны үйлдвэрүүд, ноолуурын том компаниуд, технологийн компаниуд хамгийн сайн стандартад өнөөдөр хүрсэн байдаг нь ийм учиртай. Компаниуд энэ мэтээр томроход эдийн засаг тэлж, дотоодоос санхүүжилт татах боломж багасч эхлэх нь ойлгомжтой. Тэгэхээр гадаадаас хөрөнгө оруулалт татах хэрэгцээ үүсч таарна. Өөрөөр хэлбэл өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалт татахын тулд олон улсын бизнес, технологийн, инженер, гэрээний стандартыг мөрдөх учиртай. Наад зах нь компаниуд тайлан балансаа олон улсын стандартын дагуу хийх ёстой болдог. Өөр нэг анхаарах зүйл бол гэрээг шүтэх гэсэн ойлголт бий. Гэрээ байгуулсан л бол дагадаг байх нь чухал.

     

    -Байгуулсан гэрээгээ мөрдөх тал дээр манайхан тогтворгүйдээ орно. Бизнест, өрсөлдөх чадварт том сөрөг нөлөө үзүүлэх хандлага гэж ойлгож болох уу?

     

    -Тэгж ойлгож болно. Гэрээг шүтнэ гэдэг том соёл, чухал зарчим. Тодруулж хэлбэл өрсөлдөх чадвартай байхад нөлөөлдөг зарчим. Гэрээг талууд хамтарч юм бүтээхийн тулд эрсдэлээ хуваах гэж хийдэг. Хоёр тал тодорхой зорилгын төлөө эрсдэлээ хуваагаад эцсийн байдлаар тохироогоо хийж гэрээ хийдэг зарчим бизнест үйлчилдэг. Ажлын дундаасаа эргэж буцвал итгэх хүнгүй болох эрсдэл бий. Бизнес итгэл дээр л тогтдог. Хүнийг хуурсан сэтгэлгээ өнөөгийн дэлхийд явахгүй нь ойлгомжтой.

     

    -Бидэнд анхаарах өөр ямар асуудал байна?

     

    -Дэлхийн банкны харьцуулсан судалгаагаар бизнес эрхлэх талаар Монгол Улсын урд 61 орон жагсаж байна. Монголд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өндөр зардалтай гэсэн үг. Мэдээж зээлийн хүү өндөр гэх мэт санхүүжилтын өртөг их гэдгийг дээр дооргүй мэднэ. Нөгөө нь дэд бүтэц, тээвэр, эрчим хүч. Аливаа шинэ үйлдвэр барьж байгуулахад 30, 40 хувийн илүү зардал Монголд гараад байна. Ийм учраас бид бүс нутгийнхаа том эдийн засгуудтай өрсөлдөж чадахгүй байгаа. Засгийн газар үүнд анхаарах ёстой. Тооцоотой, ухаалаг бодлоготой байж л хөрөнгө оруулалт татна. Хөрөнгө оруулалт татаж байж дэд бүтэц, эрчим хүчний бүтээн байгуулалт өрнүүлнэ. Түрүүн харилцаа холбооны салбараар жишээлсэн дээ. Өрсөлдөөний орон зай гаргаж өгөөд, зохицуулалтаа зөв хийчихээр ямар ч салбар хөгждөг.

     

    -Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал гэвэл та юуг онцлох вэ?

     

    -Дэлхий даяараа, АНУ, Хятад, Солонгос бүгдээрээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байна. Манай улсын хувьд ч ялгаагүй, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих боломжгүй. Гаднаас мөнгө татахын тулд түрүүн хэлсэн шиг итгэлийг нь төрүүлэх ёстой. Дахиад хэлье. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авахын тулд стандартыг нэвтрүүлж, чанд барих хэрэгтэй. Сайхан ярьдаг гээд мөнгөө өгдөг хөрөнгө оруулагч хаана ч байхгүй. Юуны түрүүнд бизнес нь дэлхийн стандартаар явж байгаа эсэхийг л харна. Хоёрдугаарт байгуулсан гэрээгээ хэр мөрддөгийг нь харна. Компаниуд өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийж сурч байна. Өөрөөс нь хамаарахгүй зүйл гэж байна. Тэр нь бизнесийн орчин. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин ямар байх нь Засгийн газрын гаргаж байгаа бодлого шийдвэр, татвар төлөгчдийн мөнгийг хэр оновчтой зарцуулж байгаагаас хамаарна. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, хууль эрх зүйн зохицуулалт муу бол хамгийн сайн бизнес эрхэлж байсан ч унах эрсдэлтэй. Дэд бүтэц сайжрахгүй байгаа, санхүүжилтийн өртөг өндөр гээд бизнес эрхлэгчдээс шууд хамаарахгүй шийдлээ хүлээсэн олон асуудал манай улсад байна.

     

    -Ингэхэд өмчийн эрхийг хамгаалах тал дээрээ бид яаж үнэлэгддэг юм бол?

     

    -Өмчийн эрхийг хамгаалах үнэлгээ хийсэн судалгаагаар Монгол Улс 51 оноогоор “ихэвчлэн эрх чөлөөгүй” бүсэд хамаарагдсан. Дэлхийн эдийн засгийн форумаас улс орнуудын эдийн засгийн өрсөлдөх чадварын талаар гаргасан тайланд Монгол Улс 2018 онд 99 дүгээр байранд орж ухраад байгаа. Уг нь 2013 онд “Сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 93 дугаарт орлоо” гэж мэдээлж байсан юм. Онцолж хэлэхэд Үндсэн хуульд өмчийг хамгаалах тухай маш тодорхой заагаад өгчихсөн. Цаашлаад яривал эдийн засгийн загварыг Үндсэн хуульд нэлээд чамбай тусгачихсан шүү дээ.

     

    -Манай улс эрчим хүч, шатахуунаараа бусдаас хараат гэсэн эмзэг талтай. Эрчим хүчээрээ бие даая гэхээр оросуудын эсэргүүцлээс болоод наад зах нь Эгийн голын усан цахилгаан станцынхаа ажлыг урагшлуулж чаддаггүй. Тэгэхээр эдийн засгийн өрсөлдөх чадварын талаар яриад ч ойрын хугацаанд үр дүнд хүрэхгүй юм биш үү?

     

    -Монгол Улс ганцаараа хөгжихгүй нь ойлгомжтой. Бүс нутагтайгаа уялдаа, холбоотой байж эдийн засаг өрсөлдөх чадвартай болно. Үүнийг АН үзэл баримтлалынхаа эдийн засгийн эрх чөлөө гэсэн хэсэгт маш тодорхой суулгаж өгсөн. Бүс нутгийн эдийн засагт идэвхтэй оролцогч болж байж эдийн засгийн аюулгүй байдал хангагдана. Таны асуусанд хариулахын өмнө нэг жижиг тайлбар хийе. Эрчим хүчний салбарт нэг уламжлалт ойлголт бий. Тухайн эдийн засаг хилээ хаагаад эрчим хүчний хэрэглээгээ бие дааж үйлдвэрлэж чадах уу гэдгээр нь бие даасан хараат бус байдлыг нь хэмждэг байсан юм. Тэр үнэлэмжээр бол Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдаагүй. Өнөөдөр хилээ хаачихвал тоггүй, шатахуунгүй болох нөхцөлд бид амьдарч байгаа. Гэхдээ үүнийг өөрчлөх гарц бий. Өөрөөсөө бусдыг хамааруулах чиглэлд ажиллах хэрэгтэй.

     

    -Азийн супер сүлжээг хэлж байна уу?

     

    -Яг тийм. Ажил амьдралынхаа сүүлийн арваад жилийг Азийн супер сүлжээнд зарж яваа минь цаанаа ийм шалтгаантай. Азийн супер сүлжээ ажил болбол хөрөнгө оруулалт татна, дэд бүтэц сайжирна, цаашлаад яривал шинэ үйлдвэрүүд баригдана. Энэ төслийг энгийнээр тайлбарлавал Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд Зүүн Хойд Азийн улсуудад, ярианы эхэнд дурдсанчлан энэ бүсийн том эдийн засагтай Япон, ОХУ, Хятад, Солонгост түгээх юм. Бүр тодруулж хэлбэл эдгээр улсууд эрчим хүчний хэрэглээгээрээ тодорхой хэмжээнд манай улсаас хамаарч эхэлнэ гэсэн үг. Бүс нутгийнхаа улсуудад хамгийн хэрэгтэй эрчим хүчийг нь эх орондоо үйлдвэрлээд түгээж эхэлбэл Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал хангагдана.

     

    -Та түрүүн эрчим хүчний салбар дахь уламжлалт ойлголт гэсэн утгатай үг унагалаа. Уламжлалт ойлголт гэхээр одоо шинэ хандлага гараад ирчихсэн гэсэн үг үү?

     

    -XXI зуунд дэлхий даяар уламжлалт ойлголтууд эвдэгдээд байна л даа. Япон гэхэд л эрчим хүчнийхээ бодлогод өөрчлөлт орууллаа. Цахилгаан эрчим хүчнийхээ сүлжээг бусад улстай нэгтгэх нь илүү үр ашигтай байна гэсэн хандлагатай бодлого анх удаагаа гаргаж байх жишээтэй. Япон эрчим хүчний хувьд гаднаас 100 хувь хараат улс. Нефть, нүүрс, хийгүй. Бүгдийг нь гадаад улс орнуудаас авдаг. Тэр утгааараа эрчим хүч тэдний хувьд маш эмзэг салбар. Тийм учраас уламжлалт ойлголтууд өнөөдөр технологийн хөгжил дагаад өөрчлөгдөж байна.

     

    Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН" 

     

    Сэтгүүлч: Ц.БААСАНСҮРЭН