Ардчилсан эмэгтэйчүүдийн уулзалт баруун бүсэд үргэлжилнэ
    2018 оны 10 сарын 11 нд
    471ad9ccaa152799d18d76914ca81d25.jpg

    Сэтгэлийн хүчээ нэгтгэсэн Ардчилсан эмэгтэйчүүд Монгол орны 21 аймаг, есөн дүүргээр өртөөлөн ажиллаж байна. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль орон даяар үргэлжилж, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж буй. Тэд уулзалтаа Хэнтий аймгаас эхэлсэн бөгөөд Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр аймаг болон нийслэлийн Багануур, Налайх дүүрэгт өртөөлж, нийт 1000 орчим эмэгтэйчүүдтэй уулзаад байна. "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан,  Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Б.Пунсалмаа нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Мөн аймаг, сум, дүүргийн АЭХ-ны тэргүүнүүд сонгогдоод байна. Тухайлбал, нийслэлийн Багануур дүүргийн АЭХ-ны тэргүүнээр Б.Сайнзаяа, Дорноговь аймаг Д.Гантогтох нар сонгогджээ. Нэр дэвшигчид орон нутагт ажиллах үеэрээ эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлыг сонсч, очсон газар бүртээ асуудал шийдвэрлэж байгааг онцолсон юм. Энэ тухай “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнд нэр дэвшигч С.Одонтуяа “Бид очсон газар бүртээ охид, эмэгтэйчүүдтэйгээ уулзаж, асуудал шийдвэрлэж байна. Танхимд цуглаад өнгөрөх бус эмэгтэйчүүдийнхээ урам зоригийг сэргээх, чадавхжуулах, мэдлэг, мэдээлэл олгоход ихээхэн анхаарч байна” гэлээ. Гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлын гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж, тэдний дуу хоолой, хүчтэй төлөөлөл болж ажиллахаа уулзалтын үеэр  хэлж байв. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 12-оос баруун аймагт ажиллана.