Шинэчлэлээр түүчээлсэн 2018 он
    2018 оны 10 сарын 09 нд
    a3e2b29b0bfc1d6218d374065a2a5e7b.jpg

    Шинэчлэлийг түүчээлсэн 2018 он

     

    Шинэчлэлээр түүчээлсэн нэгэн он улирахад 100 гаруй хоног үлдээд байна. 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн Ардчилсан нам ялагдлаа түр амсхийх чөлөө хэмээн харж, шинэчлэлийн аяныг эхлүүлсэн билээ. Намынхаа даргыг нийт гишүүдээсээ сонгохоос эхлээд Үндсэн дүрэм, Үзэл баримтлалаа шинэчлэх ажилд ханцуй шамласан тэд “Иргэдийн оролцоотой, бодлогын нам” болох зорилго өвөртлөн зогсолтгүй урагшилсаар байна.

     

    104 мянган км зам туулж, эх орноо нар зөв тойров

     

    Ардчилсан нам 2018 оны ажлын төлөвлөгөөндөө хэд, хэдэн онцлох ажил тусгасны нэг нь “Монголоо сонсъё” үндэсний хэмжээний аян байв. Ардчилсан намын шинэчлэл, Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аян нийт 32 хоног үргэлжилж, ҮБХ-ны гишүүд Монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 474 анхан шатны нэгжид хүрч ажиллажээ. “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулсан үндэсний аян Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас эхэлж, албан ёсны нээлтээ Улаанбаатар хотноо 2018 оны тавдугаар сарын 15-нд хийсэн юм. Иргэдээс ирүүлсэн саналыг төрлөөр нь ангилбал, 60 тэрбумын асуудал, агаарын бохирдол, газар олголт, хүүхдийн мөнгө, малчдын тэтгэвэр, зээлийн хүүг бууруулах, эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагаа, эрүүл мэнд, боловсролын салбарын чанар, хүртээмжийн асуудлыг хамгийн ихээр хөнджээ. “Монголоо сонсъё-1” аяны хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газарт-202, Засгийн газарт-1187, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт-372, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагаатай холбоотой- 960 саналыг тус тус иргэдээс ирүүлсэн байна. Мөн тухайн орон нутгийн удирдлагуудад хандсан санал, хүсэлт ч тодорхой хувийг эзэлжээ. Аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг эрэмбэлэн ангилж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, холбогдох төрийн захиргааны байгууллагууд, НЗДТГ, орон нутгийн захиргаанд хүргүүлэх аж. “Монголоо сонсъё-1” аянд нийт 300 гаруй ҮБХ-ны гишүүд оролцож, 104 мянган км зам туулж, 220 орчим мянган иргэн хамрагджээ.

     

    Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Хэрэг эрхлэх газрын ажилтнууд, урлаг соёл, эрүүл мэнд, хууль эрх зүйн салбарынхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй баг хариуцсан бүс нутагтаа аяныг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж, иргэдээ сонссон байна. “Монголоо сонсъё-1” аяны хүрээнд Ардчилсан нам зөвхөн иргэдтэй уулзаад өнгөрөх бус тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлж, сонирхолтой байдлаар нээлттэй өдөрлөгөө зохион байгуулжээ. Тухайлбал, “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн үеэр төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн, спортын наадам зохион байгуулж, азтан шалгаруулж, иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэнд, соёлын үйлчилгээ үзүүлэн, хуулийн зөвлөгөө өгсөн нь иргэдийн талархлыг хүлээсэн байна.

     

    Дотоод сонгууль ба ротаци

     

    180 мянган гишүүнтэй Ардчилсан нам Үндсэн дүрмээ шинэчилж, ротаци явуулсан нь энэ оны бас нэг онцлох үйл явдал байсан юм. Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтөөр Үндэсний бодлогын зөвлөлийг Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ болгон өргөтгөж, 410 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулаад байна. Ардчилсан намын гишүүдийн төдийгөөс өдийг хүртэл хүсэн хүлээсэн шинэчлэлийн амин сүнс нь Үндсэн дүрэм болоод Үзэл баримтлал. Үндсэн дүрмийн гол концепци нь бүх гишүүдээрээ асуудлыг шийдвэрлүүлэх. Тиймээс ч намын лидер болон жирийн гишүүн, залуусын төлөөлөл хэн байхаас үл шалтгаалан Үндсэн дүрмээ баримталж, эрх тэгш байх бололцоог олгосон нь ротаци буюу эргэлтийн сонгууль юм. Эргэлтийн сонгуулийг жил бүр зохион байгуулахаар Үндсэн дүрэмд тусгасан бөгөөд ҮБХ-ны гишүүдийн 1/3-т ротаци явуулахаар болсон юм. Энэ дагуу 2018 оны ротацид ҮБХ-ны 76 тойргийн 123 мандатын төлөө 143 хүн өрсөлдсөн байна. Ардчилсан намын дотоод асуудлыг хэдэн дарга нар шийддэг бус бүх нийтийн оролцоог тэгш хангадаг болсны илэрхийлэл ротаци юм. Хэн намын үйл ажиллагаанд идэвх, санаачлагатай оролцоно түүнд намын гишүүд итгэл хүлээлгэж, боломж олгодог нь ротациас харагдана. Ингэж тогтмол шинэчлэгдэж, “цус сэлбэж” байж улстөрийн намд эрүүл тогтолцоо бүрэлдэж, гишүүдийн оролцоо идэвхиждэг. Өөрөөр хэлбэл, гишүүдийн оролцоотой, бодлогын нам болох зорилтдоо хүрэх нэг шат нь ротаци юм.

     

    Ардчилсан намын гадаад харилцаа ба шинэчлэл

     

    Ардчилсан намын гадаад харилцаа өргөжиж байна. “Олон улсын ардчиллын холбоо”-ны Дэд ерөнхийлөгчөөр Ардчилсан намын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар сонгогдсон нь үүний илэрхийлэл юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн З.Нарантуяа олон улсын "Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо"-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод байна. Ардчилсан намын гишүүд мэдлэгтэй, мэдээлэлтэй, чадавхитай байх учиртай. Тиймээс ч олон улсын төсөл, хөтөлбөрүүд, гадаадын их, дээд сургуулиудтай хамтран гишүүдээ чадавхижуулах, мэргэшүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-ын Гүнгминий их сургуульд Ардчилсан намын 12 гишүүн магистрын түвшинд суралцаж байгаа юм. Цаашид тус сургуульд улстөр, хууль эрхзүйн чиглэлээр суралцах үүд хаалга нээлттэй. Үүний зэрэгцээ “Конрад-Аденауэр-Сан”, АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн”-тэй хамтран ажиллаж байна. Тус хүрээлэнгийн шугамаар Ардчилсан намын гишүүдээс гурван ээлжээр АНУ-д мэргэжил дээшлүүлэх чиглэлээр суралцжээ. Цаашид ХБНГУ, Англи зэрэг орнуудад гишүүдээ суралцуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн Английн Консерватив намтай харилцаагаа сэргээсэн бөгөөд 2018 оны аравдугаар сард болох их хуралд нь Ардчилсан намын 10 гаруй төлөөлөгч оролцохоор болжээ.

     

    Намын дэргэдэх байгууллагуудын оролцоо

     

    Улстөрийн нам дэргэдэх байгууллагуудаараа дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс ч намын дэргэдэх байгууллагуудын оролцоо чухал. Энэ онд “Ардчилсан оюутны холбоо” хоёрдугаар бага чуулганаа амжилттай зохион байгуулж, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн тэргүүнээ батламжилжээ. Тус холбоо нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбартай Монголын хамгийн олон гишүүнтэй оюутны байгууллага юм. Мөн “Ардчилсан ахмадын холбоо” ээлжит бус чуулганаа хуралдуулсан бол “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” тэргүүнээ сонгохоор зэхээд байна. Намын дэргэдэх байгууллагуудаас хамгийн идэвхи, зохион байгуулалттай нь “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” хэмээн удирдлагууд онцолжээ. Учир нь Ардчилсан намын нийт гишүүдийн 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс ч УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ардчиллын дархлаа бол эмэгтэйчүүд” хэмээн тодотгосон бизээ. Харин Ардчиллын дархлаа болсон эмэгтэйчүүд холбооныхоо тэргүүнийг сонгох дотоод сонгуулийг эхлүүлээд байна. Мөн энэ онд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны орон нутаг дахь салбар хороодын удирдах ажилтнуудын зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгуулсан. Үүнээс гадна “Ардчилсан залуучуудын холбоо”-г дурдахгүй өнгөрч болохгүй. Тус холбоо намын дэргэдэх байгууллагуудыг манлайлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагааны санаачлагаар өрнөсөн “360” төслийг “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч, “Монголын байт харвааны холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэсэн юм. “360” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа байт харвааны зориулалтын хамгийн том талбайг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байгуулаад байна.

     

    Бодлогын зөвлөл ба шинэчлэл

     

    Ардчилсан нам дэргэдээ 16 бодлогын зөвлөл байгуулж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Тодруулбал, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүдийг батламжилж, хамтран ажиллах гэрээг энэ оны нэгдүгээр сард байгуулсан юм. Яамдын чиг үүргийн дагуу байгуулагдсан эдгээр зөвлөл нь улс орны нийгэм, эдийн засаг, хөгжлийн ойрын, дунд, урт хугацааны стратегийг тодорхойлж, Ардчилсан намын бодлогын байр суурийг илэрхийлэх чухал ач холбогдолтой юм. Бодлогын нам байхын тулд урт болон дунд хугацааны бодлого, зорилтоо тодорхойлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа тусгаж байна. Бодлогын ерөнхий зөвлөлийн даргаар С.Эрдэнэ, Дэд даргаар Ц.Туваан, нарийн бичгийн даргаар Э.Одбаяр нар ажиллах бол бүрэлдэхүүнд нь бодлогын зөвлөлүүдийн дарга нар багтжээ.