Б.Пүрэвдорж: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж нэг ч төгрөг төсөвт суулгаагүй байна
    2018 оны 10 сарын 08 нд
    0ed93ff3dffa435eb2a178bd62550ac7.jpg

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа. 


    -Их хурал ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Чамбай төсөв байна гэсэн хэсэг байхад муу төсөв болжээ гэсэн хүмүүс ч таарлаа. Таны хувьд төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?


    -Орлого талдаа тодорхой зорилт тавиад шахаж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл өмнөх Сангийн сайд нар орлогоо бага тавьчихаад түүнийг давуулсан болж харагдуулдаг байсан. Энэ удаа илүү том зорилт тавиад түүндээ хүрэхийн төлөө ажиллана гэж байгаа нь зөв, энэ нь тэр чигтээ Төсвийн тухай хууль болж гардаг. Хуулиа биелүүлэхийн тулд Засгийн газар, төрийн өмчит болон бусад байгууллагуудаас нэхэж ажиллах шаардлага гарч ирж байгаа юм. Энэ нь зөв. Харамсалтай нь зарлага талдаа хэрэгцээ, шаардлагагүй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтуудыг тавьсан байна. Яагаад ингэсэн гэхээр сонгууль жижиг мажоритар системээр явсан. Тиймээс УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогт байгаа сумдад хөрөнгө оруулалт хийх сонирхол бий. Энэ нь тухайн тойргоосоо дахин сонгогдох адын хүслээс болж байгаа юм. Сум орон нутагтаа сайхан харагдаж, нэр хүнд олж л байвал боллоо гэсэн шиг нэр хүнд олж болох бүх л зүйлийг бодож төсвөө хийж байна. Сонгуулийн тогтолцоо буруу байгаагийн нэр илрэл нь энэ л дээ. Улсын төсөв Монголын ирээдүй, хойч үеийн төлөө илүү хүнд үед хэрэглэх зайлшгүй хуримтлал бий болгосон байх ёстой. Харамсалтай нь тийм байсангүй. 2019 онд ахиухан бүтээн байгуулалт тавья. 2020 онд тэртэй тэргүй сонгуулийн өмнө ямар ч бүтээн байгуулалт хийж амжихгүй. Тиймээс иргэдийн сэтгэлд хүрэхгүй тул одоо шахаж ажиллан, намынхаа рейтингийг өсгөе гэсэн төсөв орж ирсэн. 


    -Та байнгын хорооны хурал дээр Ховд аймагт ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Ганц байшин барьсан нь шорон гэж байсан л даа...


    -Үнэн шүү дээ. 2016, 2017 онд Ховд аймагт ганц ч бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй. 2018 он дуусах гэж байна. Гэтэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан ганц ч байшин ашиглалтад орсонгүй. 2018 онд ажил нь эхлэх ёстой байсан бүтээн байгуулалт байсан ч яам, агентлагууд, албан тушаалтнуудын амбиц орсноос болж тендер шалгаруулалт нь хойшилсоор байгаад ийм байдалд хүргэлээ. Тендер шалгаруулалт нь дөнгөж дуусч байгаа юм. Тиймээс энэ жил хэд хэдэн бүтээн байгуулалт ашиглалтад орох ёстой байсан ч хойшиллоо. Тухайлбал, Ховд аймгийн Дөргөнө сумын Соёлын төвийн барилгын ажлын хөрөнгө оруулалт энэ жилийн төсөвт бүтэн суусан ч дөнгөж газар шорооны ажил нь эхэлж байх жишээтэй. Ер нь дунд шатанд төсвийн хуулийг биелүүлэх ажил маш муу байна. 


    -Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг хэдээр тооцсон юм бэ. Ноднин 2500 төгрөгөөр тооцсон ч одоо 2570 төгрөгт хүрчихлээ. Ханшийн алдагдлын зөрүүг хаанаас нөхөх вэ?


    -Ноднин 2018 оны төсвийг батлахдаа 2500 төгрөгөөр тооцсон ч харамсалтай нь нэмэгдээд явчихлаа. Энэ нь явсаар оны эцэст 2600 орчим төгрөгт хүрэх байх. Ханш 100 төгрөгөөр нэмэгдэж байна гэдэг нь нэгдүгээрт, Засгийн газар төсвөө ашигтай гаргах сонирхол байгаатай холбоотой. Зориудаар валютын ханшийг өсгөж, зөрүүгээр нь төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг гаргах гэж байгаа юм. Хоёрдугаарт, авлигач, албан тушаалтнуудын гэртээ хадгалсан ам.долларуудын ханшийг өсгөх зорилгоор ийм зүйл хийж байна. Нэг хурандаагийн гэрээс 1.3 сая ам.доллар гарсан гэдэг мэдээлэл түгсэн. Тэр хүн гэртээ 1.3 сая ам.долларыг зүгээр хадгалахад 130 сая төгрөгийн ашиг хийж байгаа юм. Монголбанкны хийж байгаа зүйл авлигачдын бэлнээр хадгалсан ам.долларын ханшийг өсгөхөд чиглэгдэж байна. 


    -Ам.долларын зээл авсан бизнесийнхэн илүүтэй хохирч байгаа даа...


    -Ханшийн зөрүү ам.доллараар зээл авсан бизнесийнхэнд маш хүндээр тусч байгаа. Асар их дарамтыг бий болгож байна. Томоохон бизнесүүд ам.доллараар зээл авсан байх магадлал өндөр. Уул уурхайн экспорт нэмэгдэж байна л даа. Үүнийгээ дагаад валютын нөөц хангалттай нэмэгдэж байгаа учраас тодорхой хэмжээнд валютын зээл авбал ханш унах нь бидэнд ашигтай байна гэсэн бодлого байсан байж магадгүй.  Тийм учраас Монголбанк яаралтай арга хэмжээ авах ёстой. Гурван тэрбум ам.долларын нөөцтэй болчихоод тодорхой хэмжээнд интервенц хийж, төгрөгийн ханшийг чангатгах үндсэн үүргээ биелүүлэх ёстой. 


    -Интервенц хийснээр ам.долларынхаа хамаг нөөцийг шавхчих юм биш үү?


    -Эдийн засгийн өсөлт бий болсон, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдэж, үнэ өссөн үед эсрэгээрээ монгол төгрөгийн ханш чангарах ёстой. Гэтэл валютын ханшийн зөрүүнээс алдагдал хүлээгээд байна гэдэг нь Монголбанкны бодлого буруу явж байгаагийн нэг илрэл. Төгрөгийн ханш гаднаас орлого олоогүй үед унадаг. Экспорт хангалттай байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ийм өндөр байхад валютын ханшаа алдах ямар ч үндэслэл байхгүй. Зориудаар хийж байгаа ажил. 


    -Он гарсаар нефтийн бүтээгдэхүүний үнэ хэд хэдэн удаа нэмэгдчихлээ. Энэ үед валютын ханш чангарч байна л даа. Төсөв хэлэлцэхдээ маш их анхаарах байлгүй...


    -2012-2016 онуудад нефтийн бүтээгдэхүүний үнийг бага байлгах, хэрэглэгчдийн хүсээд буй тэр үнэд байлгах ажлыг Засгийн газар, Монголбанк хамтраад хийсэн. Тодорхой хэмжээнд нефть импортлогч компаниудтайгаа ярилцаад зарим арга хэмжээг авч байсан. Гэтэл Монголбанк энэ ажлуудыг огт хийхгүй байгаа. Монголбанкны ерөнхийлөгч зөвхөн хэдхэн гавьяаг өөртөө бий болгохоор зорьж байна. Монголбанкны валютын нөөцийг би гурван тэрбум ам.доллараас давуулсан гэдэг нэр зүүхийн тулд ард түмэнд ирж буй ачааллыг юман чинээ тоосонгүй. Гаргуунд нь гаргачихлаа. Монголбанкны ерөнхийлөгч зоригтойгоор интервенц хийх хүсэл алга. Зүгээр л өөрийн нэр хүндийг хадгалж үлдэх бэртэгчин, аймхай хүн. Тиймээс зоригтойгоор мөнгөний бодлого явуулах арга хэмжээ авах сонирхолгүй байна. Маш хурдан огцруулах хэрэгтэй. Засгийн газар энэ хүнээ хурдан явуулахгүй бол УИХ дахь Ардчилсан намын бүлгээс уг асуудлыг хөндөх болно. 


    -Зам, тээврийн хөгжлийн сайдыг баасан гаригт томиллоо. Томилогдсон сайдад дайх үг байна уу?

     

    -Би сайд томилогдох үед “Замын стандартыг мөрдүүлж ажиллах хэрэгтэй” гээд асуулт асуусан ч тодорхой хариулт өгөөгүй. Өөрөөр хэлбэл уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ стандартыг мөрдөлгүй хүнд даацын машин нэг тэнхлэгт ногдох даацаас хэтрүүлэн ачдаг. Үүнээс болж зам эвдэрч, хүний амь нас эрсддэг. Монгол Улс зундаа хэт халуун, өвөлдөө хэт хүйтэн байдаг. Тиймээс авто зам хурдан эвдрэх магадлал өндөр. Мөн бид авто замаа хангалттай сайн чанартай тавьж чаддаггүй. Ийм учраас стандартыг мөрдүүлэх талаар илүү сайн ажиллах шаардлага тавьсан. Ховд аймгийн босоо тэнхлэгийн авто зам маш сайн чанартай тавигдсан ч хүнд даацын автомашинууд Увс аймгийн Наранбулаг сумаас төмрийн хүдэр зөөсөөр байгаад тэр зам бүрэн ашиглалтад орохоос нь өмнө эвдээд эхэлсэн. Үүнийг анхаарч ажиллаарай гэсэн. Үүн дээр харин анхаарч ажиллана гэдгээ хэлсэн. Стандарт Монголын бүх авто зам дээр адилхан мөрдөгдөх учиртай. 


    -Засгийн газар шинээр байгуулагдан ажиллаад нэг жил болж байна. Үйл ажиллагааг нь хэрхэн дүгнэх бол. Ерөнхий сайд АНУ-д айлчилж 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авч чадлаа гэх юм?


    -Төв Азийн цээжинд ардчиллыг дангаараа хамгаалж, төлөвшүүлж яваа Монгол Улсын ардчилалд оруулж буй хувь нэмрийг үнэлж АНУ-аас өгч буй буцалтгүй тусламж. Коммунистууд очиж гарын үсэг зурж байгаагаас биш ардчиллыг үнэлсэн үнэлэмж юм шүү тэр 350 сая ам.доллар гэж ойлгоорой. Засгийн газар хийх ажилгүй юм шиг гадна дотно маш их зугаалдаг. Гэтэл иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт уруудаж байна. Үүн дээр бодитой арга хэмжээ авахгүй байгаа Засгийн газрыг сайн ажиллаж байна гэх үү, муу ажиллаж байна гэх үү. Бодоод үзэхгүй юу. 


    -Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд БНСУ-аас авах 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр түрээсийн орон сууц барина гэж байсан. Баригдсан тэр олон барилгууд нь борлогдохгүй байхад түрээсийн орон сууц гэж хамаг мөнгөө шавхах нь гэх юм?


    -Түрээсийн орон сууц барьж болно. Энэ засгийн үед МАН-ыг дэмждэг бүлэг хүмүүс тодорхой шалгуураар түрээсийн орон сууцанд орно. Тиймээс энэ үр дүнтэй ажил биш. Харин бид гэр хорооллын иргэдийн хүсэл зорилго итгэлцэл дээр хувийн хэвшлийнхэнтэй нийлээд тэр газрыг нь орон сууц болгох ажлыг хийх хэрэгтэй. Эхний ээлжинд гэр хороолол руу хүрэх дэд бүтэц, дулаан болон цэвэр, бохирын шугамыг төр хийж өгөх ёстой. Түүнээс биш бүгдийг барьж өгснөөр асуудлыг бүрэн шийдэхгүй. Бид гаднаас ирж буй зээл тусламжийг ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч хүн бүрийг ажилтай болгоход зарцуулах нь зөв. Түүнээс төр бүхнийг шийддэг, түрээсийн орон сууцыг нь хүртэл барьж өгдөг төртэй байх юм бол бидний зовлонг Монголын төр татвар төлөгчдийн мөнгөөр бүрэн шийдэх боломжгүй. 


    -Ирэх оны төсөв ямархуу батлагдах бол. Сонгуулийн урьд жилийн төсөв шүү дээ?


    -Ардчилсан намын бүлэг хэдийгээр цөөхүүлээ ч гэсэн бид бодит зүйлийг ярьдаг, шүүмжилдэг. Засгийн газар, Сангийн сайдын нэг сайн зүйл нь сөрөг хүчнийхээ гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалтыг эрх баригчидтайгаа адил хэмжээнд тавьж, хийж байгаа. Үүнд нь талархах хэрэгтэй. Сөрөг хүчнийнхэн хэр хэмжээний хөрөнгө оруулалтыг орон нутагтаа тавьж байна, тэр хэмжээгээр тавьж чадаж байна. Орон нутагтаа зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг сонгож оруулж ирэх нь бидний үүрэг байх ёстой. Ардчилсан намынхан сэтгэдэг, хийдэг. Үр шимийг нь МАН-ынхан хүртдэг. Ийм л тогтолцоо руу орсон. 


    -АН-ынхан төсөв дээр тав хоногийн завсарлага авсан нь ямар учиртай юм бэ?


    -2019 оны төсөв Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдаж байна уу гэдэг тодорхой мэдээлэл өг гэсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж нэг ч төгрөг төсөвт тавиагүй байна. Бид тэр хүмүүсийн татвараар төсвөө тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байгаа хэрнээ яагаад тэднийгээ дэмждэггүй юм. Ийм тодорхой асуудлууд дээр Ерөнхий сайдын байр суурийг зайлшгүй сонсох шаардлага байсан. 

     

    СЭТГҮҮЛЧ: Э.ЭНХБОЛД

     

    Эх сурвалж:  "Ѳдрийн сонин"