Я.Санжмятавын санаачилгаар "Зөв тэмүүлэл-Эх оронч" сэдэвт сургалтыг зохион байгууллаа
    2018 оны 09 сарын 21 нд
    bab6d5161653529acda1c3ada22be840.jpg

    Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо түүхээр бахархах, өөрийгөө ялах чадвартай, бусдын төлөө сэтгэлтэй болгох, найз нөхдөөсөө суралцах, сурсанаа бусадтай хуваалцах, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох зорилгоор Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг зохион байгуулж байна.

     

    УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар, УИХ-ын дэд даргын ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн ЗДТГ хамтран аймгийн хэмжээнд 9 бүсэд энэхүү сургалтыг зохион байгуулж,  ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа юм. Сургалт энэ сарын 5-12-ны өдрүүдэд бүсийн төв буюу суманд болж, цэргийн анхан шатны мэдлэг чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, эх орны түүх, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зэргийг зохион байгуулсан. Харин энэ сарын 12-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд хээрийн штабын зохион байгуулалтаар нэгдсэн сургалт хийх юм.. Энэ үеэр цэрэг марш тактикийг тэмцээн зохион байгуулж, нийгэмд тустай бүтээн байгуулалтад оролцуулж, олны танил хүмүүсийн цуврал лекц, урлаг соёл, спортын үйл ажиллагааг тус тус зохион байгуулж байгаа юм.

     

    “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сэдэвт  сургалтын нэг хэсэг нь шатсан ойн цэвэрлэгээ бөгөөд сурагчдад Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл орж, дараа нь мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээнд оролцуулж байгаа юм. Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Ар ганга ууланд явагпаж буй уг ойн цэвэрлэгээний ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаагаас гадна ахлах ангийн сурагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн гар бие оролцож байна.

     

     

    Тэгвэл ойн цэвэрлэгээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав болон бусад албаны хүмүүстэй  ойн цэвэрлэгээнд оролцож байгаа хүүхдүүдтэй уулзаж, “Нутаг орноо, шатсан ойг үе тэнгийнхэнтэйгээ нийлэн цэвэрлэж байгаа та бүхнээр бахархаж байна” гээд сурагчидтай уулзаж, ярилцсан юм.

     

    Завхан аймгийн хувьд 732,065 га буюу улсын нийт ойн дөрвөн хувь байдаг ч ойн 133,089 га буюу 18,17 хувь нь шатсан байгаа аж. Харин Их-Уул сумын 123,569 га ойн 27,799 га буюу 22,5 хувь нь шатжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Завхан аймгийн Их-Уул сумын Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцах үеэр  УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “2200 гаруй хүн ойн цэвэрлэгээнд оролцож байна. Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нар, мөн аймгийн ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн эх оронч хүүхдүүд зүтгэж байна. Тэд тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд өөрийн нүдээр ой шатах нь ямар хэмжээний гамшиг учруулдаг вэ гэдгийг харж байна. Хүүхдүүд багаар ажиллах чадвартай болж байна. Өдөр сурсан зүйлээ орой нь хэрэгжүүлж сурч байна. Би хүүхдүүддээ их баярлаж байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд ойг цэвэрлэж, нөхөн сэргээх ажил тасралтгүй хийгдэж 160 га талбайг л цэвэрлэсэн. Харин 15 хоногт хөрөөчид, хүүхдүүдтэй нийлээд 168 га газрыг цэвэрлэлээ. Энэ бол улсын хэмжээнд маш том амжилт” гэсэн юм.

     

     

    Харин Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтын гол зорилго нь хүнийг хүн болгоход чиглэж байгаа. Бид ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдээ өөртэйгөө тэмцдэг чадвартай, ирээдүйдээ зорилго тэмүүлэлтэй, эх орноо хайрлаж хамгаалдаг болгох зорилгыг тавьж, эдгээр ур чадварыг суулгах сургалт, хичээл орж байна. Мөн энэ сургалтын хүрээнд нийтийг хамарсан, нийгэмд тустай үйл хэргүүдийг хийж байгаа. Жишээ нь, 24 суманд, сум бүрд 2-7 айлын хашааг шохойдож будаж, цэвэрлэж өгсөн. Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож, авто зам баригдаж байгаа гурван хэсэгт хог, чулууг түүж цэвэрлэсэн. Харин өнөөдөр шатсан ойг цэвэрлэх ажилд оролцож байгаа. Энэ бол хүүхдээр юм хийлгэх биш, нийгмийн тустай үйлсэд гар бие оролцуулж, түүгээрээ дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх зорилготой юм” гэв.