М.Тулгат: Үзэл баримтлалынхаа дор нэгдэн, төлөвшиж байгаад баяртай байна
    2018 оны 09 сарын 19 нд
    7dcd144099b5e6a2907a405091436050.jpg

    Төв аймгийн Баянчандмань суманд зохион байгуулагдсан Нийслэлийн чуулганы үеэр оролцогчдын сэтгэгдлийг сонслоо.

     

    /НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгч/

     

    -Ардчилсан намын үзэл, баримтлалын танилцуулгаар сургалт эхэлсэн. 2016 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам ялагдал хүлээж, том даалгавартай үлдсэн. Үзэл баримтлалаа шинэчлэх, мөн чанараа иргэдэд таниулах, зохион байгуулалттай, хариуцлагатай нам болох даалгавар ард түмнээсээ авсан. Харин өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам даалгавараа сайн хийсэн гэж бодож байгаа. Тухайлбал, Ардчилсан намын Үзэл баримтлалд үнэхээр бидний хүсэн хүлээсэн шинэчлэлийг хийсэн. Ардчилсан намын олон мянган гишүүд яагаад өнөөдрийг хүртэл Ардчиллын төлөө явсныг зөв зүйтэй томъёолсон Үзэл баримтлалын төсөл болсонд сэтгэл хангалуун байна. Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай. Шинэчилсэн үзэл баримтлалаа бид цаашид Монгол орон даяар түгээн дэлгэрүүлнэ. Ардчилсан нам бол хэдхэн дарга, лидерийг дагасан нам биш, Үзэл баримтлалынхаа дор нэгдсэн, гишүүдийн оролцоотой нам болж төлөвшиж байгаад баяртай байна.

     

     

    Г.Баярсайхан: Ардчилсан нам хүчтэй хэвээрээ байгаа

     

    /Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга/

     

    -Монголын Ардчилсан нам байгуулагдаад 28 жил өнгөрчээ. Намын хувьд энэ нь төлөвших хугацаа. Тиймээс ч бид цаашдын үйл ажиллагаа, стратеги, төлөвлөгөөгөө тодорхойлж байна. Ардчилсан нам бол олон нийтийн нам, ард түмний нам. Чингэлтэй дүүргийн иргэд Ардчилсан намаас юу хүсч, хүлээж байгааг үргэлж сонсч байгаа. Учир нь Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд зөвхөн намын гишүүдийн үгийг сонсоод зогсохгүй жирийн иргэдийн, ард түмний санал, бодлыг тогтмол сонсч байна. Тэр ч бүү хэл өөр улстөрийн намын гишүүд ч бидэнтэй уулзаж, санал бодлоо илэрхийлж байгаа. Энэ нь Ардчилсан нам нээлттэй, хүчтэй байгаагийн илэрхийлэл. Нийслэлийн хэмжээнд Ардчилсан намын эхлүүлсэн ажил их бий. Үүнийг цаашид үргэлжлүүлэх ёстой. Бидэнд хийх ажил их байна.

     

    Ц.Алтанцэцэг: Анхан, дунд шатны гишүүдэд сургалт онцгой ач холбогдолтой

     

    /Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга/

     

    -2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаар Ардчилсан нам өөртөө үнэлэлт, дүгнэлт хийх, шинэчлэлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдсэн гэж боддог. Шинэчлэлийн ажил амжилттай үргэлжилж байна. Үндсэн дүрэмд өөрчлөлт орсноор намын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь онцгой ач холбогдолтой гэж үзсэн. Тиймээс ч энэхүү бүсийн чуулгануудыг зохион байгуулж байгаа. Намайг ажлаа авахад Багахангай дүүрэг намын 173 гишүүнтэй байсан. Намын үйл ажиллагаа тогтмол эрчимжүүлсний үр дүнд 400 орчим гишүүнтэй болсон. Нийслэлийн чуулганд Багахангай дүүргийнхэн маань оролцож, бусдаасаа суралцах, туршлагаа хуваалцах боломж тохиож байгаад баяртай байна. Улстөрийн намын анхан, дунд шатны гишүүдийн хувьд мэдээ, мэдээлэл маш чухал. Тиймээс ч энэ удаагийн чуулга уулзалтын үеэр олон сонирхолтой сэдвээр сургалтад хамрагдаж, лекц сонслоо. Багахангай дүүрэгт сүүлийн 30 жилийн хугацаанд нэг ч удаа Ардчилсан нам ялж байгаагүй. Тиймээс бидний хамгийн том зорилго бол 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулах болчихоод байна даа.

     

     

    М.Чинболд: Намын шинэчлэлийн “амин сүнс” нь гишүүдийн оролцоо юм

     

    /Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга/

     

    -Ардчилсан намын шинэчлэлийн амин сүнс нь гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа гэж хардаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам гишүүд рүүгээ чиглэсэн ажлыг хийсэн. Зөвхөн намын гишүүдийн хэрэгцээнд зориулж сонин эрхлэн гаргах зэргээр мэдээлэл хүргэх ажлуудыг нэлээн эрчимжүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын түүхийг ном болгож, хэвлүүллээ. Энэ удаагийн чуулганы сургалтад би бүтэн суусан. Бүх хичээлийг нь сонслоо. Үнэхээр хэрэгтэй мэдээллийг анхан, дунд шатны гишүүддээ хүргэж чадсан гэж харж байна. Мөн спортын тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцсон.