Д.Баттулга: Намын шинэчлэлийг нийслэлийн АН-ын гишүүд манлайлна
    2018 оны 09 сарын 18 нд
    4e5dea20a966d3600a7a30ab885ee417.jpg

    Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан нийслэлийн чуулганы үеэр оролцогчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

     

    С.Эрдэнэ: Ардчилсан намын гишүүд чадавхтай байх ёстой 

     

    /УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга/

     

    -Гишүүдийн оролцоотой, бодлогын нам байх зорилтын хүрээнд бид шат дараалсан олон ажлыг амжилттай эхлүүлсэн. Энэ хүрээнд Ардчилсан нам анхан, дунд шатны байгууллагуудаа бэхжүүлэх, гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, мэдлэг, мэдээлэлтэй байлгахад анхаарч байна. Тиймээс ч сургалтын агуулга, хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, ач холбогдол өгч байгаа. Ардчилсан нам бүх шатны сонгуульд амжилттай оролцоход гишүүдийн чадавх, оролцоо чухал үүрэгтэй. Нийслэлийн есөн дүүрэг, зочин таван аймгийн гишүүдийн оролцоотой энэ удаагийн чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Хэдийгээр цаг агаар сэрүүхэн байсан ч гишүүдийн оролцоо өндөр байгаад баяртай байна. Үүний зэрэгцээ Ардчилсан нам гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа. “Дэлхийн Ардчилсан холбоо”, КАС болон ижил төстэй үзэл баримтлал, үйл ажиллагаатай бусад орны намуудтай хамтрах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хэрээр Ардчилсан намын гадаад хамтын ажиллагаа өргөжиж байгааг дуулгахад таатай байна. Гишүүдээ мэргэшүүлэх чиглэлээр БНСУ-ын Гү Миний улстөрийн их сургуультай хамтран ажиллаж байна. Түүнчлэн Герман, Англи, Япон улсад гишүүдээ сургах, боловсон хүчнээ бэлтгэх бодлого барин ажиллаж байна. Ардчилсан нам Монгол төрийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог, хэрхэн засаглаж, эх орноо хөгжүүлдэг юм бэ гэдгийг үлгэрлэх чадамжтай, хүчирхэг улстөрийн нам байх ёстой. Үүний төлөө бид шинэчлэгдэх ёстой, гишүүд маань чадавхтай байх шаардлагатай.

     

    Д.Баттулга: Намын шинэчлэлийг нийслэлийн АН-ын гишүүд манлайлах ёстой 

     

    /Нийслэлийн Ардчилсан намын  дарга/

     

    -Ардчилсан нам өнгөрсөн оноос эхлээд бүх аймаг, дүүргүүдийг оролцуулж, таван удаагийн чуулга уулзалт зохион байгуулаад байна. Намын шинэчлэлийн хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг нь бүсийн чуулганууд юм. Нийслэлийн чуулганы хувьд энэ жилийн отгон чуулган боллоо. Нийслэлийн чуулган 2020 оны УИХ-ын сонгуулийн эхлэл болж байгаагаараа ихээхэн онцлогтой. Энэ удаагийн чуулганд 1000 гаруй гишүүн оролцож, Ардчилсан намын үзэл баримтлал, үндсэн дүрэм, улстөр, нийгэм эдийн засгийн талаар мэдээлэл сонсч, сургалтад хамрагдлаа. Үүнээс гадна 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ямар зохион байгуулалттай оролцох вэ, ямар мессэж нийгэмд хүргэх шаардлагатай вэ зэрэг томоохон асуудлыг чуулганаараа хэлэлцсэн. Академик сургалтаас гадна сонгууль руу чиглэсэн асуудлыг энэ удаагийн чуулганы онцлог байлаа. Намын шинэчлэлийн манлайд Нийслэлийн Ардчилсан нам явдаг. Тиймээс ч Нийслэлийн Ардчилсан нам үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн хавар бид “Монголоо сонсъё” аяныг нийслэлийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн НИТХ дахь АН-ын бүлгээрээ дамжуулан эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх зэргээр ажиллаж байна. Үүнээс гадна нийслэлийн намын хорооны дэргэд бодлогын салбар зөвлөлүүд байгуулагдаж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг судлах, гарц, шийдлийг эрэлхийлэх чиглэлээр ажиллаж байгаа.

     

     

    С.Одонтуяа: Баянгол дүүрэгт нийт 14 эмнэлэг ашиглалтад оруулсан

     

    /Баянгол дүүргийн Засаг дарга, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч/

     

    -Нийслэлийн чуулганд Баянгол дүүргийн Ардчилсан нам оролцож, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар бусаддаа мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцлаа. Ардчилсан нам 2012 оноос хойш Баянгол дүүрэгт хоёр удаагийн орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна. Баянгол дүүргийн иргэд яагаад Ардчилсан намыг сонгодог вэ гэхээр хүний хөгжил рүү чиглэсэн бүтээн байгуулалтуудыг хийдэг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид нийт 14 эмнэлэг барьж, ашиглалтад оруулаад байна. Тухайлбал, ахмадуудад зориулсан нэг, хүүхдийн хоёр эмнэлэг барьснаас гадна өрхийн эмнэлгүүдийг шинээр байгуулсан. Үүний зэрэгцээ хүүхэд, залууст зориулсан усан спорт сургалтын төв, “Хүүхэд хөгжлийн ордон”-г ашиглалтад оруулсан. “Хүүхэд хөгжлийн ордон” ашиглалтад орсноор Баянгол дүүргийн хүүхдүүд өөрсдийгөө хөгжүүлэх, авъяас чадвараа нээх боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой. Мөн дүүрэгтээ “Гэрлэх ёслолын ордон”-г байгуулсан. Түүнчлэн 50 га газарт агропарк байгуулж байгаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт туссанаар өрх бүрийг ажилтай, орлоготой байлгахад чиглэж энэхүү агропаркийг байгуулж байгаа юм. Баянголчууд бүгдээрээ тэгш сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Мөн спорт цогцолбор, хүүхдийн зуслангаа тун удахгүй ашиглалтад оруулахаар завгүй ажиллацгааж байна даа. Баянгол дүүргийн 23 хороог Ардчилсан намын шилдэг боловсон хүчний төлөөлөл болсон залуус удирдан ажиллаж байна. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, хурдтай ажиллах чиглэлээр олон ажил санаачлан, амжилттай хэрэгжүүлж байгаагаа дуулгахад таатай байна.