Мэндчилгээ
    2018 оны 07 сарын 11 нд
    a5d2e0b35d2db6f47f617f19e2a74cae.jpg

    Хүннү гүрнээс эхлэлтэй төрт их ёсны маань гал голомт Монгол Улсдаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нийт Монголчууддаа Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн босгосны 107, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.  
    Улс оронд маань дэлгэр сайхан зун айлчлан ирж, нар хур тэгширч хүн, малын зоо тэнийж байна. Айл гэр, улс хотлоороо дэнж хотойтол наадаж, өнө эртнээс улбаатай төрт их ёсондоо хүндэтгэл үзүүлдэг дэлхийд байхгүй дэлгэр сайхан уламжлалаараа гоёх цаг ирлээ.
    Монгол хүн амны билгээс ашдын билгийг эрхэмлэдэг эртний сайхан уламжлалын дагуу төрийн жолоо бат бөх, түмэн олон нь эвтэй, ажил үйлс нь жигдэрч ахуй амьдрал нь өөдлөн дэвжихийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
    Сар асгарч, хур тэгширсэн Монгол наадмын дэвжээнд зодоглож буй бөх нь хүчтэй, морьд нь хурдан, харваачид нь мэргэн байх болтугай.

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Содномзундуйн Эрдэнэ