С.Одонтуяа: Бүсийн чуулганд зочин дүүргээр оролцож, туршлагаасаа хуваалцлаа
    2018 оны 07 сарын 02 нд
    ffcf98ddb3c6f02790653ef6502f23d6.jpg

    Баян-Өлгий аймгийн Толбо суманд зохион байгуулагдсан “Баруун бүсийн чуулга уулзалт”-д зочин дүүргээр нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн төлөөлөл оролцсон юм. Чуулга уулзалтын үеэр Баянгол дүүргийн Засаг дарга, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн С.Одонтуяатай ярилцлаа.

     

    -Баруун бүсийн чуулга уулзалтад нийслэлийн Баянгол дүүргийн төлөөлөл оролцлоо. Чуулганы зорилго, ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?

     

    -Анхан шатныхаа гишүүдтэйгээ байнгын уялдаа холбоотой ажиллах нь улстөрийн намын хамгийн чухал зорилго байдаг. Энэ удаагийн чуулга уулзалт баруун бүсийн гишүүдийг идэвхжүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой. Гишүүд нэг дор цуглаж, хоорондоо туршлага солилцож байна. Зарим аймагт Ардчилсан нам ялсан байхад нөгөөд нь ялагдсан шүү дээ. Улстөрийн нам гэдэг бол сонгуульд ялахын төлөө байдаг учраас гишүүдээ эрчимжүүлж, хүсэл зоригийг нь бадрааж, гишүүн бүрийн үүрэг чухал шүү гэдгийг ойлгуулахад чуулганы ач холбогдол, зорилго оршдог. Чуулга уулзалт гэхээрээ оролцогчдыг хайрцаглаж, танхимд уях бус зуны дэлгэр цагт байгалийн үзэсгэлэнт газар Толбо нуурын эрэгт цуглаж, үзэл бодлоо илэрхийлж, саналаа солилцож байгаа нь чухал. Үүнээс гадна Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл, байдлын талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа мэдээлэл хийж, оролцогчдын дунд урлаг, спортын тэмцээн зохион байгууллаа. Ардчилсан намын гишүүд бид эрч хүчтэй, идэвхтэй гэдгээ харуулах сайхан боломж гэж харж байна. Улстөрийн нам эрч хүчтэй, амьд байх нь чухал.

     

    -Бүсийн чуулганаас өмнө Ардчилсан нам “Монголоо сонсъё” аяныг орон даяар зохион байгууллаа. Энэ аяныг та хэрхэн дүгнэх вэ?

     

    -“Монголоо сонсъё” аян маш амжилттай зохион байгуулагдлаа. Ард түмэн “цангачихсан” байна. Бидний үгийг сонсох хүн байна уу, хаана, хэнд хандах вэ гэцгээж байна шүү дээ. Мэдээж өнөөгийн эрх баригчид ард түмнийг аль болох сонсохгүй байхыг хичээж, сонссон ч сонсоогүй юм шиг царайлж байна. МАН-ын УИХ дахь үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэд сэтгэл дундуур байгаа. Эрх баригчид хоёр жилийн хугацаанд үнэхээр юу ч хийгээгүй учраас иргэд маш бухимдалтай байна. Анх мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан ард түмэнд юу, юу амласан билээ. Гэтэл өнөөдөр нэгийг нь ч хэрэгжүүлсэнгүй. Тиймээс ч эрх баригчид нь ард түмнээ сонсдоггүй юм бол Ардчилсан нам сонсоод, санал, хүсэлтийг нь бичиж, тэмдэглэж аваад сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэн шахаж, шаардаж ажиллаж байна. Үүний зэрэгцээ аливаа намын үйл ажиллагаа, нийгмийг хамарсан арга хэмжээнд эмэгтэйчүүд маш идэвхтэй оролцдог. Оролцоод өнгөрөх бус сэтгэлтэй, зүтгэлтэй ханддаг учраас эмэгтэйчүүддээ зориулсан сургалт зохион байгуулж, цаашдынх нь улстөрийн карьерт бэлтгэхэд чиглэж байна. Би эмэгтэйчүүдээсээ ядарлаа, шантарлаа, миний амьдрал болж байна, бусдын амьдрал надад хамаагүй гэдэг үгийг сонсохыг хүсдэггүй. Ардчилсан намын удирдлагууд, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны удирдлагууд гишүүдээсээ, эмэгтэйчүүдээсээ шантралгүйгээр нийгмийг өөрчлөх, түүнийхээ төлөө зорьдог, зүтгэх эрч хүчийг бүсийн чуулганы үеэр олж харсандаа, санал бодлыг нь сонссондоо сэтгэл хангалуун байгаа.

     

    -Орон нутаг дахь улстөржилт, төрийн тогтворгүй байдал хөгжлийг хойш татаж байгаа дүр зураг Баян-Өлгий аймагт харагдаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

     

    -Эмэгтэй гишүүд цуглаад ярьж байхад “Ер нь энэ Ардчилсан намынхан чинь мөрөөдөмтгий хүмүүс юм биш үү” гэж хэлж байсан юм. Гэхдээ бид мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэдэг. Баян-Өлгий аймгийн төвөөс Толбо нуур хүртэл хатуу хучилттай автозамаар давхиад ирж байна. Энэ зам Ардчилсан намын үед тавигдсан. Зам дагуу таарч буй бүтээн байгуулалтууд бүгд Ардчилсан намын үед хийгдсэн. Тиймээс ч Ардчилсан нам бол жинхэнэ бүтээгч. Гэтэл эрх баригчид өнгөрсөн хугацаанд сандал, суудлаа булаалдахаас өөр юу ч хийж, бүтээсэнгүй. Ховд аймгаар ороод гарахад Засаг дарга ч үгүй, ИТХ-ын дарга ч үгүй, гундуухан дүр төрхтэй угтлаа. Гэтэл Ардчилсан намын үед ямар байсан билээ. “Монголоо сонсъё” аяны цааш үргэлжилнэ.

     

    -Монгол Улсын цаашдын хөгжлийн бодлогыг та хэрхэн тодорхойлох вэ. Магадгүй 2020 онд Ардчилсан намд төрийн эрхийг барих боломж тохиоход өнөөгийн байгаа байдлыг яаж өөрчлөх вэ?

     

    -Эдийн засагч хүний хувьд, улстөрч хүний хувиар дахиад л хоёр намын ялгааг хэлмээр байна. Ардчилсан нам мөрөөдөлтэй, бүтээгч нам. Бидний хийх ажил маш тодорхой байгаа. Ардчилсан үндсэн дүрмээ өөрчилж, бодлогын нам болсон. Бодлогын зөвлөлүүд дээр Монгол Улсын хөгжлийн бодлого боловсруулагдаж байна. Аялал жуулчлал, эрүүл мэнд, эмэгтэйчүүд, нийгэм, эдийн засаг гээд салбар бүрийн бодлого боловсруулагдаж байгаа, бүх зүйл бэлэн байна. Хамгийн гол нь бид 2020 онд ялах ёстой. Ялаад мөрөөдлөө биелүүлэх ёстой. Ардчилсан нам боломждоо тулгуурлаж хөгждөг нам биш. Бид зорилт, мөрөөдөлдөө тулгуурлаж хөгждөг нам. Баянгол дүүргийн хувьд зорилго, мөрөөдөлдөө тулгуурлаад бүтээн байгуулалтын ажлыг төсвийн хөрөнгө харалгүйгээр хийсэн. Тиймээс ч баруун бүсийн чуулга уулзалтад зочин дүүргээр оролцож, туршлагаа хуваалцлаа. Бид яаж гэрлэх ёслолын ордон, хүүхдийн зуслан, спорт цогцолбор, эмнэлэг барьсан туршлагаасаа хуваалцаад, бусдынхаа саналыг сонсч, ярилцсандаа баяртай байна.