Сэлэнгэ аймагт явагдсан нөхөн сонгуульд Ардчилсан нам ялалт байгууллаа
    2018 оны 07 сарын 02 нд
    ebf3aa9a44d24c125bc2830aa6190494.jpg

    Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 25-нд орон даяар явагдсан билээ. Энэ удаагийн нөхөн болон дахин сонгууль 11 аймгийн 29 сумын 43 хэсэгт болсон юм. Мөн тус сонгуульд 83 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд 23477 сонгогч санал өгчээ. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд дахин санал хураалт болж, Ардчилсан намын хоёр нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэгдүгээр багт нэр дэвшсэн Б.Мөнхтөр, хоёрдугаар багт нэр дэвшсэн С.Ганхишиг нар нийт сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдов. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тухайд Хөтөл нэгдүгээр баг, Гавшгай хоёрдугаар багт нөхөн сонгууль явагджээ. Эдгээр багт Ардчилсан нам, МАН  болон бие даагч нийт зургаан хүн нэр дэвшин өрсөлдсөн байна. Хөтөл багт 1960 хүн, Гавшгай багт 2890 хүн сонгогчийн нэрсийн жагсаалтад нэр нь бүртгэгдсэн учраас гурван сонгуулийн байр албан ёсоор иргэдийнхээ саналыг хүлээн авчээ. Тус сумын хувьд зургадугаар сарын 25-нд санал хураалт явагдахад оройн 20.00 цагийн байдлаар нийт санал өгөх иргэдийн ердөө 40 хувь нь саналаа өгсөн учраас дахин сонгууль явуулахад хүрсэн байна.