Баруун бүсийнхэн “Толбо” нуурын эрэгт чууллаа
    2018 оны 06 сарын 27 нд
    e698dc95e921d36158a2ca2c154d696e.jpg

    Ардчилсан намын "Баруун бүсийн чуулган-2018" энэ сарын 21-24-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Толбо нуурын эрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймаг, нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 1000 гаруй төлөөлөгч оролцож сургалт, семинарт хамрагдаж, нутгийн болон хүний хөгжил, намын шинэчлэл, гишүүдийн чадавхийг дээшлүүлэх асуудлаар санал, туршлагаа солилцсон юм. Мөн аймаг, дүүргүүдийн гишүүдийн дунд соёл урлагийн арга хэмжээ болон мэтгэлцээн, спортын тэмцээн зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Багийн дүнгээр Завхан аймаг тэргүүн байранд шалгарсан бол Ховд, Говь-Алтай аймгууд удаалсан юм. Ардчилсан нам 2020 он хүртэл гишүүдээ системтэй чадавхижуулж, анхан, дунд шатны гишүүдийн оролцоог дээшлүүлэх, бэхжүүлэх зорилгоор олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь бүсийн чуулганууд юм. Энэ онд нийт дөрвөн бүсийн чуулган зохион байгуулахаар төлөвлөснөөс эхнийх нь ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

     

    Анхан, дунд шатны намын байгууллагуудын гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, тэдэнд итгэл үнэмшил төрүүлсэн арга хэмжээ болсныг оролцогчид энэ үеэр хэлж байсан юм. Мөн орон нутагт гишүүд, дэмжигчид улсын төсвийн хөрөнгө харалгүйгээр өөрсдийн хүчээр зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн жишээгээ хуваалцсан. Тухайлбал, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн оролцоотой дэд бүтцийг сайжруулахад анхаарч, бетон хөлтэй гүүрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд дөрвөн метрийн өргөнтэй, 12 метрийн урттай хоёр гүүрийг барьж, байгуулсан талаар М.Бат-Амгалан дарга хэлж байна. Мөн Завхан аймаг эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах, оюутан, залууст чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа бүсийн чуулганд оролцогчдод хуваалцаж, саналаа солилцсон юм. Ардчилсан намын “Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2018 оны долдугаар сард зохион байгуулагдана. Төвийн бүсийн чуулганд Архангай, Өвөрхангай, Төв, Дархан-Уул аймаг, нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн төлөөлөл оролцоно.

     

    З.Нарантуяа: Иргэдийн оролцоотой, бодлогод суурилсан нам болох зорилтын төлөө ажиллаж байна

     

     

    /УИХ-ын гишүүн/

    -Ардчилсан нам баруун таван аймгийнхаа нийт гишүүдийн төлөөллийг оролцуулсан чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулаад байна. Шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бодлого, үзэл баримтлалын шинэчилсэн төслийг нийт гишүүдээрээ хэлэлцүүлж, цаашид намынхаа хөгжлийг хэрхэн тодорхойлоход саналаа солилцсон маш үр дүнтэй арга хэмжээ боллоо. Иргэдийн оролцоотой, бодлогод суурилсан нам болох том зорилтоо хэрэгжүүлэхэд энэ төрлийн арга хэмжээг үе, шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ удаагийн чуулга уулзалтад Ардчилсан намын 1000 гаруй гишүүн оролцож, үзэл бодлоо илэрхийлж, эрх баригчдын хийж, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ярилцаж, бид цаашид эрх баригч нам болоход биеэ хэрхэн бэлдэх вэ зэрэг олон чухал асуудлын талаар ярилцсан. Завхан аймгийн хувьд сум бүрээс 2-3 төлөөлөгч буюу нийт 100 гаруй гишүүн оролцсон. Бид зөвхөн сургалт, семинар зохион байгуулаад өнгөрөхийг бодсонгүй. Гишүүдээ идэвхжүүлэх, оролцоог нь хангах зорилгоор мэтгэлцээн, спорт, урлагийн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан. Завхан аймаг бүсийн чуулганд манлайлж оролцсонд сэтгэл өндөр байна. “Монголоо сонсъё” аян Завхан аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж, нийт ҮБХ-ны гишүүд тойргууддаа хуваагдаж ажилласан.

     

    Б.Пүрэвдорж: Нам бол зохион байгуулалт, сахилга бат юм

     

     

     

    /УИХ-ын гишүүн/

    -Нам гэдэг бол зохион байгуулалт, сахилга бат юм. Төв болон дунд шатны нам зохион байгуулалтын ажлыг сайн хийж байна. Тухайлбал, “Монголоо сонсъё” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан. “Монголоо сонсъё” аян Ховд аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж, Ардчилсан намын ҮБХ-ны 16 гишүүн ажиллаж, иргэдийн саналыг сонсч, мэдээлэл хүргэсэн. Зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд намын гишүүд сахилга баттай, зохион байгуулалттай оролцож байна. Баруун бүсийн чуулга уулзалтад Ховд аймгаас 100 гаруй төлөөлөгч оролцож, спортын төрөлд амжилт гаргаж, багаараа хоёрдугаар байр эзэллээ. Энэ удаагийн чуулга уулзалт Ардчилсан намын гишүүдийг чадавхижуулах, мэдээллээр хангахад чиглэж, идэвхжүүлсэн арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна.

     

    Ц.Туваан: Энэ удаагийн чуулга уулзалтад 1000 гаруй гишүүн оролцож, үзэл бодлоо илэрхийллээ

     

     

    /Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга/

    -Ардчилсан намын 2018 оны төлөвлөгөөнд туссан ажлын нэг бол “Баруун бүсийн чуулга уулзалт” юм. Төлөвлөсний дагуу Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Толбо нуурын эрэгт чуулга уулзалтаа гурав хоногийн турш амжилттай зохион байгууллаа. Чуулга уулзалтад нийслэлийн хоёр дүүрэг, баруун таван аймгийн нийт 1000 гаруй төлөөлөгч оролцож, үзэл бодлоо илэрхийллээ. Чуулга уулзалтын үеэр Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг гишүүддээ танилцуулж, тэдний саналыг сонсох, мэдээлэл өгөх, ард түмний амьдрал бодит байдал дээр ямар түвшинд байгааг харлаа. Мөн гишүүдээ идэвхжүүлэх дотоод ажлуудыг зохион байгуулсан. Баруун бүсийн чуулга уулзалтын өмнөхөн “Монголоо сонсъё” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан. Бид нэг сарын хугацаанд Монгол Улсын 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч, иргэдтэйгээ уулзаж, ярилцлаа. Аяны хүрээнд иргэд, сонгогчид, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон энэ цаг үед тэдний хийж, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт ард түмэн ямар санал, бодолтой байгааг сонссон. “Монголоо сонсъё” аяны тайланг Улаанбаатар хотод нэгтгэж, Ардчилсан намын ҮБХ хуралдаж, хэлэлцэнэ. Аяны үеэр иргэдээс маш олон санал, хүсэлт ирсэн, олон асуудал хөндөгдсөн. Эдгээр асуудлыг эрэмбэлж, шат бүрт нь албан ёсоор хүргүүлнэ. Улс орны хөгжил урагшилсан зүйл алга, ард түмний амьдрал дээшилсэнгүй, эрх баригчдын амлалтаас биелсэн нь маш ховор байгаа нь “Монголоо сонсъё” аяны үеэр харагдсан.

     

     

    Н.Лхагвадорж: Орон нутгийн оюутан, залуус руу чиглэсэн үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

     

     

    / “Ардчилсан оюутны холбоо”-ны тэргүүн/

    -Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд ээлжит бүсийн чуулганыг Монгол орны баруун хязгаарт амжилттай зохион байгууллаа. 2017 онд говийн болон зүүн бүсийн чуулганыг амжилттай зохион байгуулсан. Бүсийн чуулганд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”, “Ардчилсан залуучуудын холбоо”, “Ардчилсан оюутны холбоо”, “Ардчилсан ахмадын холбоо” зэрэг намын дэргэдэх байгууллагын төлөөлөл оролцож, санал, бодлоо илэрхийллээ. Нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Чуулганд оролцогчид эрх баригчдын үйл ажиллагаанд “маш муу” гэсэн үнэлгээг өгч, тэдний бодлого шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Ардчилсан нам бүсийн чуулганаас гадна “Монголоо сонсъё” аяныг орон даяар амжилттай зохион байгуулсан. Цаашид орон нутгийн оюутан, залуустаа чиглэсэн ямар үйл ажиллагааг зохион байгуулах талаар харилцан ярилцаж, санал, бодлоо хуваалцсан маш үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж “Ардчилсан оюутны холбоо”-ны зүгээс дүгнэж байна.

     

    Ч.Чимэд: 2018 оныг гишүүдийг чадавхижуулах жил болгон зарласан

     

     

    /Увс аймгийн Ардчилсан намын хорооны дарга/

     

    -Ардчилсан намын шинэчлэийн хүрээнд “Баруун бүсийн чуулга уулзалт” зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад Увс аймгаас 100 гаруй хүн оролцсон. Тодорхой хэмжээнд ур чадвараа дээшлүүлж, оролцоогоо нэмэгдүүлэх боломжийг олгосон чухал арга хэмжээ боллоо. Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн дагуу шинэ бүтэц, зохион байгуулалтаар анхан, дунд шатны намын байгууллагууд үйл ажиллагаа явуулаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хүрээнд намын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх, ялангуяа сум, багийн намуудыг бэхжүүлэх, чадавхижуулах ажлуудыг үе, шаттайгаар зохион байгуулж байгаа. Тухайлбал, 2017 оны есдүгээр сараас “Гишүүдийн манлайлал, оролцоо” сэдэвт жилийн аяныг зарлаад энэ оны есдүгээр сард дүгнэнэ. Увс аймгийн хувьд 2018 оныг анхан шатны намын гишүүдийг чадавхижуулах, бэхжүүлэх жил болгон зарлаад ажиллаж байна. Энэ хүрээнд “Сайн бүртгэл” гэсэн аяныг хэрэгүүлж байгаа. Үүний зэрэгцээ “Өрх гэрийн уулзалт” арга хэмжээг зохион байгуулж, жилд нэг удаа айл, өрхөөрөө явж, санал, сэтгэгдлийг нь сонсохоор төлөвлөсөн. Мөн эрх баригчдын ажилд үнэлэлт, дүгнэлт өгч, улирал, сар бүрийн статистик мэдээллийг бэлтгэж, иргэдэд хүргүүлж байна. Увс аймагт Ардчилсан намын 7000 гаруй гишүүн бий. Гишүүдийн тоог нэмэх, өргөжүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа. “Монголоо сонсъё” аяны хүрээнд Увс аймгийн хөдөөгийн 18 сум, аймгийн төвийн 12 баг нийт 30 нэгжид хүрч ажиллалаа. Ойролцоогоор 10 гаруй мянган иргэн тус аянд хамрагдсан.

     

    Г.Чинбат: Бүсийн чуулган цаг үеэ олсон ажил боллоо

     

    /Говь-Алтай аймгийн Ардчилсан намын хорооны Дэд дарга/

     

    -Энэ удаагийн чуулга уулзалт цаг үеэ олсон ажил болж байна. Говь-Алтай аймгийн хувьд бүс нутгийн хөгжлийн төлөө бусадтайгаа хамтарч ажиллах ёстой. Харилцан туршлага солилцож, саналаа хуваалцаж байна. Дэд бүтцийн асуудлыг эхний ээлжинд шийдэх ёстой. Говь-Алтай аймгийн хувьд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдоогүй байгаа. БНХАУ-тай хил залган оршдог манай аймгийн хувьд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр цаашид олон боломжууд бий болно.