С.Эрдэнэ: Төрийн өмчийг хувьчлах нэрийдлээр хэсэг бүлэг хүмүүс хувьдаа завших оролдлого хийж болохгүй
    2018 оны 06 сарын 18 нд
    4f9c216e3063c871b8de5bf044674fb9.jpeg

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

    -Төрийн өмчийг хувьчлах асуудлыг УИХ хэлэлцэж байна. Өмч хувьчлалтай холбоотой иргэдийн гомдол их байдаг. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

    -Ардчилсан намын суурь зарчим бол хувийн өмчийг дээдэлдэг, хамгаалдаг үзэл. Энэ утгаараа өмч хувьчлалыг дэмждэг. Гэхдээ өнөөдөр Төрийн өмчийг үнэгүйдүүлэх, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангах замаар хувьчлал явагдах гэж байгааг бид эсэргүүцэж байна. 28 жилийн түүхэнд өмч хувьчлалын нэр хүндийг унагаасан үйл явцыг эргээд харвал тухайн үеийн эрх баригчид буюу коммунистууд гол үйлдлийг хийсэн байдаг. 1990-1996 онд Монголын төрийг тухайн үеийн коммунистууд олонх болж бүрэлдүүлсэн. Ардын Их хурлын депутатуудын дийлэнх нь, мөн тухайн үеийн сум нэгдлийн удирдлагууд 100 хувь коммунист дарга нар бүрдүүлж байсан. Ийм цаг үед төрийн өмчийн хувьчлал явагдсан. Тэр үеийн коммунист дарга нар өмчийг сорчлон авч, улмаар өмч хувьчлалын нэр хүндийг унагаасан. Өөрөөр хэлбэл тухайн үеийн томоохон үйлдвэр, заводыг намын дарга байсан нөхдүүд хувьчилж авсан байдаг.

    Сумын нэгдлийн коммунист дарга нар тухайн нэгдлийн сор болсон мал сүргийг хямд үнээр, зарим нь үнэгүй хувьчилж авсан байдаг. Энэ мэт түүхээс эргээд харвал өнөөгийн МАН-ын гишүүдийн өмнөх үе өмч хувьчлалыг дампууруулсан.

    -Төрийн өмчийн 27 объектыг хувьчлах асуудал яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар уг 27 объектийн тайлан тооцоог нэг бүрчлэн гаргуулахаар болсон. Асуудал байгаа учраас тайлан тооцоог дахин гаргуулах гэж байна уу?

    -Өмч хувьчлалын үйл явцыг харж байхад асуудалтай зүйл олон байна. Тухайлбал, МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж зэрэг томоохон байгууллага, компаниудыг хувьчлахтай холбоотой тайлан, балансуудыг илт худлаа гаргаж байна. Өөрөөр хэлбэл одоо байгаа тайланг хэд дахин бууруулах, үнэлгээг нь бодит бусаар хийсэн асуудал гарлаа. УИХ-ын гишүүд энэ талаар тоо баримттай нь хэлж, шүүмжилсэн. Тиймээс Их хурал хувьчлагдах гэж буй 27 байгууллагын баримт, тайлан тооцоог нэг бүрчлэн хэлэлцье, дахиж гаргуулъя гэсэн шийдвэрт хүрсэн. Гэхдээ ямар учраас ийм хариуцлагатай ажлыг Засгийн газар хөнгөн хандаж УИХ-д оруулж ирэв. Үүнийг зориуд хийсэн үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Өмч хувьчлалтай холбоотой нэг жишээ хэлье. Өнөөдөр Төрийн банкийг хувьд шилжүүлэх анхны дуудлагын үнэ 75 тэрбум төгрөг байхаар оруулж ирсэн. Гэтэл 2014 онд Японы нэг компани 500 тэрбум төгрөгөөр хувьчилж авъя гэдэг санал ирүүлж байхад тухайн үеийн Засгийн газар хүлээж авалгүй буцааж байсан. Хэдхэн жилийн өмнө байсан үнийнхээ хаана ч хүрэхгүй үнээр дуудлагынхаа үнийг тогтоолоо. Үүнээс үзвэл Төрийн банкийг хувьчлахтай холбоотой Засгийн газрын ашиг сонирхлын зөрчил байна. Төрийн банкны асуудалтай холбоотойгоор хууль бус шүүхийн шийдвэр гарсан. Маргааш өмч хувьчлал эхэллээ гэвэл Төрийн банкийг маш хямд үнээр авах болзол нь хангагдчихсан этгээдүүд байна. Ийм байдлаар Төрийн өмчийг үнэгүйдүүлэх замаар завших гэсэн оролдлого байгаа учраас эргэж сайн нягтлан хянах учиртай. Өмч хувьчлалын асуудлаар Ажлын хэсэг гарч ажиллах нь тодорхой. Тэр үеэр бид саналаа хүргүүлэх болно. Мөн хувьчлагдах гэж буй 27 байгууллагын тайлан тооцоог нэг бүрчлэн гаргуулна. Мэргэжлийн хүмүүсээр дүгнэлт хийлгүүлж, уг асуудалд хандана. Ер нь төрийн өмчийг хувьчлах нэрийн дор хэсэг бүлэг этгээд хямд төсөр аргаар хувьдаа завших оролдлого хийхээс болгоомжилж байна.

    -Өмч хувьчлалын асуудлыг энэ хэвээр дахин оруулж ирээд УИХ-аар хэлэлцэгдвэл цөөнхийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

    -Бид хуулийн хүрээнд зохих арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авах болно. Завсарлага авч, мэдэгдэл хийж, холбогдох мэргэжилтнүүдийн дүгнэлтийг гаргуулахыг шаардана. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж хориг тавиулах тухай хүсэлтээ өгнө. Эцэст нь төрийн өмчийг хууль бус аргаар хувьчлах, завших гэж байгаа талаар олон нийтэд зарлах байх. Энэ мэт тэмцлийн ямар л арга хэлбэл байна тэр бүгдийг ашиглах болно. Ер нь төрд үлдсэн цөөхөн хэдхэн өмчөө сэтгэлийн хөөрлөөр бөөнд нь хувьчилж болохгүй.

    -Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганаар Банкуудыг хөрөнгөжүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэх эсэхээр гишүүд маргалдсан. Ер нь хаалттай хэлэлцэх ямар шалтгаан байсан юм бол?

    -Чуулганаар арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудал орж ирсэн. Уг хуулийн хамгийн гол зүйл бол арилжааны банкуудын хариуцлагыг чангатгах, төрөөс тавих хяналтыг сайжруулах зорилгоор оруулж ирлээ гэж Засгийн газар тайлбарлаж байна. Хуулийн зорилго нь ийм бол яагаад заавал нууцын горимоор хэлэлцэх ёстой юм. Их хурлаар уг асуудлыг хаалттай хэлэлцэх ямар шаардлага байна. Үнэхээр банкуудын хариуцлагыг чангатгая гэж байгаа бол нээлттэй л хэлэлцэх ёстой. Гэтэл Засгийн газар уг хуулийг нээлттэй хэлэлцвэл арилжааны банкуудын үйл ажиллагаатай холбоотой нийгэмд янз бүрийн сөрөг үр дагавар гарах магадлалтай гэж тайлбарласан. Хэрэв тийм бол үүнд асуудал байна, өөр зүйл яригдах гээд байна. Уг хуулийн төсөлд арилжааны банкуудыг дахин хөрөнгөжүүлэх гэдэг дээр эх үүсвэрийг нь 500 тэрбум төгрөг болгосон байсан. Тэгсэн хэр нь тодорхой хугацаанд банкуудын өөрийн хөрөнгийн дутагдсан эх үүсвэрээ өөрсдөө нөхөн олж бүрдүүл гэсэн үүргийг Засгийн газар өгсөн гэсэн. Ийм үүрэг өгсөн юм бол яах гэж оруулж ирсэн хуулийн төсөл дээр 500 тэрбум төгрөгийг тавьсан юм. Үүнээс үзвэл дахиад татвар төлөгчдийн мөнгөөр арилжааны банкуудыг хөрөнгөжүүлэх гэж байна. Үүнийгээ нууцаар хийх гэж байна гэдэг хардлага төрсөн. Тиймээс миний зүгээс уг асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой гэсэн горимын санал гаргасан юм. Энэ үеэр ширүүн маргаан гарсан. Эцсийн дүндээ уг хуулийн төслийг дахин оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан.

    -Нэр бүхий гишүүдийн зүгээс УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг чуулганаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хүн бүр л ярьж байна. Таны хувьд өнөөгийн парламентын гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг хэрхэн үзэж байна вэ?

    -Эрх барьж буй улс төрийн хүчний үйл ажиллагаа, сахилга хариуцлага ямар байна, тухайн парламентын сахилга хариуцлага тийм л байдаг. Энэ УИХ хэт их олонх нь нэг намаас бүрдсэн парламент гэдгээрээ өвөрмөц. Гэсэн ч 65 гишүүн нь дотроо эв нэгдэлгүй, хариуцлагагүй, талцсан, хуваагдсан байдалтай байна. Мөн эдгээр гишүүдийн үүрэг, ёс зүй, хариуцлага маш сул. Тиймээс өнөөгийн парламентын гишүүдийн ёс зүй хариуцлага, аливаа зүйлд хандаж байгаа хандлага үнэхээр сул байна.

    -Д.Гантулга гишүүн чөлөөлөгдсөнөөр парламент 75-уулаа боллоо. Тиймээс тухайн тойрогт нөхөн сонгууль явагдах нь тодорхой байх. Уг сонгууль хэзээ явагдах вэ?

    -Сонгуулийн тухай хуулиараа зохицуулагдана. Нөхөн сонгууль эхлэх, дуусах хугацаа, сонгуулийн график төлөвлөгөөг гаргаж Сонгуулийн ерөнхий хороо батлах ёстой. Тэр үед нь Ардчилсан нам асуудлыг авч үзнэ.

    -Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас Ерөнхийлөгчийн хориг зөвхөн Д.Мурат гишүүнд үйлчлэхээр үлдлээ. УИХ хоригийг хэзээ хэлэлцэх вэ?

    -УИХ 45, 47 дугаар тогтоол хүчингүй болоогүй байсан. Нэгэнт хүчин төгөлдөр тогтоол дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Хуулийн ямар нэгэн зөрчилдсөн зүйл байхгүй. Хориг тавьсан хойно УИХ-ын шийдвэр гарч Д.Гантулгыг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлсөн.

    Одоо УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал прокурорын оруулж ирсэн санал дээр дахин санал хураалт явуулах болж байна. Уг санал хураалтын дүн хэрхэн гарахыг хэлж мэдэхгүй юм. Ер нь Д.Мурат гишүүний хувьд эрх зүйн өөр нөхцөл үүсчихсэн. Учир нь Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Ингээд хууль хяналтын байгууллагаар шалгуулаад явчихна. Харин Д.Мурат гишүүний хувьд гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх биш түр түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулна. Хэрэв гэм буруугүй нь тогтоогдвол эргээд гишүүний бүрэн эрх нь сэргэх боломжтой. Ерөнхийлөгчийн хоригийг хэд хоногт хэлэлцэх хуулийн заалт байна тэр хугацаанд нь хэлэлцээд шийдвэрлэх байх.

    -Хаврын чуулган хаагдах дөхөж байна. Энэ чуулганаар таны зүгээс ямар хуулийн төсөл дээр ажиллаж, УИХ-аар хэлэлцүүлж, батлуулав. Ирэх намрын чуулганаар ямар хуулийн төсөл оруулахаар ажиллаж байна вэ?

    -Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орлоо. Энэ хугацаанд хувь гишүүнийхээ зүгээс зургаан хууль санаачилсан. Үүнээс дөрвөн хуулийг УИХ-д өргөн барьж, гурав нь хэлэлцүүлэгт ороод олонхын санал авсангүй. Үүнийг би улс төрийн шалтгаантай гэж харж байгаа. Нэг хууль одоогоор хэлэлцүүлгийн шатанд явж байна. Хоёр хууль хэлэлцүүлэгт хараахан ороогүй байна. Ардчилсан намын зүгээс хэд хэдэн хуулийн төсөл санаачилан УИХ-аар оруулсан. Эдгээр хуулиудын ихэнх нь олонхын дэмжлэг аваагүй. Мөн л улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаа.

    -Чуулганаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын цөөнхийн зүгээс уг хуулийн төслийг алдаа хэмээн үзсэн. Ямар алдаатай хууль орж ирсэн юм бэ?

    -Европын холбооны комиссоос гарсан татварын зорилгоор хамтарч ажилладаггүй бүс нутгуудын жагсаал буюу хар жагсаалтад манай улсыг оруулсан. Өөрөөр хэлбэл манай улсад гадаадын ямар ч компани ирээд мөнгө угаачих боломжтой гэсэн хар жагсаалт юм. Үүнээс гарахын тулд татварын зорилгоор мэдээлэл солилцоо ил тод байдлын олон улсын форумд нэгдэх ёстой. Уг олон улсын форумд нэгдэхийн тулд татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ийм зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг оруулж ирсэн. Хоёрдугаарт, Татварын ерөнхий тухай хууль хэрэгжээд 10 жил болчихсон. Тиймээс уг хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Ингээд Засгийн газраас уг хуулийн төслийг яаруу сандруу оруулж ирсэн. Тиймээс уг хуулийн төсөл үнэхээр түүхий, боловсролт муутай, зарим зүйл заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна. Үндсэн хуульд хувийн өмчийг хураан авах дайчлан авахыг хориглоно гэж заасан. Мөн гэм буруутай нь шүүхээр шийдэгдээгүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй, гэмт буруутны ял зэмийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно гэсэн заалт бий. Тэгэхээр Засгийн газраас оруулж ирсэн Татварын тухай хуулиар эцгийнхэн өрийг хүүгээс нь шууд авах зохицуулалт орж ирж байгаа юм. Хэдий эцэг, хүү хоёр ч тус тусын эрх ашигтай хувь хүмүүс шүү дээ. Ингэж шууд авах нь хувийн өмчид халдаж байгаа юм. Гэх мэт татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан заалтуудтай хуулийн төсөл орж ирсэн. Үүнийгээ буцааж хар, дахин оруулж ир гэсэн шаардлагыг тавьсан. Жижиг үйлдвэрлэгчдийг дэмжих нэрийн дор үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих, төлөх ёстой татварын хэмжээг илт багасган хуульчилснаар бизнест тэнцвэргүй байдал үүсгэх заалтууд байсан. Татварын ерөнхий хуулиар зохицуулалт хийхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад ногдуулах татварын орлогын хэмжээг бууруулах чиглэлээр олон заалт орж ирсэн гэж хардаж байгаа. Тиймээс уг хуулийн төслийг шууд батлах ямар ч боломжгүй юм.

    -Татварын ерөнхий хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулах заалтууд орж ирсэн гэсэн. Яг хэдэн хувиар хэрхэн буухаар оруулж ирсэн юм бол?

    -Татвар буурна гэдэг төсөв буурна гэсэн үг. Төсөв буурснаар багш, эмч гэх мэт төрийн албан хаагчдын, иргэдийн цалин хөлс буурна гэсэн үг шүү дээ. Тиймээс татвар бууруулах асуудалд анхааралтай хандах ёстой. Гэтэл уг хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 5-10 хувь хүртэл бууруулах заалт орж ирсэн. Мөн тус хуулиар зохицуулагддаг барилга байгууламж, газрын тохижилтыг 40 жилээс 25 жил хүртэл бууруулсан нь дотоодын аж ахуйн нэгж гэхээсээ илүүтэй үндэстэн дамжсан ганц нэгхэн компанид хамааралтай, татварын асар их хэмжээний орлого улсын төсвөөс дутах магадлал байгаа юм. Үүнийг анхаарах учиртай. Засгийн газраас өргөн барьсан уг хуульд тооцоо судалгаагүй зүйл заалтууд олон байсан. Татварын ерөнхий хуулийн 83 дугаар зүйлд Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын хувь хэмжээг ямар нэгэн тооцоо судалгаагүй оруулж ирсэн. Татварын хэмжээг бууруулсан этгээдэд хариуцлага тооцох нь зөв боловч шууд 30, 50, 100 хувь байхаар оруулж ирсэн байсан. Шууд тус этгээдээс 100 хувь татвар авна гэдэг тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох хэмжээний шийтгэл.

     

    ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН