Ц.Уртнасан: Ардчилсан намын шинэчлэлийн үр дүн нийт сонгогчдод өгөөжөө өгнө
    2018 оны 06 сарын 15 нд
    847a484b26c7cb17e774345cc4d0a93f.jpg

    Ардчилсан намын “Баруун бүсийн чуулга уулзалт” Баян-Өлгий аймагт энэ сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасантай цөөн хором ярилцлаа.

    -Ардчилсан намын “Баруун бүсийн чуулга уулзалт” тун удахгүй эхлэх юм байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

     

    -Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд анхан, дунд шатны намын байгууллагын үйл ажиллагаа, сонгуульт гишүүд, тэдний манлайлал, хөгжил, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Баруун бүсийн чуулга уулзалт”-ыг 2018 оны 06 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Толбо суманд зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл хангагдаад байна.

     

    -Бүсийн чуулга уулзалтад хэдэн аймгийн хэчнээн хүн оролцох вэ?

     

    -Баруун бүсийн чуулга уулзалтад Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг болон нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн намын байгуулагуудын төлөөлөл бүхий 900 гаруй гишүүд, сонгуульт гишүүд оролцоно.

     

    -Намын шинэчлэлийн тухай яригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүнг нь хэрхэн үнэлж байна вэ?

     

    -Ардчилсан нам 180 гаруй мянган гишүүдтэй, Монгол Улсын 330 сум, нийслэлийн 152 хороонд зохион байгуулалтын бүтэцтэйгээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг улс төрийн нам гэдгийг та бүхэн мэднэ. Намын шинэчлэлийн үйл ажиллагааны санаачлага, үр дүнг бүрэн гүйцэд үнэлж, дүгнэхэд эрт байгаа ч өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын гишүүд, хамт олон шинэчлэлийн үйл хэргийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, урт хугацаанд дадаж хэвшсэн зан байдал, үйл ажиллагаа, сэтгэлгээ, хандлагаа өөрчлөх, өөрчлөлтийн менежментэд суралцах, хамтран ажиллах талаар эрс өөрчлөлт гарсан гэдгийг хэлж чадах байна. Намын шинэчлэлийг хийж байгаагаараа Ардчилсан нам Монголдоо тэргүүлж, өдрөөс өдөрт шинэчлэлийн үйл хэрэг тууштай урагшилж байна.

     

    -Бүх намууд адилхан гэдэг дүгнэлт газар авчээ. Үнэхээр намууд ялгаатай юу?

     

    -Ардчилсан нам шинэчлэлийн хүрээнд намын үзэл баримтлалаа тодотгох шаардлагатай хэмээн үзэж, энэ чиглэлээр хамтран ажиллаж ирлээ. Ардчилсан намын өнөөгийн мөрдөж байгаа үзэл баримтлал ч тэр, шинэчлэн боловсруулж дуусгаад намын хамт олноор хэлэлцүүлж байгаа үзэл баримтлалын төслөөр ч тэр Ардчилсан нам бусад намаас ялгагдана. Үзэл баримтлалын хувьд ч, үйл ажиллагааны хувьд ч, намын үйл ажиллагааг зохицуулах Үндсэн дүрмийн хувьд илүү асуудалд бодитой, нухацтай ханддаг, шинэчлэгч, бүтээлч байдлаараа ялгарна. Ардчилсан намын бусад намаас ялгагдах олон зарчим, бодлого, үйл ажиллагаагаараа улс орон, орон нутгийн хөгжлийг удирдан манлайлах чадамжтай, гишүүд маань тийм итгэл үнэмшилтэй гэж бодож байна. Тиймээс бүх намууд адилхан гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй.

     

    -Улс төрийн намын тухай хууль өнөөгийн намын байгуулагуудын үйл ажиллаагааг зохицуулж чадаж байна уу?

     

    -Улс төрийн намын тухай хуулийг Монголын өнөөгийн болон ирээдүйн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралыг зохицуулах чадамжтай байх түвшинд хуулийг шинэчлэх шаардлагатай гэдэгтэй санал нийлнэ. Гол нь хууль тогтоомжийг ягштал мөрдөх ёстой гэсэн хандлага, итгэл үнэмшил өнөөгийн нийгэмд суларсаар л байна шүү дээ.