З.Нарантуяа: Монголын хөрөнгийн биржийн тодорхой хувийг шууд Лондоны хөрөнгийн биржийн өрөнд өгнө гэж болохгүй
    2018 оны 06 сарын 14 нд
    9326d7a4d305b6d9ae4f2ee16ae97536.jpeg

    УИХ-ын гишүүн З.Нарантуяатай өмч хувьчлалын асуудлаар ярилцлаа.

    -УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Хөрөнгийн бирж, Төрийн банк, МИАТ гээл олон жил ярьж байгаа объектуудын хувьчлах хэлбэрийг нэлээд тодорхой тусган оруулж ирлээ. Таны хувьд өмч хувьчлалын асуудал ямар байр суурьтай байгаа вэ?

    -Төрийн болон өмчийн оролцоотой нийт 55 орчим компани бий. Эдгээр компанийн үйл ажиллагаа ерөнхийдөө удирдлага зохион байгуулалт муу, санхүүгийн хувьд алдагдалтай, үр ашиг муутай. Төрд байх шаардлагагүй ч компаниуд байна. Иргэдийн эзэмшиж байгаа хувь бага, шийдвэр гаргалтад оролцдоггүй, ногдол ашиг бараг хуваарилагддаггүй. Тиймээс төр өөрийн эзэмшиж буй хувьцаанаас иргэд, аж ахуй нэгжид эзэмшүүлье гэдэг бодлого санаа нь зөв. Харин энэ удаа Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд хувьчлалыг стратегийн хөрөнгө оруулагч нарт тодорхой хэсгийг, үлдсэнийг биржээр дамжуулна гэсэн байна. Компани тус бүр өөрийн онцлогтой, хувьчлалын зорилго, хүлээж байгаа үр дүн нь ч өөр. Тиймээс УИХ ийм ерөнхий шийдвэр бус компани тус бүрт тохирсон хэлбэрийг зааж, шийдвэрээ гаргах ёстой гэж бодож байна. Хувьчлах компани тус бүрд таарсан зарчим, хэлбэрийг зөв тодорхойлоогүй нь өөрөө хувьчлалыг шударга, шуурхай явуулахад саад болно. Тиймээс Засгийн газрын холбогдох яамд төрийн өмчийн хороотойгоо бодлого, зорилтоо нэгтгэн ул суурьтай хандаж судалгаагаа сайн хийх шаардлагатай байна.

    -Тухайлбал?

    -Монголын Хөрөнгийн биржийн төрийн мэдлийн хувьцааг хувьд шилжүүлэх нь зөв ч Лондоны хөрөнгийн биржид өрөнд өгч болохгүй. Өмнөх гэрээгээ ямар үр дүнд хүрснийг дүгнэх хэрэгтэй. Цаашид хөрөнгийн биржээ ямар төрлийн бүтээгдэхүүнийг түлхүү арилжаалах бирж болгох, компаниудаа гадаад зах зээлд яаж гаргах, аль улсын хөрөнгө оруулагчтай хамтарвал манайд ашигтай байх талаас харж хувьчлалын зарчмаа тодорхойлох нь зүйтэй болов уу.  Лондоны биржийн хувьд манайхныг том төслүүдээ бирж дээр гаргахыг хүлээсээр мухардсан тал ч байгаа. Төрийн банкийг л гэхэд стратегийн хөрөнгө оруулагч нэр доор нэг компани, нэг хүнд өгөхөөсөө өмнө хөдөө орон нутгийн хөгжил, хөдөө  аж ахуйн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг санхүүжүүлдэг санхүүгийн институци Хөдөө аж ахуйн банк болгож, өөрчлөн зохион байгуулах боломж бас хэрэгцээ харагдаж байна. Бодлогоор ийм төрлийн тусгай зориулалтын банкийг байгуулж, үр дүнтэй ажиллуулж байгаа сайн жишгүүд байна. Тухайлбал, Тайванд "Agrucultural bank"-аараа дамжуулж,  хөдөө аж ахуйгаа дэмжих хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Манай төрийн банкны бараг бүх сумдад салбартай. Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний болон орон нутгийн хөгжлийн төслүүдийг мэргэжлийн санхүүгийн хүмүүс биш яамны ажилтнууд судалж олгож байна. Энэ буруу жишгийг арилгаж, мэргэжлийн байгууллагууд санхүүгийн модель загварт суурилсан үйлчилгээг үзүүлдэг болбол үр дүн нь илүү сайжирна гэж бодож байна. Хөдөө аж ахуйн биржийн хувьд ч мөн ялгаагүй. Тодорхой хувийг нь малчдад, малчдын хоршооны гишүүдэд давуу эрхээр хувьчилбал биржээр дамжин бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд биржээ сонгодог утгаар нь хөгжүүлэхийг малчид шахах болно.

    -Лондоны биржтэй байгуулсан гэрээний тухай дурдлаа. Тэр юу билээ?

    -С.Батболдын Засгийн газар Лондоны хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, манай биржийг олон улсын санхүүгийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүргэж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэсэн. Энэ хүрээнд Лондоны хөрөнгийн бирж гуравдагч этгээдээр дамжуулан манай биржид хоёрдогч арилжааны программ хангамж нийлүүлсэн. Төлбөрт нь Монгол Улсын Засгийн газар 21.3 тэрбум төгрөгийг төлсөн байгаа. Өндөр өртөг төлсөн ч манай бирж ямар төвшинд хүрснийг бид мэдэж байгаа. Санамж бичгийнхээ биелэлт, үр өгөөжийг өнөөдөр дүгнэх цаг болсон. Гэрээгээ дүгнээгүй байж, хувьцаагаа өрөнд өгнө гэж яриад сууж таарахгүй. Нийлүүлсэн систем нь сайн ч манай нөхцөлд тохируулж ашиглахын тулд хэдэн жил дамжин олон сая төгрөгийн өртөг бүхий нэмэлт тохируулгуудыг хийсээр байгаа

    -Томоохон хувьчлалыг ихэвчлэн хөрөнгийн бирж дээр IPO гаргах хэлбэрээр явуулахаар төлөвлөсөн.  Энд Монголын хөрөнгийн бирж бэлэн байх шаардлагатай биз дээ?

    - Компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулж хувьчилна гэсэн байгаа. Иймд Хөрөнгийн биржийн өөрийнх нь арилжаа, төлбөр тооцоо, бүртгэлийн ажиллагааг үнэт цаасны хадгаламжийн байгууллага, тооцооны байгууллага, төлбөр гүйцэтгэх банкууд, кастодиан банкууд зэрэг бусад оролцогч  байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулж, цэгцлэх нь зөв. Шударга арилжаа хийгдэх орчныг л хөрөнгө оруулагчид хүснэ. IPO-г амжилттай болгохын тулд компаниудын санхүүгийн байдал, удирдлага үйл ажиллагааг нь сайжруулж бэлдэх хэрэгтэй. Хувьцаанууд үхмэл бүтээгдэхүүн болох ёсгүй. ОДоогийн байдлаар  биржид бүртгэлийн 30 орчим тэрбум ширхэг хувьцаа байгаа ч эргэлтэд ордог нь 10 гаруйхан хувьтай байна.

    -Төрийн банкны хувьд зөвхөн хувь эзэмшил биш менежментэд нь шинэчлэл хийж болдоггүй юм уу. Улстөрийн томилгоогоор очсон удирдлагууд нь улс төрийн  зорилгод л ашиглаад байгаа харагддаг тал бий шүү дээ?

    -Сонгууль болгоны дараа Засаг солигдох бүрт энэ банкин дээр улс төрийн томилгоо хийгддэг болсон. Өнгөрсөн үеийн сургамжаас харахад иймэрхүү томилгоо олон дахин хийгдсэн банкны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, тодорхой хугацааны дараа хүндрэлд орсон нь олон байдаг. Их удвал ийм болох магадлал байгаа. Тиймээс дээр хэлсэнчлэн өөрчлөн зохион байгуулж, мэргэжлийн баг ажиллуулах хэрэгтэй.

    -МИАТ ХХК-ийн 49 хувийг гаднын хөрөнгө оруулагчид хувьчилна гэж оруулж ирлээ. Үндэсний агаарын тээвэрлэгч компанийг хувьчлах нь хэр оновчтой вэ. Үнэхээр хувьчлаад тийзний үнэ буурах боломжтой юу?

    -МИАТ-ийн хувьчлалын хувьд мэргэжлийн хүн биш учраас нарийн хэлж мэдэхгүй.  Миний харж байгаагаар МИАТ-ийг стратегийн хөрөнгө оруулагчид өглөө гэхэд тийзний үнэ буурна гэдэгт  бол итгэхгүй байна. Хөрөнгө оруулагчид ашиг л хэрэгтэй. Иргэний нисэхийн салбарт шударга өрсөлдөөн бий болгосноор л тийзний үнэ буурна. Гэтэл энд өрсөлдөөн байхгүй учраас монополь зах зээл үүссэн байгаа. Санаж байгаа бол Изнес эирвиз компани хаалгаа хаагаад харьсан. Шалтгааныг ингэж л харж байна.

    -Томоохон хувьчлалаас олох орлогын төсөөлөл дээр нэлээд маргаан гарч байна. Тухайлбал, Төрийн банкийг хувьчилснаар  төсөвт 75 тэрбум төгрөг оруулна гэсэн байх жишээтэй. Гэхдээ энэ бол хувьчлах үнэ биш биз дээ?

    -Хувьчлах үнийн дүн биш л дээ. УИХ-ын шийдвэр гарч хувьчлах асуудал яригдлаа гэхэд компани болгонд хөрөнгийн үнэлгээ хийгдэнэ. Хуулийн шаардлага нь тийм юм. Хөндлөнгийн аудит, хуулийн байгууллагууд бас үнэлгээ дүгнэлт гаргана. Төрийн банкны хувьчлалаас төсөвт төвлөрүүлэх орлогын дүнг 75 тэрбум гэж 2018 оны төсвийн тухай хуулиар баталсан. Засгийн газрын бичиг, танилцуулга дээр үүнийгээ ялгаж, тодорхой бичээгүйгээс гишүүдэд бага үнээр хувьчлах гэж байгаа мэт эргэлзээг төрүүлсэн байх.

    -Монгол шуудангийн тодорхой хувийг хоёр сая доллараар хувьчлах асуудал яригдаж байна. Та өмнөх хувьчлалд гар бие оролцож, зохион байгуулж байсан хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

    -Монгол шуудан компани ашигтай ажилладаг цөөхөн компанийн нэг байсан. Улсын хэмжээний шуудан илгээмжийн хүргэлт, түгээлтийг хариуцдаг. Ложистикаа өргөтгөж, агуулах, саваа томруулах шаардлага үүсч, өрийн хөрөнгөөрөө хийх  боломжгүй байсан учраас төрийн мэдлийн хувьцаанаас 17 хувийг нь биржээр дамжуулж 2015 онд арилжаалсан. Арилжаа маш  амжилттай болсон. Жижиг хувьцаа эзэмшигчид хувьцааны бас 17 орчим хувийг эзэмшиж байгаа. Цугларуулсан мөнгөөрөө харин өнөөдрийг хүртэл агуулах, ложистикийнхээ асуудлыг шийдээгүй гэж сонссон. Тийм байж болохгүй. Проспектустаа юунд зориулна гэсэн түүндээ л зориулах ёстой. Компани одоо  илүү сайн ашигтай ажиллаж  байгаа. Төр хувьцаагаа багасгах, нэмэлт хөрөнгө босгох шаардлага нь юу байгааг үзэх хэрэгтэй. Нийт нутгийг хамарсан өргөн сүлжээгээ ашиглан шуудангийн үйлчилгээнээс өөр чиглэлийн санхүүгийн үйлчилгээ эрхлэхийг зорьж байгаа гэдэг яриа хардлага байдаг. Төрийн шуудангийн үйлчилгээг хувьд шилжүүлж, хувийн салбараар хийлгэх гэсэн төрийн бодлого ийм байдлаар хазайх нь үнэн бол харин зөвшөөрч болохгүй ажиллагаа болно гэж бодож байна.

    -Хөдөө аж ахуйн биржийн хувьчлалын тухайд...?

    -Хөдөө аж ахуйн биржийн 49 хүртэл хувийг малчид, хоршооны гишүүдэд давуу эрхээр эзэмшүүлэх хэрэгтэй гэж боддог. Биржийн хувьд  арилжааны техник үйл ажиллагаа бол сайн. Хоршооны гишүүд арилжаанд шууд оролцох онлайн сүлжээний боломж бүрэн бүрдээгүй,  тээврийн асуудал, агуулах, лабораторийн нөхцөл хангагдаагүйгээс арилжаа бодитойгоор  явагдахгүй, цагаан хуудасны төлөө гэрээ байгуулж байна гэдэг. Иймээс эдгээр нөхцөлийг хувьчлах үйл ажиллагааны хүрээнд хамтад нь цогц байдлаар шийдвэрлэх хэлбэрийг олж, хувьчлах нь зөв болно байх. Удахгүй  УИХ-ын гишүүн, Монгол улсын Хоршоологчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Н.Энхболд гишүүн болон нэр бүхий гишүүд бид хамт  бид Хоршооны тухай багц хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр бэлдэж байна.  Хоршооны гишүүд бараа, түүхий эдээ борлуулах хамгийн том боломж энэ биржээр хангагдаж байх ёстой. Шинэ хуульд энэ боломжийг бүрдүүлэх зарчмын зохицуулалтууд орсон байгаа.

    Ард түмний итгэлийг хүлээж, төрийн өндөр хариуцлагатай ажлыг хийхээр сонгогдсоны хувьд ёс зүйн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бол үүнийхээ төлөө хариуцлагаа өөрөө хүлээж, асуудлаа  УИХ-ын асуудал болгохгүйгээр шийдвэрлэдэг байх ёстой

     -Эцэст нь, танаас УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалд ямар байр суурьтай байгааг сонирхъё. Өнгөрсөн баасан гаригт чуулганаар уг асуудлыг хэлэлцэхэд таныг эсрэг санал өгсөн гэсэн яриа гарсан л даа.  

    - Эсрэг гэдэг нь түдгэлзүүлье гэж үү. Тийм ээ, 2 гишүүнийг түдгэлзэж байгаад гэм буруугаа шүүхээр шийдвэрлүүлэх нь зөвөө гэсэн байр суурьтай байгаа. Тийм учраас өөрийн намын нөхөртөө ийм зөвлөгөөг найз нөхрийн хувиар өмнө нь хэлж байсан. Ард түмний итгэлийг хүлээж, төрийн өндөр хариуцлагатай ажлыг хийхээр сонгогдсоны хувьд ёс зүйн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бол үүнийхээ төлөө хариуцлагаа өөрөө хүлээж, асуудлаа  УИХ-ын асуудал болгохгүйгээр шийдвэрлэдэг байх, гишүүн хүсэлтээрээ бүрэн эрхээсээ түдгэлздэг хуулийн зохицуулалтыг бий болгохгүй бол гишүүдийг, парламентыг, МАН-ыг ямар байдалд оруулж байгааг сая харлаа шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнуудад биеэ авч явах соёл, ёс зүйн хувьд том сургамж өглөө гэж бодож байна.

    Харин энэ сэдвийг нам доторхи эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ ашиглаж, бие биенээ буруутгах, ялангуяа эмэгтэй гишүүд бие биен рүүгээ нийгмийн сүлжээгээр дайрах нь парламентын нэр хүнд, төрд итгэх  иргэдийн итгэл, хүндлэлийг алдах том шалтгаан гэдгийг ойлгоосой гэж хүсэх байна.

    -Ярилцсанд баярлалаа.

    ЭХ СУРВАЛЖ: WWW.ITIOM.MN