Хадгаламжийн хүүнээс татвар авч буйг иргэд эсэргүүцэж байна
    2018 оны 06 сарын 12 нд
    97c63cd69c2232a1514365179302003c.jpg

    Монголоо сонсъё үндэсний аян Өмнөговь аймгийн Номгон суманд амжилттай зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, намын хорооны гишүүд Номгон сумын иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, үзэл баримтлалын шинэчилсэн төсөл, үндсэн дүрмийн талаар мэдээлэл хүргэсэн байна. Тус сумын иргэд, Цагаан дэл хилийн боомтыг нээх шаардлагагүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хотын төвлөрлийг бууруулж, орон нутгийн хүн амыг нэмэгдүүлэх боломжийг хангахад бодлогын түвшинд шийдвэр гаргаж, ажиллах шаардлагатай гэлээ. Мөн орон нутагт хууль бус үйл ажиллагаа явуулж, химийн хорт бодис ашиглаж байсан нь илэрсэн БНХАУ-ын компанийн үйл ажиллагааг бүрмөсөн цуцлах, залуусыг ажлын байраар хангах, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, сумын спорт заалны барилга угсралтын ажлыг яаралтай дуусгаж, ашиглалтад оруулах, хугацаатай хадгаламжийн хүүнээс татвар авч буйг зогсоох зэрэг олон асуудлын талаар санал, бодлоо илэрхийлсэн юм. Аяны хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ. Эрүүл мэндийн үйлчилгээнд 180 гаруй иргэн хамрагдсан аж. Мөн гал түймрийн улмаас орон гэргүй болсон иргэнд ҮБХ-ны гишүүд гэр бэлэглэхээр болсон байна. “Монголоо сонсъё” аянд давхардсан тоогоор 500 гаруй иргэн хамрагдсан бөгөөд Ардчилсан намд шинээр элссэн гишүүдэд батлах гардуулж, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөж, иргэдийн дундаас азтан тодруулжээ.