Д.Золзаяа: Залуусаа дэмжсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна
    2018 оны 06 сарын 07 нд
    e8ed5cc2add666f4d116c90fe05d318a.jpg

    /Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэн/

    -Баяндэлгэр суманд хүрэлцэн ирж, биднийг сонсч байгаа та бүхэнд баярлалаа. Би энэ суманд 7-8 жил амьдарч байна. Залуу гэр бүлийн хувьд орон нутагт ажлын байр олдоцтой байгаасай, биднийг дэмжсэн оновчтой бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Хувиараа бизнес эрхлэхэд ч маш хүндрэлтэй байгаа. Татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих хэрэгтэй байна. Хууль дунд, дээд шатандаа огт хэрэгжихгүй байгаа. Би цалингаасаа татвар төлдөг. Гэтэл хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалж байгаа хадгаламжийн хүүнээс татвар авч байгаа нь шударга бус. Үүнээс гадна цалинг яагаад нэмж болдоггүй юм бэ. Тухайлбал, би 500 мянган төгрөгийн цалинтай. Гэтэл манайх ам бүл дөрвүүлээ амьдардаг. Цалингаараа зөвхөн хоол, хүнсээ л авч хүрэлцэнэ. Бусад хэрэгцээгээ яаж хангаж амьдрах юм бэ. Бараа, бүтээгдэхүүний үнэ яаж хурдацтай нэмэгдэж байгааг бүгд мэдэж байгаа. Хүүхдүүдээ өвөө, эмээд нь орхиод ажлаа хийнэ, ажлынхаа хажуугаар хувийн жижиг бизнесээ авч явах хэрэгтэй болно. Өнөөдөр залуус өрнөөс өрний хооронд мөнхийн завгүй ажиллаж байна. Үүний цаана гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцаа гээд бүх зүйл орхигдож байна шүү дээ. Гэвч бидний олж байгаа орлого хангалуун амьдрахад хүрэлцэхгүй байна. Тиймээс бодит байдлыг мэддэг, ард түмний амьдрал ямар байгааг хардаг, сонсдог тийм хүмүүс эрх барих түвшинд ажиллаасай гэж хүсдэг. Орон нутагт ажлын байр гардаггүй. Хэн нэгнийг тэтгэвэрт гарахыг л хүлээх шаардлага үүснэ. Тиймээс орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх системтэй бодлого хэрэгжүүлэх цаг нь болсон. Хүмүүс хоосон хонохгүйн эрхэнд эрвийх, дэрвийхээрээ хөдөлмөрлөж л байна. Гэвч ард түмэнд тогтмол цалин, баталгаатай ажлын байр чухал байна шүү дээ. Үүнээс гадна 2020 он гэхэд жишээ нь манай сум хөгжлөөрөө хаана хүрсэн байх юм, ямар бодлого хэрэгжүүлж, хаана хүрсэн байхаа тодорхойлох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Баяндэлгэр сумын хөгжлийн талаар ямар ч төлөвлөлт, ойлголт байхгүй байна. Тиймээс өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө юу хийж чадахаа мэддэг, нийгэмдээ оролцоотой амьдраасай гэж залуусаа уриалъя. Үүнээс гадна хөдөө орон нутагт намчирхал, улстөржилт гэдэг зүйл хэрээс хэтэрсэн байгааг ч дурдахгүй өнгөрч болохгүй.