Ц.Туваан: Иргэдийн саналыг эрх баригчдад хүргэнэ
    2018 оны 06 сарын 07 нд
    473fb7cbd5261e72aa3dd4a0a096d39c.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян Төв аймагт амжилттай үргэлжилж байна. Тус арга хэмжээ энэ сарын 06-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд болсон бөгөөд энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тувааны сэтгэгдлийг сонссон юм.

    -Ардчилсан намын ҮБХ-ны гуравдугаар хуралдаанаар “Монголоо сонсъё” аяныг зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарснаар 2018 оны тавдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 15-ны хооронд Монгол орон даяар энэхүү аян өрнөж байна. Одоогоор аяны үйл явц 60-70 хувьтай байна. Өнөөдөр гэхэд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд УИХ-ын 28 дугаар тойрог буюу Төв аймгийн Баяндэлгэр суманд “Монголоо сонсъё” аяныг зохион байгууллаа. Иргэд маш оновчтой санал, санаачлагуудыг хэлж байна, өөрсдийн ойлгож, мэдэхгүй байгаа зарим хууль, журмын талаар тодруулж, лавлах зэргээр эрх баригчдын бодлого, шийдвэрийн талаар чөлөөтэй үзэл, бодлоо илэрхийлж байгаа нь сайшаалтай байна. Малчид руу чиглэж буй төрийн бодлого, хувиараа бизнес эрхлэгчдийн асуудал, хадгаламжаас татвар авч байгаа, орон нутгийн хөгжил, малын түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээнд санал, бодлоо илэрхийллээ. Эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон өнөө үед мөрийн хөтөлбөр нь биелсэн үү, хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр нь хэр оновчтой байгааг иргэдийн амнаас сонсоно гэдэг чухал ач холбогдолтой.  Аяны хүрээнд гарсан санал, хүсэлтийг  бид бүгдийг нь бичиж, тэмдэглэж аваад салбар, салбараар нь багцалж, эрх баригчдад хүргүүлнэ. Ард түмний амьдралд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэж эрх баригчид ажиллаж байгаа болохоор бид иргэдийн санал, хүсэлтийг тэдэнд хүргүүлэх  ёстой.