Тэтгэвэрийн зээлийн хүү 18 хувь байгааг эрх баригчдад сануулав
    2018 оны 06 сарын 04 нд
    a4a7da9ac52bc6c28564153a1265f75e.jpg

    Өмнөговь аймгийн 22 дугаар тойрогт “Монголоо сонсъё” аян Хүрмэн сумаас энэ сарын 04-нд эхэллээ. Тус арга хэмжээнд 22 дугаар тойргийн ҮБХ-ны гишүүн Р.Бадамжунай, Б.Нарантуяа, Н.Энхбат болон Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, Өмнөговь аймгийн Ардчилсан намын Дэд дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баттулга нар оролцож, Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, үзэл баримтлалын шинэчилсэн төсөл, үндсэн дүрмийн талаар иргэдэд мэдээлэл хүргэж, санал, хүсэлтийг нь сонсон ажиллаж байна.

    Уулзалтад Ардчилсан намын 45 гишүүн, 35 өндөр настан, 100 гаруй иргэн оролцож, санал, бодлоо илэрхийлсэн аж. Уулзалтын үеэр иргэд шууд ардчилалын зарчим алдагдаж байгааг онцлоод ард түмэн, малчдын үгийг сонсдоггүй төртэй болсон гэв. Түүнчлэн эрх баригчид газрын зураг дээрээс харж байгаад газар олгож байгаад харамсаж буйгаа иргэд илэрхийлж байв. Мөн гадны хөрөнгө оруулалт татах нэрийдлээр ашигт малтмалын зөвшөөрлийг “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар”-аас олгож байгааг ч эсэргүүцэж байгаагаа хэлж байсан юм. Говьд олборлолт хийж буй өмнөх уурхайнуудаа цэгцэлж, байгаль орчинд учруулсан хор хөнөөлийг шийдвэрлэж чадаагүй байж нэмж зөвшөөрөл олгож байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байна. Үүнээс гадна эрх баригчид тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болголоо хэмээн худлаа шоудаж байгааг ч хэлж байв. Учир нь нэг жилийн хугацаатай тэтгэвэрийн зээл авахад зээлийн хүү 12 хувь байгаагаас биш 24 сараас дээш хугацаатай зээлэхэд зээлийн хүү нь 18 хувь байгааг сануулж байсан юм.

    “Монголоо сонсъё” аяны хүрээнд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын иргэдэд үнэ төлбөргүй үсчин, гэрэл зураг, гоо сайхны үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн иргэдийн дунд гар бөмбөгийн холимог багийн тэмцээнийг зохион байгуулж, оролцогчдын дундаас азтан тодруулж, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөжээ. Түүнчлэн намынхаа үйл хэрэгт тууштай зүтгэж яваа гишүүдийг шагнаж, урамшуулсан байна.