Орхон аймагт “Монголоо сонсъё” аян амжилттай зохион байгуулагдлаа
    2018 оны 06 сарын 03 нд
    d6edf5f2960cc9947861cd9b5d6aca4c.jpg

    Монгол орон даяар өрнөж буй “Монголоо сонсъё” аян Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж, энэ сарын 02-нд хаалтаа хийлээ. Хаалтын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Э.Одбаяр, Орхон аймгийн Ардчилсан намын дарга Ц.Батхуяг нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр Ардчиллын шанг таталцсан Эрдэнэтчүүд Бүрэн бүстийн овоогоо тахиж, бэсрэг наадам зохион байгуулж, хүчит бөхийн барилдаан зохион байгуулж, хурдан морьд шандас сорилоо. Түүнчлэн Эрдэнэт хотын Уурхайчдын соёлын ордны өмнөх талбайд тоглолт зохион байгуулж, “Хурд”, “Чоно” хамтлагууд ая дуугаа өргөж, “The Voice Mongolia” шоуны шилдэг оролцогчид Эрдэнэтчүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хаалтын арга хэмжээнд оролцож үг хэлсэн бөгөөд тэрбээр “Монголын ардчиллын гал голомт болсон цөөн аймгуудын нэг бол Орхон аймаг. Тэртээх 1989-1990 онд Ардчиллын шанг татсан аймгуудын нэг бол өнөөдрийн Эрдэнэт хот. Эрдэнэтийн мянга, мянган залуус Ардчиллын шанг таталцаж, Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, үндэсний тусгаар тогтнолыг авчрахад өндөр хувь нэмэр оруулсан юм. Тиймээс ч Ардчилсан нам Эрдэнэтчүүдийн оруулсан хувь нэмрийг ямагт үнэлдэг билээ. Хур, бороо тэгширсэн зуны сайхан өдрийн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, эрч хүчтэй ажиллаж, амьдрахыг Эрдэнэтчүүддээ хүсье” гэв.

    “Монголоо сонсъё” аяны хүрээнд Орхон аймгийн Ардчилсан намын хороо Үүрийн зөвлөлийн гишүүд буюу сонгуульт гишүүддээ зориулсан гурван удаагийн сургалт зохион байгуулсан байна. Мөн Орхон аймгийн хэмжээнд Жаргалант сум, 21 багийн Ардчилсан намын гишүүдтэйгээ уулзалт зохион байгуулжээ. Аяны хүрээнд Орхон аймгийн хэмжээнд нийт 10 удаагийн уулзалт зохион байгуулж, 20 гаруй мянган иргэнд Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, үзэл баримтлалын шинэчилсэн төсөл, үндсэн дүрмийн талаар мэдээлэл хүргэж, санал, хүсэлтийг нь сонсчээ. Уулзалтын үеэр ажилгүйдэл, ядуурал, архидалт, эрх баригчдын харалган шийдвэр, тансаглал, өрийн асуудлыг иргэдийн дийлэнх нь хөндсөн байна. Үүнээс гадна уулзалтын үеэр санал хүсэлтийн хайрцаг аялуулж, судалгаа зохион байгуулжээ. Судалгаандаа мониторинг хийх бөгөөд дэлгэрэнгүй тайлан мэдээлэл гаргахаар ажиллаж байгаа талаар Орхон аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Судалгаа, төлөвлөлт хариуцсан ажилтан Н.Азжаргал мэдээлсэн юм.

    Д.Оюунцэцэг: Найман настай балчраас наян настай буурал хүртэл бүх насны хүмүүс хамрагдсан

    /Орхон аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн/

    -Орхон аймагт “Монголоо сонсъё” аяныг амжилттай зохион байгуулж, хаалтаа хийлээ. Аяны үеэр Орхон аймгийн иргэд найман настай балчраас 80 настай буурал хүртэл бүгд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн оролцож, маш далайцтай арга хэмжээ боллоо. Тиймээс ч Монголоо сонсох зорилгодоо хүрсэн гэж үзэж байгаа. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид нэг зүгт харж, ажиллалаа. Цаашид энэхүү аян тогтмол арга хэмжээ болох хэрэгтэй. Зөвхөн нэг удаагийн уулзалтаар хүмүүсийн үгийг сонсоод, хөөрцөглөөд өнгөрөх бус Ардчилсан нам сөрөг хүчний хувиар эрх баригчдын алдаа, дутагдлыг засч, залруулахын төлөө шахаж, шаардаж ажиллаасай гэж бодож байна.

    Д.Энхзориг: Бидний явуулсан судалгаанд 1000 гаруй иргэн хамрагдсан

    / “Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны тэргүүн /

    -Орхон аймгийн “Ардчилсан Залуучуудын Холбоо” тус аяны хүрээнд бүх шатны зохион байгуулалтад гар бие оролцсон. Бидний хувьд судалгаан дээр төвлөрч ажиллахыг хичээлээ. Өөрөөр хэлбэл, ард түмний санал, хүсэлт, бодит хэрэгцээ, шаардлагыг үнэн зөв тодорхойлохын тулд судалгаандаа 1000 гаруй иргэнийг хамруулсан. Эрх баригчдын явуулж буй бодлого шийдвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажил хангалтгүй байгааг иргэдийн дийлэнх нь хэлж байна. Залуучуудын хувьд нийгмийн аливаа үйл ажиллагаанд идэвхгүй оролцдог. Энэ оролцоог идэвхжүүлэхийн тулд бодлогын хувьд томоохон шийдвэрүүдийг гаргаж, ажиллах цаг нь болжээ. Учир нь залуус өрнөөс өрний хооронд, банкны зээлээс зээлийн хооронд цаг завгүй ажиллаж байна. Амьдралын шаардлагаар нийгмийн идэвхтэй байх, бодлогын түвшинд оролцоотой байх боломж нь хязгаарлагдмал болчихоод байгаа юм. Тиймээс залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд бодлогын шийдэл гаргах хэрэгтэй.

    Б.Уранчимэг: Эрх баригчид ахмадуудаа хөсөр хаясан

    /Орхон аймгийн Зэст багийн иргэн/

    -“Монголоо сонсъё” аян маш чухал, цаг үеэ олсон арга хэмжээ боллоо. Сарын хугацаанд баг, хороо, сум, дүүрэг гээд засаг, захиргааны бүх нэгжид хүрч, иргэд дундаа орж, тэдний санал, бодлыг сонсоно гэдэг бол маш чухал. Төрийн бодлого ахмадууд руу чиглэхгүй байна, биднийг хөсөр хаяснаас өөрцгүй болжээ. Бид залуу насаа Монгол Улсын хөгжлийн төлөө зориулсан. Хүйтэнд нь хөрч, халуунд нь халж ажиллачихаад өнөөдөр 240 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ яаж өсч байгаа билээ. Авсан хэдэн төгрөг маань хаанаа ч хүрэлцэхгүй дуусчихдаг. Зарим хүмүүс даралтны эмээ ч авч чадахгүй байна шүү дээ.

    С.Цэрмаа: Орхон аймгийн залууст ажилгүйдлийн асуудал тулгамдаад байна

    / “Ардчилсан Залуучуудын Холбоо”-ны тэргүүлэгч/

    -Эрдэнэтчүүдийн хувьд маш их хүлээлтийг үүсгэсэн байсан нь аяныг зохион байгуулах хугацаанд харагдлаа. Миний хувьд залуусаа төлөөлж яримаар байна. Орхон аймгийн хувьд ажилгүйдэл үнэхээр ихэссэн. Ажлын байран дээр амьдралд нийцэхгүй худлаа шаардлага тавьдаг. Хэдийгээр ажлын байрны сонгон шалгаруулалт зарладаг боловч аль хэдийнэ хүнээ сонгочихсон байдаг. Шударга сонгон шалгаруулалт огт явагдахгүй байна. Тиймээс ч ажилгүйдэл ихэссэн. “Монголоо сонсъё” аяны хүрээнд залуус үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь сайшаалтай байлаа. Залуусын хувьд ажлын байр нь нийгмийн баталгаа болж байна. Залуу гэр бүлийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах зэрэг нийгмийн олон талт бодлого үгүйлэгдэж байгааг зориуд хэлмээр байна. Ахмадууд, залуус руугаа чиглэсэн нийгмийн бодлого хэрэгжүүлэх ёстой. Эрх баригчид хүн рүүгээ чиглэсэн бодлого огт хэрэгжүүлэхгүй байна.

    О.Мөнх-Од: Эрх баригчдын амласан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр огт хэрэгжихгүй байна

    /Баян-Өндөр сумын ИТХ-ын  төлөөлөгч/

    -Ард түмний дунд үгүйлэгдэж байсан арга хэмжээг Ардчилсан нам “Монголоо сонсъё” уриан дор зохион байгууллаа. Хэдийгээр эрх баригчид ард түмнээ сонсч ажиллаж байгаа гэх боловч бодит байдал дээр хөрсөн дээр буусан нэг ч ажил хийгдэхгүй байгааг аяны хүрээнд иргэд хэлж байсан. Орхон аймгийн хувьд нэлээн онцлогтой, үйлдвэр дагасан хот. Манай аймгийн 100 гаруй мянган иргэний зургаан мянга нь Эрдэнэт үйлдвэртээ ажилладаг. Бусад иргэдийн хувьд ажлын байр үнэхээр хүндрэлтэй байна. “Үндэсний статистикийн хороо”-ны тайлангаас харахад Орхон аймаг ажилгүйдлийн түвшингээр улсдаа дээгүүр бичигдсэн байсан. МАН-ынхан ажилгүйдлийг бууруулж, “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж амласан боловч нэгийг халж, нөгөөг ажилд авч байна. Тиймээс ч Орхон ажилгүйдэл ихтэй аймаг болсон. Үүнээс гадна эрх баригчид хүүхэд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй, хүүхдийн мөнгийг алагчлан олгож байна. Төрийн ордонд суугаа эрх баригчид аливаа хуулийн төсөл, журам хэлэлцэхдээ эгэл жирийн иргэний амьдралд яаж тусгалаа олох вэ, хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг огт бодолцохгүй байна. Залуу гэр бүлийн хувьд өрх тусгаарлах нь хамгийн хүндрэлтэй асуудал болоод байгаа. Эрдэнэт хот байгуулагдаад 40 жил болж байна. Үе, үеийн эрх баригч, шийдвэр гаргах түвшний хүмүүст хот статусаа сэргээх хүсэлт тавьдаг боловч шийдэгдэхгүй явсаар өнөөг хүрлээ. Үүнээс гадна Орхон аймгийн газар нутаг бага. Тэр хэрээр газар олголт, өмчлөх боломж нь бүрдэхгүй байна.

    Г.Ганзориг: 10 удаагийн уулзалт зохион байгуулж, 20 орчим мянган хүн хамрагдсан

    /Баян-Өндөр сумын ИТХ-ын  төлөөлөгч/

    -“Монголоо сонсъё” өдөрлөг Орхон аймаг даяар амжилттай зохион байгуулагдаж нар, хур тэгширсэн сайхан өдөр хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа. Аяны хүрээнд Орхон аймгийн хэмжээнд нийт 10 удаагийн уулзалт зохион байгуулж, 20 орчим мянган хүнд хүрч ажилласан байна. Аяны хүрээнд олон чухал санал, санаачлагыг иргэд хэллээ. Аяны хүрээнд хамтран ажилласан журмын нөхөддөө талархсанаа илэрхийлье. Орхон аймгийн хувьд зам, барилгажилт, сургуулийн хүртээмж зэрэг бүтээн байгуулалт, нийгмийн асуудал нэлээн хөндөгдсөн. Иргэдийн саналыг бид бодлогын түвшинд хүргэхээр ажиллаж байна.