БНХАУ-ын иргэдтэй хамтарч хууль бусаар олборлолт хийж байна гэв
    2018 оны 06 сарын 01 нд
    231c0fe6205597f536ccaf9bd538fcc7.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд амжилттай үргэлжилж байна. Арга хэмжээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ардчилсан намын хорооны дарга Р.Сэддорж болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, иргэдийн санал, сэтгэгдлийг сонсчээ. Аяны үеэр нарийн мэргэжлийн эмч нар тус сумын 1000 орчим иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн отрын малчин өрхүүдээр зорин очиж, Ардчилсан намын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж, малчдын санал, бодлыг сонссон аж.

     

    Уулзалтад давхардсан тоогоор  700 орчим иргэн оролцсон бөгөөд иргэд Тавантолгойн ногдол ашиг, "Нутгийн хишиг" төсөл удааширч байгаа шалтгаан зэрэг олон асуудлын талаар санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Түүнчлэн нутгийн иргэдийн нөхөрлөл бичил уурхай эрхлэх, нөхөн сэргээх эрхзүйн акт, шийдвэр гарсан  ч хэсэг бүлэг гадны иргэд БНХАУ-ын иргэдтэй хамтран хууль бусаар олборлолт хийж байгааг шийдвэрлэхийг орон нутгийн удирдлагуудаас шаардав. Мөн залуусын идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, залуу гэр бүлийг дэмжихэд чиглэсэн бодлого үгүйлэгдэж байгааг ч хэлж байлаа.

     

    “Монголоо сонсъё” аяны хүрээнд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, уран бүтээлчид ая дуугаа өргөсөн байна. Мөн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан  400 гаруй хүүхдэд баярын бэлэг, 300 орчим  ахмадад гарын бэлэг өгч, баярлуулсан байна.