Баянгол дүүргийн багачууд баяраа тэмдэглэлээ
    2018 оны 06 сарын 01 нд
    a37d6aab48e9208249654f020c778654.jpg

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн багачууд баяраа хамтдаа тэмдэглэлээ. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарын холбогдох албаны хүмүүс болон Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож хүүхэд, багачуудаа баярлуулсан юм. Энэ үеэр Баянгол дүүргийн ЕБС-ийн авъяаслаг сурагчдын төлөөлөл урлагийн тоглолтоор бэлэг барив. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сурлага, авъяасаараа бусдыгаа манлайлсан хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. Баянгол дүүргийн хамт олон 2012 оноос хойш хүүхэд, залууст чиглэсэн олон үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, тэдний сурч, боловсрох, эрүүл өсөн торних орчин, нөхцлийг ханган ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэрбээр “Баянгол дүүрэг хүүхдийн хоёрдугаар эмнэлэгээ ашиглалтад оруулж, баярын бэлэг барилаа. Тун удахгүй 300-400 хүүхдийн хүчин чадалтай зуслан ашиглалтад орно. Мөн ирэх хавар хүүхэд, залуусыг амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжоор хангах зорилгоор спорт цогцолборыг ашиглалтад оруулна. Энэ мэтчилэн хүүхэд, залууст  чиглэсэн олон ажлыг Баянгол дүүрэг амжилттай зохион байгуулж  байна. Тэр хэрээр хүүхдүүдийн маань амжилт чанаржиж байгаа” гэлээ.

    С.Одонтуяа: Хүүхдийн II эмнэлэгээ ашиглалтад оруулж бэлэг барилаа

    /Баянгол дүүргийн Засаг дарга/

    -Баянгол дүүрэг жил бүр энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн парад алхдаг юм. Энэ жил би хүүхдүүдтэйгээ хамт парадад алхлаа. Сэтгэл их хөдөлж байна. Машинууд зам тавьж өгөнгөө, хүүхдүүдэд баяр хүргэж байгаа нь сайхан санагдлаа. “UB Palace”-ын өмнөх талбайд “Үлгэрийн орон” байгуулж, хүүхэд, багачууддаа төрөл бүрийн амттан, зайрмагаар үйлчлэхээс гадна Баянгол дүүргийн ЕБС-иудын авъяаслаг сурагчдын төлөөлөл урлагийн тоглолтоор бэлэг барьж байна. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 300 гаруй ээж “Алдарт эхийн одон”-гоо гардана. Үүнээс гадна манай дүүргийн хувьд хүүхдийн хоёрдугаар эмнэлэгээ ашиглалтад оруулж, баярын бэлэг барилаа. Өдөрт 200-300 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай, 60 ортой, Герман стандартын тоног, төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон эмнэлэг. Бид 2015 онд хүүхдийн нэгдүгээр эмнэлэгийг ашиглалтад оруулсан. Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэснийг дуулгахад таатай байна. Тус бүрдээ 150 ортой хоёр эмнэлэг маань ид ачааллын үедээ орныхоо тоог 400-500 хүртэл нэмэгдүүлэх бүрэн хүчин чадалтайгаараа онцлог. Түүнчлэн өдөрт 400-600 хүүхдэд үйлчлэх хүчин чадал бүхий "Эмүжин" амбултор эмнэлэг ажиллаж байна. ДЭМБ-аас заасан стандартад 10 мянган хүүхэд тутам 2-4 ор ногдож байвал стандарт хангасан гэж үздэг. Баянгол дүүрэг маань 80 орчим мянган хүүхэдтэй. Тэгэхээр 10 мянган хүүхэд тутам 2-3 ор ногдож байна гэсэн үг. Баянгол дүүрэг анх удаагаа дэлхийн стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлснийг дуулгахад таатай байна. 

    А.Аманда: Скаутад элссэнээр бусдад туслахад суралцаж байна

    /54 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч/

    -Хүүхдийн парадад оролцож, бөмбөр тоглосон. Би скаутад энэ жил элссэн. Скаут болсноороо бусдад тусалж байгаа нь надад сайхан санагддаг. Найзууддаа “Эх үрсийн баяр”-ын мэндийг хүргэе, ээждээ хайртай шүү.

    М.Түвшинзаяа: Ээждээ баярын мэнд хүргэе

    /51 дүгээр сургуулийн 4ё ангийн сурагч/

    -“Урлагийн боловсролыг дэмжих төв”-д хамрагдсанаар бүжиглэж сурсан, олон улсын тэмцээнд оролцож, амжилт гаргасан. Өнөөдөр энэ парадад оролцсондоо маш их баяртай байна. Найзууддаа болон ээждээ баярын мэнд хүргэе.

    Б.Цэрэндорж: Сургуулиа төлөөлж парадад оролцсондоо баяртай байна

    /38 дугаар сургуулийн 10б ангийн сурагч/

    -38 дугаар сургуулиа төлөөлж “Сүлд” багийн 13 сурагч хүүхдийн парадад оролцож байна. Цэрэг, эх орны сэдэвтэй тэмцээнд бид жил бүр амжилттай оролцдог. Энэ тэмцээнд “Сүлд” баг тогтмол оролцож, дүүргийн хошой аварга, нийслэлээс мөнгөн медаль тус тус хүртэж байсан. Ер нь өсвөр үеийнхний дунд цэрэг, эх орны сэдэвт тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа нь маш их ач холбогдолтой гэж боддог. Тиймээс ч өнөөдөр парадад зориулж цэргийн хувцсаа өмссөн.