Бичил уурхайчдыг дэмжихийг хүсэв
    2018 оны 05 сарын 28 нд
    97e7b90d703c36f5d3a9121dc0de609a.jpg

    Монголоо сонсъё нээлттэй өдөрлөг Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Батноров сум болон Бэрх тосгонд үргэлжиллээ. Аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд иргэдтэй уулзаж, шинэчлэлийн бодлогын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсчээ. Мөн иргэдийн дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээн зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Уулзалтын үеэр иргэд тулгамдаж буй олон асуудлын талаар хөндөн ярьж байв. Тухайлбал, 120 сая төгрөгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажлаа орон нутгийн удирдлагууд өөрсдөө нураажээ. Тэр ч бүү хэл орон нутгийн удирдлагууд тендерийг өөрсдөө авч аж ахуй нэгж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хохирол учруулж байгаа гэв. Хэдийгээр тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, шатахууны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа тул энэ нь оновчтой шийдвэр болж чадаагүйг иргэд хэлж байна. Бэрх тосгоны иргэдийн хувьд уул уурхайг дагаж амжиргаагаа залгуулсаар ирсэн. Гэвч Бэрхийн уурхайн үйл ажиллагааг тогтворжуулах, бичил уурхайчдыг дэмжих бодлого хэрэгжүүлэхгүй байгаа учраас ажилгүй, амжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэдийн тоо нэмэгдэж байгааг сануулж байв. Үүнээс гадна орон нутагт архидалт, гэр бүлийн хүчирхийлэл ихэсч байгаад иргэд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байлаа.