Эрх баригчдын бодлого, шийдвэрт иргэд сэтгэл дундуур байна
    2018 оны 05 сарын 28 нд
    a26f3b4268eb75fa0b2900e6ae7a7467.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян орон даяар амжилттай үргэлжилж байна. Ардчилсан намын шинэчлэл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, ард түмнээ сонсох зорилготой эхлүүлсэн аяны хүрээнд ҮБХ-ны гишүүд Монгол орны 21 аймаг 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хүрч ажиллахаар төлөвлөжээ. “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулж буй үндэсний аян Эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас энэ сарын 14-нд эхэлж, албан ёсны нээлтээ Улаанбаатар хотноо 15-нд хийсэн юм. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Хэрэг эрхлэх газрын ажилтнууд, урлаг соёл, эрүүл мэнд, хууль эрх зүйн салбарынхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй баг хамт олон хариуцсан бүс нутагтаа аяныг амжилттай зохион байгуулж, иргэдээ сонссоор байна. Энэ удаад Ардчилсан нам зөвхөн иргэдтэй уулзаад өнгөрөх бус тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлж, сонирхолтой байдлаар нээлттэй өдөрлөгөө зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн үеэр төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн, спортын наадам зохион байгуулж, азтан тодруулж, иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэнд, соёлын үйлчилгээ үзүүлэн, хуулийн зөвлөгөө өгч байгаа нь тэдний талархлыг хүлээж байна.

     

    Хэнтийчүүд орон нутгийнхаа нэрийг “баастсан” гишүүдэд хариуцлага тооцохыг хүсч байна

    Зүүн бүсээс эхэлсэн “Монголоо сонсъё” аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, бусад ажилчдын төлөөлөл бүхий 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймгийн 18 сум, таван тосгонд хүрч ажиллахаар замдаа гарсан юм. Тэд төлөвлөсөн ажлынхаа талаас илүү хувийг хийж, гүйцэтгэсэн бөгөөд өрх бүрийн хаалгыг татаж, тулгамдаж буй бэрхшээл, саналыг сонсч, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж явна. Одоогоор Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Баянмөнх, Баян-Адарга зэрэг сумдад “Монголоо сонсъё” аян амжилттай зохион байгуулагдаад байна. Хан Хэнтий нутгаа төлөөлөн УИХ-д сонгогдсон зарим гишүүд удаа дараа хариуцлага алдаж, ёсзүйн ноцтой зөрчил гаргачихаад байхад өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ авахгүй байгаад иргэд бухимдалтай байгаагаа юун түрүүн хэлж байв. Залуус нь орон нутгийнхаа нэрийг “баастаж”, туршлагатай улстөрчид нь төсвийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд урсгаж, Ононгийн гүүрийг ч барьчихаж чадахгүй байгаад иргэд халаглаж байна. Тухайлбал, Ононгийн гүүрийг барихад шаардагдах дөрөв орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх нь өнөө хэр тодорхойгүй байгаа асуудлыг шийдэж өгөхийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд уламжиллаа. Түүнчлэн хууль бусаар алт олборлож буй асуудал, орон нутгийн удирдлагуудын харалган шийдвэр, намын харъяалал харгалзаж ажилд авдаг байдал, ядуурал, ажилгүйдэл гээд ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтон буйг Хэнтийчүүд хэлж байна.

    Орон нутгийн төсвийн 500 сая төгрөгийг “салхинд хийсгэжээ”

    “Монголоо сонсъё” аян Хангайн бүст буюу Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад амжилттай үргэлжилж байна. Анхдагчдын өлгий нутаг гэгддэг Булган аймагт энэ жил хүндхэн өвөл болж, хавартай золгожээ. Байгаль дэлхий ч гандуу, хүн ардын сэтгэл ч гундуухан байгааг уулзалтын үеэр иргэд хэлж байлаа. Учир нь хүүхдийн мөнгийг алагчлан олгож байгаа, сургууль завсардалт, гэр бүлийн хүчирхийлэл, цалин, тэтгэвэрийн зээлийн дарамт, хүүхдийн хадгаламжаас хүртэл татвар авч буй эрх баригчдын бодлого, шийдвэрийг иргэд эсэргүүцэж байгаагаа хэлж байна. Түүнчлэн малчдын хувьд тэтгэвэрийн асуудал тулгамдаад байгааг иргэд ярьж байсан юм. “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн өөрчлөлтийн дагуу малчид 55 насандаа тэтгэвэрт гарах нөхцөл бүрдсэн тухай сонин, хэвлэлээр рекламдсан боловч бодит байдал дээр огт хэрэгжээгүй байгааг малчид хэлж байна. Үүний зэрэгцээ Орхон, Булган аймагт бүтээн байгуулалт, зам засварын ажил огт хийгдэхгүй байгаа гэв. Тухайлбал, Орхон аймгийн удирдлагуудын тансаглал, гадаад, дотоод зугаалга хэрээс хэтэрснээс бус орон нутгийн хөгжил, дэвшил, иргэдийн амжиргааг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлд дорвитой ажил хийгдээгүйг иргэд цохон тэмдэглэж байв.

    Үүнээс гадна монгол хүн монгол нутагтаа малаа хариулах газаргүй болчихоод байгааг Орхон аймгийн Эрдэнэ, Дэнж багийн иргэд хэлж байна. Тус аймгийн хувьд цагаан тоос тулгамдсан асуудал болж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг ч хэлж байлаа. Үүний зэрэгцээ Орхон аймгийн удирдлагууд хууль бусаар газар олгож, тэр ч бүү хэл наадмын талбайд барилга, орон сууц барих зөвшөөрөл олгосныг эсэргүүцэж байгаагаа уулзалтын үеэр иргэд хэлж байсан юм. Тэр ч бүү хэл өмнөх жил 100 сая төгрөгөөр явган хүний зам тавьсан боловч энэ жил автозамын шинэчлэл нэрийдлээр хуулсан байна. Үүнээч гадна Орхон аймгийн орон сууцны хороололд 7.4 сая төгрөгийн хогийн сав 56 байршилд тавьж, орон нутгийн төсвийн 500 орчим сая төгрөгийг үргүй зарцуулсныг иргэд буруутгаж байна.

    “Монголоо сонсъё” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур сумдад ажиллаж, намын гишүүд дэмжигчид, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийгээд байна. Хөвсгөл аймгийн иргэд, хөдөлмөрчдийн хувьд бэлчээр ашиглалт, уул уурхай, халамжийн бодлого тэгш бус үйлчилж байгаа, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах байдал газар авч байгаа талаар уулзалтын үеэр ярьж байна.

    Эрх баригчдын бүрэн эрхийн хугацаа хэдийнэ талдаа орсон энэ цаг үед Ардчилсан намаас зохион байгуулж буй тус аяныг цагаа олсон ажил болохыг онцлоод хүүхдийн мөнгийг алагчлан олгож буй явдал, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл зэрэг нийгэмд тулгамдаад буй хариулт нэхсэн олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг эрх баригчдаас шаардаж байна. “Хүүхэд бүрт мөнгийг нь яагаад олгохгүй байгаа юм бэ?” гэсэн ганцхан асуултыг уулзалт бүрийн эхэнд тавьж байв. Үүний цаана орон нутагт нүүрлэсэн ажилгүйдэл, ядуурлын асуудал хөндөгдөнө. 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө эрх баригч МАН-ын дэвшүүлсэн “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хэрэгжилт хаана явааг хоёр сумаар ороход л бодит байдал бэлхнээ гэрчилнэ. Энэ мэтчилэн эрх баригчдын амлалт замхарч, бодлого, шийдвэр нь иргэдийн амьдралд бодит үр өгөөжөө өгөхгүй байгааг хэлж байна.

    “Монголоо сонсъё” уриан дор зохион байгуулагдаж буй үндэсний аян нэг сарын турш үргэлжлэх бөгөөд ирэх сарын 15-нд өндөрлөнө. Улмаар бүх тайланг нэгтгэж, ҮБХ-ны хурлаар хэлэлцэн дүгнэх юм. Мөн Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг аяны хүрээнд орон даяар хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгахаар ажиллаж байна. Анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт уялдаа, холбоотой ажиллах, боловсон хүчнийг чадавхжуулах, өнөөгийн эрх баригчдын хийж, хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ард түмний саналыг сонсохоор эхлүүлсэн “Монголоо сонсъё” үндэсний аяны баг, хамт олон Архангай, Төв, Дорноговь, Хөвсгөл, Ховд гээд Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна.