С.ЭРДЭНЭ: ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААР ЗАНИМАЛДАХ ХЭРЭГГҮЙ
    2018 оны 05 сарын 24 нд
    1bc620d5190cec6faf23640c02995a6b.jpeg

    Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийн хамтарсан "Монголын эдийн засгийн форум-2018" өнөөдөр өндөрлөнө. Харин УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "эдийн засгаа босгохын тулд эх орончийн дүр эсгэж, Эдийн засгийн форумаар "занимальдах" хэрэггүй" хэмээн шүүмжиллээ.

     

    Тэрээр энэ тухайгаа өөрийн сошиал сүлжээнд илэрхийлж "Зөв менежмент, улс үндэстийнхээ эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн зарчимч хатуу байр суурь, түүнийхээ төлөө гуйвшгүй байх эр зориг л хэрэгтэй.

     

    Жишээ нь, өнөөдөр Оюутолгойн талаар маш олон зөрүүтэй байр суурь явдаг. Ашигтай, ашиггүй гэх мэт. Нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоох боломжгүй гээд гараа хумхиад суу гэсэн үг биш.

     

    Замын дундаас засч сайжруулаад явах өчнөөн боломж бий. Үүнийг олж харахгүй, эсвэл зориуд олж хараагүй дүр эсгэж байгаа хүмүүсийг бид харж л байна.

     

    Хамгийн тод жишээ бол, Оюутолгойн бодит орлогыг Монголын банкаар дамжуулах тухай УИХ-ын тогтоол байна.

     

    Энэ тогтоолыг гаргуулах болсны учир нь, Оюутолгойгоос өдөрт зуу зуун тонноор нь зөөж байгаа хүдрийн баяжмалын агууламжийг Монголдоо тодорхойлохгүй гаргаж байна.

     

    Энэ нь бид хэчнээн хэмжээний, ямархуу баялгаа гадагшаа урсгаж байгааг хянах боломжгүй болсон гэсэн үг.

     

    Өөрөөр хэлбэл, алт, зэс, мөнгө гэх мэт үнэт метал агуулсан баяжмалыг хилийн цаана гаргаад ангилж ялгаад зах зээлд нийлүүлж байна.

     

    Тэрхүү тонн тонноор нь савласан баяжмалын уут тэр чигээрээ зэс үү, эсвэл алт, мөнгө үү гэдгийг бид мэдэхгүй байгаа нь ямар хэмжээний баялгаа хаана, хэнд, хэдэн төгрөгөөр худалдаж байгааг ч мэдэхгүй байна гэсэн үг. Үүнийг дагаад бид ямар их баялгаа алдаж байгааг тооцох аргагүй.

     

    Бид үүнийг засч залруулахын тулд Оюутолгойгоос орж ирж байгаа бодит орлогыг Монголын банкаар дамжуулах тухай УИХ-ын тогтоол батлуулсан ч, МАН засаг авангуутаа ОУВС-тай хуйвалдаж тэрхүү тогтоолыг хүчингүй болгуулсан.

     

    Эндээс харахад л ОУВС Монгол Улсыг хөгжүүлье, ард иргэдийг нь сайн сайхан амьдралд хүрэхэд нь тусалъя гэсэн сэтгэлтэйдээ туслаад байгаа юм биш.

     

    Харин үндэстэн дамнасан корпорацын эрх ашгийг хамгаалж, монголчуудын Оюутолгойгоос олж болох тэр их орлогыг Засгийн газар, УИХ-д дарамт шахалт үзүүлэх замаар хааж, оронд нь өчүүхэн бага мөнгө зээлж гал унтраах арга хэмжээ авч өгч байгаа төдий байгууллага юм.

     

    Харин манай эрх баригчид үүнийг нь хүлээн зөвшөөрч, хатуу хэлбэл үгсэн хуйвалдаж улсынхаа эрх ашгийг хөсөр хаяж байгаа нь уучилшгүй алдаа" гэжээ.

     

    ЭХ СУРВАЛЖ: WWW.EAGLE.MN