Эрх баригчдад хууль үйлчлэхгүй байна гэв
    2018 оны 05 сарын 23 нд
    5a8ffd338141bd72529157454fdd04ca.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Орхон аймгийн Ардчилсан намын хорооны төлөөлөл энэ сарын 22-нд Баянцагаан багийн 300 гаруй иргэнтэй уулзаж, санал бодлыг нь сонсчээ. Уулзалтын үеэр иргэд гудамжны гэрэлтүүлэг, камержуулалт, үнэтэй хогийн сав, тоосжилт, зам болон эрх баригчдын нүдээ олоогүй шийдвэрүүдийн талаар ярьж байлаа. Түүнчлэн эрх баригч МАН-д хууль, шүүх үйлчилдэггүй талаар гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Тухайлбал, Засаг дарга тэргүүтэй хүмүүс Дээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, ажилд буцаан томилохгүй байгаа нь “Хуулийн дээр мөнх хөх тэнгэр бус Засаг дарга өөрийгөө байдаг” гэж боддогийн илрэл гэж байлаа. Мөн Баянцагаан багаас аймгийн ИТХ-д сонгогдсон Д.Даваадорж, Д.Батлут нарыг тойрогтоо огт ажил хийдэггүй гэв. Иргэд төлөөлөгч Д.Даваадоржийг Улаанбаатар хот руу алга болж, үзэгдэх нь битгий хэл нэрийг нь ч мартах шахсан гэнэ. Харин Засаг дарга Д.Батлутыг "Үнэтэй машин унаж, гадаадаар зугаалж, сошиалаар шоудахгүй төлөөлөгчийнхөө ажлыг хийх хэрэгтэй" гэдгийг сануулж байсан юм.  Уулзалтын үеэр иргэдийн дунд санал хүсэлтийн хайрцаг аялуулж,  эрүүл мэндийн  үзлэг, хөгжөөнт тоглоом, АХА тэмцээн зэргийг зохион байгуулж, аймаг, орон нутгийн хөгжил цэцэглэлт, хэтийн төлөв, тулгамдсан асуудал зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн, хүүхдүүд, багачуудын  дунд тоглоом тоглуулж, амттанаар дайлсан байна. Иргэд “Монголоо сонсъё” аяныг үр дүнтэй арга хэмжээ болж байгааг онцлоод, жил бүр уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй гэлээ.