Эрх баригчдын амлалт замхарч, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн гэв
    2018 оны 05 сарын 21 нд
    09b991f3b7c2199b1d1a028e3a430b15.jpg

    “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт амжилттай үргэлжилж байна. Аяны хүрээнд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, Орхон аймгийн Ардчилсан намын төлөөлөл энэ сарын 19-нд Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг багийн нийт 1000 гаруй иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсчээ. Мөн энэ сарын 20-нд тус аймгийн Баянбулаг, Булаг багийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсов. Уулзалтад 600 гаруй иргэн оролцож, эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлого, тулгамдсан асуудал, Ардчилсан намын шинэчлэлийн талаар санал, бодлоо илэрхийлсэн байна. Иргэд төрийн албаны хууль бус томилгоо, хүнд суртал, чадваргүй боловсон хүчин, ажлын байрны хүртээмж, хүрэлцээний асуудлаар онцлон ярьж байна. Үүнээс гадна Орхон аймагт бүтээн байгуулалтын ажил огт хийгдэхгүй байгааг онцлоод "Аймгийн Засаг дарга, эрх баригчдын гадаад дотоодын аялал зугаалга, тансаглал хэрээс хэтэрч, аймгийн түүхэнд байгаагүй үргүй зардал гаргаж байна" гэв.

    Түүнчлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид суудлын мөнгөө 2.5 дахин нэмэгдүүлж таван саяд хүргэсэн, үйл ажиллагааны зардалд сар бүр 500 мянган төгрөг, тойрогтоо ажиллах нэрийдлээр төлөөлөгч бүр 20 сая төгрөг авч байгаад иргэд бухимдаж байна. Уулзалтын үеэр иргэд төсвийн мөнгийг хэт үрэлгэн зарж, орон нутгийн хөгжлийн төлөө ажиллахгүй байгаад харамсч байгаагаа илэрхийлсэн юм. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө амласан эрх баригчдын “Нэг өрх-нэг ажлын байр хөтөлбөр замхарч, ажилгүйдэл, ядуурал улам бүр нэмэгдэж байгааг иргэд сануулж байлаа. Түүнчлэн орон нутагт улстөржилт хэрээс хэтэрч, жирийн иргэдийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, хохироож байна гэв. Ардчилсан намаас орон даяар өрнүүлж буй энэхүү аяныг иргэд цагаа олсон ажил хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлж, эрх баригч МАН-ыг ард түмнийхээ амьдралыг дэргэдээс нь ирж хараасай, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлээсэй хэмээн уламжилсан байна. Уулзалтын үеэр иргэд санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна, эмчийн үзлэг, хөгжөөнт тоглоом, АХА тэмцээн, хонжворт сугалаа зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. "Монголоо сонсъё" аяны хаалтын үйл ажиллагааг ирэх сарын хоёрны өдөр Амарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ.