“Монголоо сонсъё” аян Сонгинохайрхан дүүрэгт үргэлжиллээ
    2018 оны 05 сарын 21 нд
    90cdb88c0e19ad1d7c30175582bb6517.jpg

    “Монголоо сонсъё” аяны хүрээнд энэ сарын 19-ний өдрийн 12.00 цагт "Саппоро" үйлчилгээний төвийн урд талбайд Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 31 дүгээр хороодын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Үргэлжлүүлээд 13.00 цагт Хархорин үйлчилгээний төвийн талбайд 16, 17, 30 дугаар хороодын иргэдтэй уулзалт зохион байгуулж, Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төсөл, бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэдийн өмнө тулгамдаад буй асуудал, гарц, шийдлийн талаар санал солилцсон байна. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга М.Чинболд тус арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ 2012-2016 онд дүүргийн хэмжээнд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг онцлоод эрх баригч МАН-ын хэрэгжүүлж буй бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ. “Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийн үеэр Сонгинохайрхан дүүргийн харьяалах хороодын иргэдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, элэгний В, С вирусын явуулын шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс гадна “Өөрсдөө үйлдвэрлэе” үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний худалдаа, шатрын тэмцээн, хүүхэд, залуусын дунд “АХА” хөгжөөнт тэмцээн, хонжворт сугалаа зэрэг арга хэмжээ зохион байгуулж, төрөл бүрийн явуулын тоглоом, хөөсөн чихэр, зайрмагаар үнэ төлбөргүй үйлчилжээ. Мөн энэ үеэр залуу уран бүтээлчид ая, дуугаа өргөж, иргэдийн дунд санал, хүсэлтийн хайрцаг ажиллуулсан байна.