​С.Эрдэнэ: Мөнхийн суудал, албан тушаал гэж байхгүй
    2018 оны 05 сарын 21 нд
    24703f65b706ba27710ea3894f22b19f.jpeg

    УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс 2019 оны үндсэн чиглэл, 2019-2021 оны төсвийн төсөөлөл хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим зүйлийг тодрууллаа.

    -Чуулганаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ирэх жилийн төсвийг хэрхэн төсөөлж байна вэ?

    -2019 оны төсвийн үндсэн чиглэлийг хэлэлцэж байна. Энд төсвийн нийт орлогыг 10.99 их наяд төгрөг байхаар төсөөлсөн. Энэ оныхоос дөрвөн их наяд төгрөгөөр нэмэгдүүлж батлахаар оруулж ирсэн байна. Төсвийн задаргааг нь үзэхээр төсвийн сахилга хариуцлага, албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлсэн, төрийн данхайсан бүтцийг цомхотгох чиглэлээр нэг ч үг, үсэг алга байна. Татварын орлогыг маш өндөр хувиар нэмэгдүүлэхээр, уул уурхайн түүхий эдийн үнийг бүрэн тооцоогүй, орлогоо буруу тооцсон байна. Тэдэнд нэг заль бий л дээ. Тэр нь орлогоо багаар, зарлагаа өндөр тооцдог. Ингэхээр төсвийн орлого давж биелэсэн гэж харагддаг. Давж биелүүлсэн гэдэг нэрээр дураараа дургидаг. Энэ бол байж болохгүй асуудал. Монгол Улсын төсвийн тухай хуультай. Улс орон тухайн жилдээ юу өмсөх, юу идэх, хэрхэн галаа түлх үү гэдгээ шийдэх гол асуудал. Гэтэл эрх баригчид үүнд хөнгөн хандаж, ард иргэдийн эрх ашгийг хөндөн, тодорхой бүлэг нөхдүүдийн тансаглалд тааруулах зорилгоор, төсвийг захиран зарцуулах гэж байгаа үйлдэл бол маш буруу.

    -Ирэх жилүүдэд хангалттай орлого олохоор байгаа ч орлогоо маш багаар төсөөлж байна гээд байгаа. Энэ үнэн үү?

    -2019 онд төсөв мөн л алдагдалтай байхаар байна. Төсвийг зориуд алдагдалтай баталж, алдагдал дээр нь тоглолт хийдэг хүмүүс. 2019 онд маш олон хөрөнгө оруулалт тавьсан байна лээ. Хөрөнгө оруулалтын ард тендер, тендерийн ард авилга, луйвар явдаг. Тендер бүр тийм биш ч дийлэнх нь авлигатай ямар нэгэн байдлаар холбогддог. Одоогийн тендерийн хуулийг өөрчлөхгүй бол авлига, хээл хахууль хэзээ ч зогсохгүй. Тиймээс Тендерийн хуулийг яаралтай өөрчлөх хэрэгтэй.

    -Хүүхдийн мөнгийг 100 олгох Ерөнхийлөгчийн санал, 80 хувь олгох Засгийн газрын саналыг нэгтгэн хэлэлцэж байгаа. Ажлын хэсэг ч байгуулсан. Танай нам хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэж яриад байдаг. Гэтэл ОУВС 80 хувь олгоно гэдэг байр суурьтай байгаа гэсэн. Энэ асуудлаар та байр сууриа илэрхийлэхгүй юу?

    -Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлыг хурдан шийдэх боломж байгаа. Гэтэл улстөрийн зорилгоор ч юм уу ямар ч учиртай юм 80 хувьд нь олгоно гэж яриад байна. НҮБ-ын Хүүхдийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглосон конвенцод нэгдсэн. Гэтэл ямар айлын ямар аав, ээжийн хүүхэд болж төрснөөрөө ялгаварлагдаж байгаа нь конвенцыг зөрчиж байгаа хэрэг. Орлого, зарлагаа зөв тооцоод явбал хүүхдийн мөнгө байтугай асуудал шийдэж болохоор байна. Тухайлбал, 2017 оны төсвийн давсан орлогоос үлдсэн 55 тэрбум  төгрөгийг юунд зарцуулахаа  мэдэхгүй нэг хэсэг юм болсон. Тэгж, тэгж төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал гэж 300 мянган төгрөг олгосон. 300 мянган төгрөгийн урамшуулал өгснөөр юу шийдэгдээд, юу үлдсэн  бэ гээд үзэхээр юу ч байхгүй. Урамшуулал авсан хүмүүсээс асуувал “юу билээ. Нээрээ тийм мөнгө өгсөн билүү” гэж л ярих байх. Тэгэхээр тэр 55 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд өгсөн бол 100 хувь олгох боломж байсан. Энэ онд гэсэн өгөх боломжтой. 

    -ОУВС-гаас хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох байр суурьтай байгаа учраас 100 хувь болгон нэмэгдүүлэх боломжгүй гэдэг дүгнэлтийг Ажлын хэсэг гаргасан байсан?

    -Ардын нам олонхоороо эрх барьснаас хойш хоёр жил өнгөрлөө. Энэ хугацаанд эрх баригчдын зүгээс гарт баригдах ямар ч ажил хийсэнгүй. Эдийн засгийн, төрийн бүтцийн ямар ч өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэнгүй. Ардын намын 2016 оны амлалтаас өнөөдөр бодит үр дүнтэй ажил нэг ч алга. Эрх баригчид болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ Олон улсын валютын сан гэх байгууллага руу чихдэг ажлаа л сайн хийж байна. Хүүхдийн мөнгийг зуун хувь олгож болохгүй гэж ОУВС-гийнхан хэлсэн гэж Засгийн газар яриад байгаа. Хэрэв зуун хувь олговол ОУВС хөтөлбөрөө татна гэсэн зүйлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлж байсан. Манай намын бүлгийн гишүүд хэдхэн хоногийн өмнө ОУВС-тай уулзаж, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, боломж бололцооны тухай ярилцсан. Энэ үеэр үнэхээр “та нөхдүүд манай улсын Засгийн газартай дээрх асуудлаар ярьж тохиролцсон юм уу” гэж асуусан. Гэтэд ОУВС-гийнхан “үйл ажиллагаа, дотоод асуудлаа танай Засгийн газар хэрхэн зохицуулах нь бидэнд хамаагүй. Бид танай дотоод асуудалд оролцож, ямар нэгэн тоо, хувийн талаар яриагүй” гэж хэлсэн. Үүнээс харахад манай Сангийн сайд худалч юм байна, эсвэл ОУВС гэж худлаа ярьдаг байгууллага юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Аль нь худлаа яриад байгааг цаг хугацаа харуулна биз дээ. Хүүхдийн мөнгийг зуун хувь олгох олон боломж, бололцоо энэ Засгийн газарт бий. Тухайлбал, энэ төрийн данхайсан бүтцээ цомхтгоод, үрэлгэн зардлаа танаад ч юм уу, эсвэл дэд сайд нарынхаа тоог цөөлөх аргаар хүүхдийн мөнгийг олгох хөрөнгийг бий болгож болно. Зөвхөн хүүхдийн мөнгө биш. Гадаа талбай дээр жагсч байгаа эмч, багш нарынхаа цалин хөлсийг нэмэх, 380 мянган ахмадынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудал байна шүү дээ. Энэ олон ажлуудыг яагаад шийдвэрлэж, чадахгүй байгаа юм бэ. Сонгуульд ялж гарч ирснээс хойш хоёр жил өнгөрлөө, эрх баригчид аа. Нөгөө сайхан амлалт хаана байна. Ийм байдлаар цаашид явж болохгүй юм. Эрх баригчдад хэлэхэд мөнхийн суудал гэж байхгүй. Удахгүй эрх баригчдаас ард түмэн амлалт, ажлын тайланг нь нэхнэ. Тэр үед мөн адил хариуцлагын асуудал яригдах болно. Тийм учраас аливаа улс төрийн хүчин хариуцлагатай л байх ёстой.

    -МАН-ын Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааны 50 хувийг өнгөрөөлөө. Энэ хугацаанд хэдэн айл орон сууцтай болж, хэдэн км зам тавьсан вэ?

    -Ипотекийн зээл зогсоод хоёр жил болж байна. Гэхдээ ар, өврийн хаалгаар хэдэн айл энэхүү зээлд хамрагдаж л байгаа байх. Яг жирийн иргэн ипотекийн зээл авъя гэхээр нөхцөл нь маш хүнд байгаа. Ер нь түрүүчийн дөрвөн жилд эхлээд дуусгаагүй байсан зам, барилга байгууламжийг одоогийн Засгийн газар ашиглалтад оруулж байна. Энэ бол Засгийн газрын хийсэн ажил биш. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлээд эхэлчихсэн ажил. Гэтэл эдгээр ажлуудыг эрх баригчид өөрсдөө эхэлж хэрэгжүүлээд хийж дуусгасан мэтээр олон нийтэд гайхуулж байна. Ийм арчаагүй байж болохгүй. Ер нь энэ Засгийн газрын хийсэн ажил, явуулсан бодлогын бодит тоо баримт, судалгааг бид хийж байгаа. Удахгүй гаргах болно.

    -Хүүхдийн мөнгийг 15-20 хувь нь огт авдаггүй гэсэн судалгааг Засгийн газраас гаргаад байгаа. Тиймээс хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүмүүст олгох ёстой гэсэн санал ч гарлаа?

    -Хүсэлт гаргасанд нь олгох гаргалгааг энэ Засгийн газар гаргачихсан юм биш. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан. Өмнөх Засгийн газрын үед нийт хүүхдийн 5-10 хувь нь авдаггүй л байсан. Гол нь хүүхдийн мөнгө бол халамж биш юм аа. Хүүхдийн мөнгийг зориулалтаар нь төгс ашиглахын тулд тухайн үед Сангийн сайд байсан Улаан, бид хоёр санаачилгаар хуульд нэг заалт нэмж байсан. Тэр нь хүүхдийн мөнгөний үлдэгдэл буюу аваагүй хэсгээс үлдсэн хөрөнгийг төсөвт буцааж төвлөрүүлэхгүйгээр хүүхэд хөгжлийн зориулалтаар ашиглана гэдэг заалтыг оруулсан юм. Энэхүү бодлогын буянд хүүхдийн олон зуслангуудыг хөрөнгө оруулж, заслаа, тохижууллаа. Өнөөдөр төрөөс хүүхэд хөгжлийн талаар авч хэрэгжүүлж, хөрөнгө хаяж байгаа ямар ажил байгаа юм. Нэг ч ажил байхгүй байна. Тийм учраас өнөөдөр хүүхдийн мөнгийг үлдэгдэл буюу аваагүй хэсгийн хөрөнгийг төсөвт буцааж татах биш, хүүхэд хөгжлийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлдэг байх ёстой.

    Эх сурвалж: itoim.mn