С.Эрдэнэболд: “Монголоо сонсъё” аяны хүрээнд үзэл баримтлалын төслөө хэлэлцүүлнэ
    2018 оны 05 сарын 17 нд
    1106d3df4377091eb90ea3dbf669f086.jpg

    “Ардчилсан залуучуудын холбоо”-ноос /2018.05.16/ “Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төсөл”-ийг танилцуулах сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь “Монголоо сонсъё” аяны хүрээнд орон нутагт ажиллах сургагч багш нарт “Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төсөл”-ийн тухай мэдээлэл хүргэж, харилцан санал солилцох зорилготой байв. Ардчилсан намын Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүд болох Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан, “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд, эдийн засагч, судлаач О.Эрдэнэ-Өрнөх, хуульч Х.Номингэрэл нар тус сургалтад оролцогчдод Үзэл баримтлалын шинэчилсэн төслийн танилцуулгыг хийж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Энэ үеэр “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой цөөн хором ярилцлаа.

    -Өнөөдөр Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг танилцуулах сургалт зохион байгуулагдаж байна. Улстөрийн намуудын хувьд чухалд тооцогдох хэд, хэдэн зүйлс бий. Эдгээрээс Үзэл баримтлал яагаад чухал гэж?

    -Үндсэн таван зүйл байгаа юм. Нэгдүгээрт, намын Үзэл баримтлал, хоёрдугаарт Үндсэн дүрэм, гуравдугаарт хүний нөөц, дөрөвдүгээрт санхүүгийн ил тод байдал, тавдугаарт оролцоо. Эдгээрээс Үзэл баримтлал яагаад чухал юм бэ гэхээр дээр дурдсан зүйлс бүгд л чухал. Гэвч үзэл баримтлал бол намын философи юм. Улстөрийн нам ямар ч тохиолдолд парламентийг бүрдүүлэгч институци шүү дээ. Парламент нь хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Харин улстөрийн нам бол хууль тогтоох, гүйцэтгэх хоёр институци руу хүний нөөцийн бэлтгэлийг хангаж байдаг. Цаашилбал, бодлогын болон стратегийн бэлтгэлийг хангадаг. Тиймээс Монгол Улсад бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний хамгийн том институци бол парламент. Энэ институци бодлогоор бэлтгэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, нам өөрөө бодлогод суурилсан институцитэй байх ёстой. Хэрэв 76 тойрог 76 бие даагчаас бүрдчихвэл хариуцлагагүй, институцын соёлгүй болно. Улс орныг хөгжүүлэх гол институци нь парламентийн засаглал юм бол тэр бодлогын залуур дээр сууж байгаа парламентийг бүрдүүлэгч нь улстөрийн намууд юм. Намууд институцитэй байхын тулд алсын хараа буюу Үзэл баримтлал нь улсын хөгжлийг зөв гольдролоор явуулахад төвлөрөх учиртай. Тиймээс намын үзэл баримтлал гэдэг бол зөвхөн намын дотоод асуудал биш. Харин дүрэм бол намын дотоод асуудал, тийм үү. Нийгэмд ямар манлайлал үзүүлэх гэж байгаа юм, ямар суурь зарчмуудыг, тулгуур бодлогуудыг баримтлах гэж байгаа юм, тэдний үнэт зүйл юу юм бэ. Хэзээ ч гишгэж болдоггүй улаан шугам нь тухайн намын хувьд юу юм, хэзээ ч урваж, ганхаж болдоггүй үндсэн зарчим нь юу юм бэ гэдгийг тодотгодог зүйл бол Үзэл баримтлал гэсэн үг. Намуудын хөгжил, төлөвшил нь Үзэл баримтлалын төлөвшлөөс маш их хамаардаг. Яагаад гэхээр сайн Үзэл баримтлалтай хэрнээ түүнийгээ хэрэгжүүлэхгүй байвал нэг өөр, эсвэл тааруухан хэрнээ санаанд таарсан зүйлсээ хийгээд явах нэг өөр. Харин сайн суурьтай үзэл баримтлалтай, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг институци болж төлөвшинө гэдэг бол улстөрийн намуудын хувьд маш чухал. Энэ бол зөвхөн Ардчилсан намд ч хэрэгтэй юм биш, бусад улс төрийн намуудад ч хэрэгтэй. Ардчилсан нам үүн дээр манлайлж оролцъё л гэж байгаа юм.

    -Үзэл баримтлалын шинэчилсэн төслийг “Монголоо сонсъё” аяны хүрээнд бүх нийтээр хэлэлцүүлнэ. Иргэдийн саналыг хэрхэн тусгах вэ?

    -Ардчилсан намын шинэчлэл 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэ хүрээнд намынхаа үзэл баримтлалыг шинэчлэхээр ажлын хэсгүүд байгуулагдаад ажиллаж ирлээ. Одоо дөрөв дэх ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ нь өмнөх ажлын хэсгүүд муу байсан гэсэн үг биш. Ажлын хэсгүүд нь мэргэжлийн хүмүүс, судлаачдаар өргөжин, тэлсээр төслүүдээ нэгтгээд хамгийн боломжит хувилбар дээрээ тогтоод байна. Энэ хувилбарыг бид “Монголоо сонсъё” аяны хүрээнд бүх нийтээр хэлэлцүүлж, иргэд болон судлаачдын санал, бодлыг тусгана. Улмаар Ардчилсан намын Их хурлаар оруулж, батлагдсаны дараа ирэх оны эхний улирал гэхэд эцсийн хувилбар гарах болов уу гэж харж байна. Өнөөдрийн сургалтад 60 орчим хүн оролцсон. Бид сургагч багш нар бэлтгэж байгаа юм. Зөвхөн сонгуулийн үеэр гэнэт гарч ирээд ярьдаг бус тогтмол нийгмийн зөв хандлага, үнэт зүйлийн төлөө дуу хоолойгоо илэрхийлдэг сургагч багш нарыг бэлтгэх зорилготой.